Зуун жилийн дараа дахин сэргэж буй хамжлагат ёсны тухай

2023 оны 08 сарын 27

Монголын “Ногоон Загалмай нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, хөрс судлаач, нийтлэлч, доктор Ш.Пүрэвсүрэн агсан таалал төгссөн харамсалтай мэдээ бидэнд ирлээ. Тэрээр таван тивийн 50 гаруй орноор аялж, сонин сэтгүүлүүдэд дурдатгал тэмдэглэл бичиж, 20 гаруй оронд зохиогдсон эрдэм шинжилгээний олон улсын хурлуудад илтгэл тавьж, эрдэм шинжилгээ, судалгааны 200 гаруй нийтлэл, 20 ном бичиж нийтлүүлсэн эрдэмтэн байлаа. “Миний орчлон ХХ зуун”, “Шөнө дундын нарны орон”, “Цэнхэр гаригийн сонин”, “Алдар сууд хүрэх зам” зэрэг бүтээлүүд нь шилдэг номоор шалгарч, Дэлхийн банкны санхүүжилтээр хот хөдөөгийн сургуулийн номын сангуудад үнэ төлбөргүй тараагдаж байв. Мөн маршал Ю.Цэдэнбалын тухай манай сэтгүүлчид өгсөн ярилцлага нь олон хүнд хүрч, хэлэлцүүлэг болон өрнөж байсан билээ. Түүний хамгийн сүүлд манай сонинд ирүүлсэн нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.


Монголчууд бид хамжлагын хар дөнгөнөөсөө салаад яг 100 жил болж байна. 1921 оноос эхлэн шат дараалсан үйл явдлуудын үр дүнд бид хамжлага хэмээх хоцрогдлоос ангижирч, дундад эриний балар харанхуй зуунаас XX зуунд дэвшин орох цаг үеийнхээ хөгжилтэй хөл нийлсэн том алхмыг Буурал даргын бүтээн байгуулсан социалист нийгмийн үр дүнд хийж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. 1911 оны үйл явдлыг эрх чөлөөний хувьсгал хэмээн эндүүрэгсдийн тоо өдрөөс өдөрт өсөх төлөвтэй. Ингэж ойлгодог залууст ганцхан зүйлийг сануулъя. 1911 оны үйл явдал бол Монголчууд тусгаар тогтнолоо анх дэлхий нийтэд зарласан явдал байсан гэвэл үнэнд илүү нийцэх болов уу. Түүнийг маань харамсалтай нь түвдүүдээс өөр хэн ч тоогоогүй. Тухайн явдлаас хойш дөрөвхөн жилийн дараа 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрээр энэ тусгаар тогтнолыг маань үгүй болсон. 1919 онд манай ноёдын хүсэлтээр Хятад цэрэг зэвсэглэн орж ирж бүр нухчин дарсан энэ тэр гээд яриад байвал зөндөө их юм бий. Харамсалтай нь эдгээр  үйл явдлуудыг манай улс төржсөн түүхчид  дурсах ч үгүй явсаар шинэ зуунтай золгосон билээ.

Хамжлагат ёс гэж юу яриад байгаа юм гэвэл хүн амын тодорхой хэсэг нь ямар ч эрх мэдэлгүй, эрх чөлөөгүй, эзэд нь тэдний хүч хөдөлмөрийг нь сорон мөлждөг, эздийн уур хүрсэн үедээ зодож занчиж, хүчирхийлж, хамжлагаас оргож зугатаасан ч очих газаргүй, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу орчлонд аж төрөх ёсыг хэлдэг юм. Барууныханд бөөн бөөнөөрөө гинжлүүлж, адгуус аятай зарагдаж явсан Африкийн хар боолуудаас зарим талаараа арай дээр юмуу даа.

XVII зууны дундаас Англид хөрөнгөтний хувьсгал гарснаар Европт дахин сэргэлтийн эрин өрнөж, харин хамжлагат ёстойгоо зууралдан үлдсэн мань мэт нь олны хөлөөс хол хоцрогдон гээгдсэн байдаг. XX зууны хамгийн том үйл явдал бол хүн төрөлхтөн хамжлагат ёс, боол болон колонийн нийгмээс салсан явдал.

