Л.Гантөмөр: АН цусаа сэлбэж, дараа үеийн улстөрчдийг гаргаж ирэх цаг нь болсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

АН-аас өнөөдөр /2023.09.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр тус намын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр "Өнгөрсөн долоо хоногт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, тодорхой асуудлуулыг шийдсэн. Намын дэд дарга нарын сонгууль явагдаж, дэд дарга нар томилогдсон. Тэргүүн дэд дарга мөн томилогдсон. Хоёрт, АН Улс төрийн зөвлөлөө байгуулсан. Улс төрийн зөвлөлд 22 хүний нэрийг дэвшүүлж баталсан. Өнөөдрөөс Улс төрийн зөвлөл хурлаа хийж, өдөр тутмын намын улс төрийн шийдвэрийг хэлэлцэж, шийдвэр гаргахаар тогтсон. Гуравт, Үндсэн дүрмийн хороо гэх хяналтын байгууллагад 30 хувьд нь эргэлт явагдсан. Ингэснээр АН-ын Үндсэн дүрмийн хороо тодорхой хэмжээнд шинэчлэгдсэн. Дөрөвт, дотоод сонгуулийнхаа хорооны шинэчлэлийг хийсэн. Ялгаа байхгүй гуравны нэгдээ эргэлт хийсэн. Мөн АН-ын анхан шатны сонгуулиудыг зохион байгуулах журмыг баталсан. Энэ хүрээнд есдүгээр сард багтаж АН-ын сумын хурлууд явагдана. Сумын дарга нарын сонгууль явагдана. Аймгийн намын хорооны дарга нарын сонгох сонгууль явагдана" гэлээ. 

Түүнчлэн "АН нэгдмэл байх нь хамгийн чухал. Ингэж байж алдагдсан төрийн бодлогыг засах, залруулах ажилд хүчээ гаргаад явахыг гишүүд ярьж байна. АН-ыг яаж бүтэн байлгах тал дээр бүх намын хорооны гишүүд санаагаа чилээсэн. Нэгдмэл, эв эетэй АН-д суурилсан Үндэсний бодлогын хороо болсон. АН цусаа сэлбэх хэрэгтэй. Удирдлагын түвшинд шинэчлэл явах ёстой. Дараа үеийн улстөрчдийг гаргаж ирэх бодлого хэрэгтэй байна, цаг нь болсон гэдэг саналыг гишүүд түлхүү хэлж байна. Намын гишүүдийн гаргаж байгаа саналыг гурван том зүйл дээр багцалсан. Нэгт, АН эв эетэй байх юм. Хоёрт, АН-д шинэчлэл хийгдэх ёстой. Дараа үеэ гаргаж ирэх цаг нь болсон. Гуравт, төрийн хүнд суртал дийлдэхээ болилоо. Үүнтэй холбоотойгоор төрийг шинэчлэх, бодлогын алдаануудыг засах хэрэгтэй. Ийм гурван санал давамгайлсан. Тэгэхээд бид гишүүдийн өгсөн санал дээр үндэслэж хурлаа хийлээ, шинэчлэгдэх гэдэг зүйл дээрээ төвлөрсөн хурал болсон. АН-ын 15 дэд даргын 9 нь 1980-аад оны залуус байна. Тэргүүн дэд дарга С.Баярцогтын хувьд Улс төрийн зөвлөлийн хурлыг даргалж явуулдаг болно. Гадаад харилцаагаа хариуцаж ажиллана гэх зэргээр дэд дарга бүр өөр өөрийн үүрэгтэй байна. Дараагийн ажил бол ард түмнээ сонсох ёстой. Бүх суманд байгаа хүмүүсийн санаа бодлыг сонсоно" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.168) 2023 оны 09 сарын 08

Гантөмөрөө чи өөрөө бохир хуучин цус ш дээ

0  |  0
Зочин(59.153.112.117) 2023 оны 09 сарын 07

Танай намд зүтгэх улс төрч олдохгүй бүх хулгайч нараа цэвэрлэ намаа ариутага өөрийнхөө зээл хулгайг цэгцэл энэ сонгуулиарч арайч барахгүй шүү

0  |  0
Top