УИХ-ын дарга Г.Занданшатар Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзав

2023 оны 08 сарын 25

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.08.24) Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Төсвийн байнгын хорооны дэд дарга Ё.Фүрүкава тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дэд дарга Ё.Фүрүкава тэргүүтэй Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзаж байгаадаа таатай байна гээд Монгол Улс, Япон Улсын харилцааны шинэ тавины босгон дээр Япон Улсад албан ёсны айлчлал хийсэндээ баяртай байна гэж уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын хүн амын тоо, тэр дундаа улс төр, нийгэм дэх залуу үеийн төлөөллийн оролцоо, гадаад дотоодын геополитикийн нөхцөл байдлаас улбаалан Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Үүнтэй нийцүүлэн бид Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг шинэчлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Япон Улсын Парламентын сайн туршлагыг судалхаар ажлын хэсэг байгуулагдсан болохыг дуулгав.

Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Төсвийн байнгын хорооны дэд дарга Ё.Фүрүкава Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, Япон Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой 2022 онд тохиосныг дурдаж, дараагийн 50 жилийн босгон дээр Монгол Улсын Их Хурлын даргын айлчлал чухал ач холбогдолтой болсон. Энэхүү айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Осака Сэйжи нь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүнээр ажиллаж байсныг дурдаж, энэхүү завшааныг тохиолдуулан Төсвийн байнгын хорооны дэд дарга Ё.Фүрүкава болон Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Накаяма Норихиро нарыг Япон, Монголын найрамдлын бүлэгт нэгдэхийг уриалав.

Талууд Монгол, Японы харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын ард түмний төлөөлөл болсон парламент хоорондын хамтын ажиллагаа болоод цаашдын харилцааг эдийн засаг, уул уурхай, хөрөнгө оруулалт, боловсрол, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top