Манайд ноёрхож байсан хамжлагын хуулинд “5 үхрээс дээш мал бүхий айл, 20 хонь бүрт 1 хонь, 2 үхэр бүхий хүнээс 6 тогоо амуу ав” гэх мэтээр зааж өгсөн байдаг юм билээ. Энэ хууль яаж хэрэгждэг байсныг Ц.Дамдинсүрэн гуайн зохиолоор хийсэн “Гологдсон хүүхэн” киноноос бид харсан даа. Мөн зарим хошууны ноёд хятад худалдаачдад ихээхэн өр тавьж тансаглачихаад, түүнийгээ хамжлагын албатуудаасаа гаргуулдаг байсныг эсэргүүцсэн ард Аюушийн “Цэцэг нуурынхны” хөдөлгөөн байна. Хамжлагын эздэд ээлж халаа гэж байхгүй,  хамжлагууд нь эзэндээ хичнээн дургүй байлаа ч юу өөрчилж чаддаггүй байсан. Харин ардын засаг тогтсон 1923 онд “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”, “Монголын олон засаг ба засаг бус ван гүнгийн эрх хэмжээний дүрэм” баталснаар хамжлагат ёсыг халах эрх зүйн орчин бүрэлдсэн юм билээ. Гэвч энэ шийдвэрийг ямар ч татвар гувчуур өгдөггүй байсан эрх ямбатнууд мэдээж  эсэргүүцсэн.

Нөгөө талаас хамжлагат ёсыг үзэн ядаж, өширхсөн баахан залуус дарлалын дөнгөнөөсөө мултарсандаа хөөрөн   “Бошгыг халах” эвлэл буюу бидний үеийхний сайн мэдэх МХЗЭ-д элсэн орцгоож, эр эмгүй үс гэзгээ тайруулан дөнгөж бүрэлдэн тогтож байсан шинэ засгийн мундрыг нь ёстой нэг хутгаж байлаа. Яагаав нөгөө “Тунгалаг Тамир” кинон дээр  согтуу Галсан Итгэлт баян дээр давхиж ирээд “Чи муу Фиадл, миний цусыг сорж байсан хувалз гэж” хэмээн шүлс амаа үсчүүлэн агсам тавьж байдаг даа. Уг нь Итгэлт мэтийн баячуудын “буянд” Ням гуай, Галсан, Дулам, Эрдэнэ, Долгор мэт хамжлага ардууд мянга мянгаараа зуу зууныг дамжин амьдарч байлаа. 

Хамжлагат ёсыг халсны дараа Коминтернийхний заавраар хийсэн засаг захиргааны шинэчлэл Монголчуудын хувьд цоо шинэ зүйл болсон юм. Уг зааврын дагуу  1923 онд  тэр үед байсан 80 хошууг жижиглэн 600 гаруй сум, 2000 гаран баг болгосон ба халх дөрвөн аймаг, 2 хязгаарыг таван аймаг болгоод, хуучин нэрүүдийг нь өөрчилж, Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг, Сайн ноён ханыг Цэцэрлэг мандал уул аймаг, Сэцэн ханыг Хан Хэнтий уулын аймаг, Засагт ханыг Хан Тайшир уулын аймаг, Дөрвөд хоёр аймгийг Ховдын хязгаартай нийлүүлж Чандмань уулын аймаг гэхээр болж байжээ. Энэ зун 100 жилээ нижгэр тэмдэглэхээр тал тал тийшээ хандивын эрэлд мордох сумдын засаг ноёдын сэтгэл одооноос гэгэлзэж л  байгаа.

1924 оны анхны үндсэн хуулийн дагуу хуучин хамжлага, зарц байсан ардууд ихэс ноёдын адил засаг мэдэлцэх эрхтэй болж, хошуу, аймгийн чуулган буюу одоогийнхоор ИТХ-ыг бүрдүүлсэн байдаг. Ингэж анхны сонгуулиар хошуу чуулганы төлөөлөгчидийн  дотор хамжлагын эзэн нь зарцтайгаа хамт зэрэгцэн сууж сонгож, сонгогдож эхэлсэн. 1932 оны эсэргүү бослого, хил даван нүүсэн 30 гаруй мянган иргэдийн их дүрвэлт ч хамжлагат ёсны тэмцлээс үүдэлтэй байсан юм. Тэгвэл өнөөдөр МАН, АН гэлтгүй улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн буурал түүхийн тоосонд хоцрогдож гээгдсэн хамжлагат ёсыг дахин сэргээж байна аа. Нийгмийн  доторхи баян ядуугийн ялгаа улам ихэссэнээр дээдэс нь доодсоо хүний зэрэгт үл үзэх  үзэл хүртэл бий болчихлоо. Ямартаа л “улныхан” гэдэг нэр томьёо гарч байхав. Нөгөө талаас доодос нь дээдсээ үзэн ядах, хандлага бий болоод  байгаагийн учир цондонг нягтлан үзвэл:

Нэгдүгээрт

Хамгийн аймшигтай нь Маркс Энгельсийн сургаалиар өссөн бидний удам угсаа нийтээрээ хөрөнгө мөнгийг шүтсэн амьдралын хэв маягт эргэлт буцалтгүй шилжчихлээ.  Шинэ маягийн хамжлагын энэ  нийгэмд хүмүүс нэгнээсээ ичих татах, нэр хүндээ хайрлах, эртний нандин ёс заншлаа тун хурдан гээж байна. “Хүн нэрээ, тогос өдөө”, “Нэр хугарахаар яс хугар” гээд хэлбэл одоогийн залуусд мань мэт нь хуучирсан хоцрогдсоноороо загнуулах нь холгүй  байна.

