Б.Ганхуягийн цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж, Т.Аюурсайхан шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсэв

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Улмаар шүүх бүрэлдэхүүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өмгөөлөгч "Миний үйлчлүүлэгч Б.Ганхуягийн цагдан хорих арга хэмжээг өөрчилж өгнө үү" хэмээн хүсэлт гаргасан бол Б.Ганхуягийн зүгээс хурлыг хойшлуулахгүй, шууд үргэлжлүүлэх санал гаргасан юм.

Тэрбээр, "Энэ 11 хүний хэрэг дунд нэг шанага ч нүүрсний асуудал яригдахгүй гэдэг нь тодорхой. Би ганцаараа есөн сар цагдан хоригдож байна. Тиймээс үүнийг эртхэн хүмүүст хэлж, ойлгуулахын тулд хурлыг хойшлуулж болохгүй гэсэн саналтай байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Харин улсын яллагчийн зүгээс "Урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах, гэм буруугийн шүүх хурлыг тухайн үед нь шийдвэрлэх, шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжтой" гэсэн тайлбарыг хийсэн.

 

Тэгвэл шүүгдэгч Т.Түвшинбаатарын өмгөөлөгч "Хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Хурал давхацсан тул хурлыг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан. Мөн шүүгдэгч Т.Түвшинбаатар нь харьяаллын дагуу өөрийнх нь хэргийг Дорнод аймгийн шүүх рүү шилжүүлэх хүсэлт гаргасан юм. Улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хуралдааныг хойшлууллаа.

Мөн шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Сануулахад, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан бол уг 11 хүнийг шалгах мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэрэг зүйл анги нэмэгдсэн байдаг.

Харин урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд намайг хуулийн байгууллагаас нэлээд олон дуудсан. Би дуудах бүрд нь цагт нь очиж байсан. надад холбогдуулсан хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна. Одоо ч гэсэн үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааг аль болох түргэн шуурхай, үнэн учрыг нь олоод өгөөсэй гэдэг байдлаар асуудалд хандаад явж байгаа. Надад нууж, хаагаад байх юм байхгүй. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр гүтгэлэгийн маш их худлаа мэдээлэл яваад байна” гэсэн юм. Мөн түүнийг “Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна. Нэг ч дарга үлдэхгүй шүү” хэмээн хэлсэн гэсэн зүйл цахим орчин, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр явдаг. Үүн дээр тэрбээр, “Би ийм зүйл хэлээгүй. Үүнийг шалгах маш амархан. Их хурлын гишүүдээс Т.Аюурсайхан ямар хурал дээр ийм үг хэлсэн юм бэ гээд асуухад л болно. Гүтгэж, харлуулж, нүүрсний хулгайч мэтээр харагдуулах гэсэн нөхдийн зохимол зүйл” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.11) 2023 оны 08 сарын 31

Танил технологи. Ганхуяг бол эхнээсээ л золионы баагий байсан, өөрөө л ойлгоогүй , уул уурхайнхан бүгд л мэдэж байсан,улс төрчид бол мэдэхийн дээдээр мэдэж байгаа , амбиц, шуналтай нөхөд ингэдэг эмгэнэлтэй түүхтэй гэж . Одоо яалтай билээ.

0  |  0
Зочин(202.126.88.139) 2023 оны 08 сарын 31

Энэ нөхөр сайндаа ч нээлттэй яьуулая гээд байгаа юм биш бусад дарга нараа л зарлана шүү гээд айлгаж байгаа царай нь.

1  |  0
Top