Б.Батбаатар дөрөвт эрэмбэтэй ИЗНН-ыг худалдаж авсан уу!

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, айсуй сонгууль холимог тогтолцоогоор явахаар болсон. Ингэхдээ 126 УИХ-ын гишүүн байхаас тойрогт 78 нь өрсөлдөж, намын жагсаалтад 48 нь нуугдаж үлдэнэ. Үүнтэй холбоотойгоор улс төрийн жижиг намууд хэдийнээ хөдөлгөөнд орж эхэллээ. Цүнхний намууд ч наймаанд явж байгаа сураг чих дэлсэв. Албан бус эх сурвалжийн өгч байгаа мэдээллээс харахад ИЗНН-ыг Б.Батбаатар худалдаж авсан гэх. Энэ нь баттай мэдээлэл биш ч бас шууд үгүйсгэх аргагүй. Яагаад гэхээр ИЗНН бол байгуулагдаад 20 гаруй жил болсон бөгөөд Сонгуулийн санал өгөх хуудсан дээр дээгүүр эрэмблэгдэх юм. Сонгуулийн санал өгөх хуудсан дээр МАН, АН, Ногоон нам гээд ИЗНН дөрөвдүгээрт эрэмблэгдэнэ гэхээр хэн ч авахыг хүснэ. Сонгуулийн санал өгөх хуудсан дээр жагсаалтын 35-д Э.Бямбацэрэнгийн байгуулсан Ардчилал шинэчлэлийн нам, 36-д УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байгуулсан Иргэдийн оролцооны нэгдсэн нам гэх мэт улс төрийн хүчнүүдэд сонгогчид санал өгөх нь бүү хэл нэрийг нь ч олж уншихгүй.

Харин дөрөвт эрэмбэтэй ИЗНН-ыг авна гэдэг бол яавч ашигтай наймаа. Хэрвээ эх сурвалжийн өгч байгаа мэдээлэл үнэн бол Б.Батбаатар ИЗНН-ыг хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ гэх асуулт гарах төдийгүй цүнхний намуудын ханш хэд байгаа тухай хэн ч сонирхож таарна. ИЗНН-ыг ийм таатай цаг үед зүгээр ч нэг өгчихнө гэж байхгүй учраас хардах эрх нь ч байна. Яагаад гэхээр Б.Батбаатар гэх хүнд ИЗНН анхаасаа ямар ч хамаагүй зүйл учраас тэр.

Нам байгуулсан түүх нь ч тэс өөр нөхцөлд буй болсон. Тодотговол, 1996 оны сонгуульд ялагдсан МАХН, түүний лидер гэх С.Баярын зүгээс намдаа анхаарал хандуулах үүднээс байгуулсан улс төрийн хүчин юм. Учир нь С.Баяр нас бараад удаагүй байсан С.Зориг агсны үхлээр шоу хийж АН-ын нэрийг унагаахын тулд эхнэр асан Х.Хуланг шургаж, Х.Хулан, С.Оюуны ааш аягийг тааруулж, 2000 оны хоёрдугаар сард С.Баярын гэрт нам байгуулах тухай хэлэлцсэн гэдэг. Улмаар 2000 оны гуравдугаар сарын 9-нд Их хурлаа хийж Иргэний Зориг Нам албан ёсоор төрсөн түүхтэй. Тэр жилдээ С.Баярын заавраар Ногоон намтай нэгдэн сонгуульд оролцож, парламентад суудалтай нэгэн нам шинээр бий болсон. Харин нэгдэж нийлсэн гэх Ногоон нам хэрүүл хийж байгаад тусдаа гарсан ч ИЗНН нэртэйгээ үлдсэн түүхтэй. Тун удалгүй 2000 оны намар Монголын Төлөө нам, Орон нутгийн хөгжлийн намууд татан буугдаж, Иргэний Зориг Намд нэгдэн орж байсныг санаж байгаа байх. АН-ын эсрэг босгосон С.Баярын төлөвлөгөөт ажил ийнхүү ИЗН-ыг төвхнүүлэхээс эхэлж, дараа дараагийн жижиг намуудыг ИЗНН-д нэгтгэх ажиллагаа явсан. Нэг жилийн дараа буюу 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗН Л.Дашнямын нэрийг дэвшүүлж, сүрийг үзүүлсэн нь ч С.Баярын санаа.

Эндээс харахад ИЗНН нь АН-ын угшилтай Б.Батбаатарт өчүүхэн ч хамаагүй зүйл гэдгийг анзаарч байгаа биз. Тэгэхээр өөрт нь өчүүхэн ч хамаагүй, хувь эзэмшил байхгүй улс төрийн хүчнийг худалдаж авахаас өөр ямар сонголт байх юм. Ийм учир шалтгаан байгаа учраас ИЗНН-ыг Б.Батбаатар худалдаж авсан уу, хэдэн төгрөгөөр авав хэмээн асуугаад байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top