Хоёрдугаарт

Шударга ёсны наад захын хэм хэмжээ алдагдаж, хууль шүүх хэв журам сахиулагчид нь эрх мэдэл, хөрөнгөтэй хамжлагын ноёдын талд улаан цайм үйлчилдэг болов. Тэдний үйл ажиллагаа иргэдийн хяналтаас гарч, ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэцгээж байна даа. Хууль шүүхээс ангид оршдог “халдашгүй дархан эрхтнүүд” ч бий болов. Ерэн оны хувьсгалаар биднийг гошгоруулж байсан шударга ардчилсан биш шуналтнуудын хамжлагат  төрийн тогтолцоо нэгэнт бий болсон байна.

Гуравдугаарт

Төрийн өндөрлөгт шинэ үеийн хөрөнгөтнүүд зүү орох зайгүй болтол шавжээ. Түрүүч нь бүр үр хүүхдүүддээ өвлүүлээд эхэлчихсэн байна. Албаны  эрх мэдлээ хөрөнгөө арвижуулах арга зам болгон ашиглах явдал өдрөөс өдөр ирэх тусам гаарч бүр улаан цаймдаа орсныг  саяын нүүрсний хулгайгаар харлаа. Концесс ч гэнэ үү оптек ч гэнэ үү ухаарч ойлгох нь бүү хэл хэлэхээс хэл халтирмаар хачин хачин гэрээ хэлцлүүд нууцын түвшинд явагдаж, хамжлагат төрийн ноёдууд эх орны маань өнгөтэй өөдтэй бүхнийг хайр найргүй, бөөн бөөнөөр нь хусдаг болжээ.

Нам гэгдэх эх захгүй эрх мэдэлтэй хөрөнгөтнүүдийн эвслүүд төрийн эрх мэдлийн төлөө галзуу ноход мэт уралцдаг болов. Энэ нохдууд наанаа том том намын нэртэй боловч, цаанаа бүгд түрийвч нэгтэй товарищууд. Намын далбаан дор хэн нэг эрх мэдэлтнийг дагаж, Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлдгээр чухам “хөлийнх нь өсгийнөөс хүзүүнийх нь хонхор хүртэл юутай хүүтэй нь” долоож байж баялагаас бага ч болов хүртэх гэсэн адгийн муухай эрмэлзлэл залуусын дунд түгээмэл болж байгаа нь алсдаа арчаад арчаад арилдаггүй  нийгмийн асар том гамшиг болно.

Ард олныг сонгуулийн утсан хүүхэлдэй гэж хардаг, тэдний саналыг нь хуурч, залилж, хошгоруулж авдаг хэсгийг хамжлагынхаа харьяанд байлгах сонирхол нэлэнхүйдээ хавтгайрч, хот, аймаг сумдын хурган дарга нарын хооронд алалдаан болж байна. Хэдэн жилийн өмнө нэгэн яамныхан албан тушаалын төлөө бие биенээ нүдэж байгаад амийг нь таслахад бид үүнийг байдаг л явдал хэмээн хүлээн зөвшөөрч, хоёр гараа өргөн бууж өгсөн.

Эцэст нь

Өнөөдөр хамжлагын хөрөнгөтнүүд нийгмийн баялагийг луйвардан дээрэмдэж, эрх мэдэл, авилга хоёр нэг зоосны хоёр тал болжээ. Эдгээр олигархууд уул уурхайн лицензүүдээс авахуулаад хамгийн их ашиг олдог архи пивоны компаниудыг ч хүртэл хуу хаман гартаа оруулсан байна. Арилжааны  банкнууд дахь хадгаламжийн 90 хувийг хүн амын 3-5 хувь нь эзэмшдэг гэсэн судалгаа ч байдаг. Гадаадад байршуулсан тэдний оффшор данснууд руу манай дотоодын нийт бүтээгдэхүүнээс хэд дахин их баялаг урсан орж, эдийн засгийн хямралын хамаг ачааллыг нийгмийн үнэмлэхүй олонхи болсон дунд болон доод давхаргынхан үүрч байна. Хөрөнгөлөг эрх мэдэлтнүүдэд  эдийн засгийн хямрал бүр нийтийг айлгаж байгаад ковидоос ч хүртэл ашиг олдог болжээ. Ард олны ашиг орлогыг нэмэгдүүлж байх ёстой нүүрс, төмөр, алт, жонш гээд газрын баялаг хамжлагын эздийн гарт аль хэдий нь орчихсон. Жирийн иргэд болгон татвар төлдөг байхад хамжлагын эзэд татварын өршөөлийн хууль гэгчийг ч гаргаж,  харьяа компаниудаа татвараас чөлөөлжүүлж байсан нь Монголын буурал түүхэнд арилшгүй хар толбо болон үлдлээ. Хэрэг хуучирдаггүй, хэрээ цайдаггүй гэдэг дээ. Бадарчин баярлах болоогүй ээ, хэзээ нэгэн цагт энэ булай хэрэг сөхөгдөж л таараа. 

 Хамжлагын төр түмэн олныг талжсан, эв нэгдэлгүй улс төрийн утсан хүүхэлдэй болгон байлгах сонирхол улс төрийн бодлогын хүрээнд явагдаад байгааг мэдэж анзаарч байгаа хүн бидний дунд олон байгаа , “төрийн төлөө оготно боож үхэв” гэж амиа хоохолцгоон өөрсдөө л болж байвал өндөг мэт дуугүй  явцгаадаг болсон байна. Бидэнд өмнөд хөршүүд шиг, солонгосчууд шиг эв нэгдэл даанч алга.  Хэвлийдээ агуулсан их эрдэнэсээрээ юутай ч зүйрлэшгүй  эх орны маань их баялаг цөөн тооны улс төр, эдийн засгийн олигархуудын халаасыг түнтийлгэж, хулгайлсан тэр их мөнгө гадагшаа урсан “оффшор” бүсэд дэлхийн баячуудын банкинд түгжиж байгаа нь даанч харамсалтай юм аа. Мөнгөө хураалгачихсан,  төмсгөө базуулчихсан, хамжлагат төрийн  удирдагчид эрх мэдлээ алдахгүйн тулд хүссэн ч хүсээгүй ч тэдний утсан хүүхэлдэй болж, улс орноо нохойн зам руу аажмаар оруулж байгааг бид анзаарахгүй байна гэж үү?

Ийм л шинэ цагийн зүсээ хувилгасан хамжлагын нийгэмд бид өнөөдөр амь зууж байна. Арай л Африкийн боолчуудын араас орж, эздийнхээ хатгаасаар зэвсэг агсан хоорондоо байлдаад эхлэхгүй байгаа даа, бүү үзэгд.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(43.242.243.129) 2023 оны 08 сарын 31

Бидэнд үндэсний эв нэгдэл...маш чухал. Удирдан манлайлах шинэ хүчин шударга дайчин зоригт удирдлага хэрэгтэй ыолчоод байна.\nЭнэ нийгмийн завхрал гажуудал энэ мэт удаан үргэлжилвэл ямар гамшигт хзрэх нь ойлгомжтой.\n

0  |  0
МУ иргэн(182.221.237.151) 2023 оны 08 сарын 31

Тэмдэглэн үлдээсэн энгийн эгэлгүй танаа болон түмэнд түгээж буй редакцын хамт олонд гялайлаа.

1  |  0
Уншигч(194.230.144.134) 2023 оны 08 сарын 28

Өглөөний сонинд их баярлалаа. Яг үнэнийг өгүүлжээ\nЭмээгийн маань ярьдагтай яг таарч байна

0  |  0
Уншигч(194.230.144.134) 2023 оны 08 сарын 28

Өглөөний сонинд их баярлалаа. Яг үнэнийг өгүүлжээ\nЭмээгийн маань ярьдагтай яг таарч байна

0  |  0
З(66.181.160.91) 2023 оны 08 сарын 28

Үнэнийг хүргэсэн Өглөөний соонинд баярлалаа

2  |  0
Долгордулам(66.181.161.252) 2023 оны 08 сарын 29

Бодит нөхцөл байдалд нийцсэн мэдээлэл өгсөн сонины рeдакц нартаа их баярлалаа.

4  |  0
Уншигч(66.181.183.176) 2023 оны 08 сарын 28

Хүн төрлөхтний түүх байнга давтагдаж байдаг тамын тогоо юм чинь нэг л цагт нөгөөх октябрь могтябрь шиг нь юм болно. Нийгмийн үзэгдлийн давтамж улам ойртож байгаа өнөө үед тун удахгүй нэг бантан зуурна даа.

0  |  0
Арчаагүй муу өвгөн(66.181.183.176) 2023 оны 08 сарын 28

Миний хувьд яг л үнэнийг өгүүлжээ. Бичсэн эзэн, нийтэлсэн Зиндаа, Өглөөний сонин, дэмжсэн хүмүүсд талархаж буйгаа илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөе. Сайн үйлс улам улам дэлгэрэх болтугай.

1  |  0
Ахмад(66.181.182.117) 2023 оны 08 сарын 28

Байлдаж байж л энэ капитализмийн хар хорноос салах болов уу. \n За даа бүгд утсан улаан амиа л гэдэг. Тиймээс байлдаж данхалзаж чадахгүй дээ.

4  |  0
Top