Цүнхний намууд үнэд орох цаг айсуй

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 09 сарын 11

Одоогоор Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн 36 нам бий. Улс төрийн гэхээсээ илүүтэй цүхэнд байх тамга тэмдэг төдий нам нэртэнгүүд ч бий. Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, айсуй сонгууль холимог тогтолцоогоор явахаар болсон. Ингэхдээ 126 УИХ-ын гишүүн байхаас тойрогт 78 нь өрсөлдөж, намын жагсаалтад 48 нь багтана. Үүнтэй холбоотойгоор улс төрийн жижиг намууд хэдийнээ хөдөлгөөнд орж, өөр хоорондоо наймаалцахаас эхлээд цүнхний гэлтгүй жагсаалтаа үнэлээд эхэлсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Гэхдээ жагсаалт үнэлэхэд учир бий. Юуны өмнө намын дарга нэгдүгээрт эрэмбэлэгдэх байх. Харин Сонгуулийн санал өгөх хуудсан дээр яагаад ч эрэмбэлж болохгүй нэг зүйл бий. Тус хуудсан дээр тухайн нам хэдэд эрэмбэлэгдэх вэ гэдэг нь хамгийн чухал зүйл. Үүнд ямар нэг яриа хөөрөө найраа байхгүй. Гагцхүү тухайн улс төрийн хүчин хэдэн оны хэдэн сард албан ёсоор байгуулагдав гэдгээр нь эрэмблэнэ.

Тэгэхээр Сонгуулийн санал өгөх хуудсан дээр улс төрийн ууган хүчин, 100 гаруй жилийн түүхтэй МАН нэгдүгээрт, удаах хүчин АН хоёрдугаарт эрэмбэ эдлэх бол гуравдугаарт О.Бум-Ялагчийн мэдэлд байгаа Ногоон нам эрэмбэ эдлэнэ. Үүний араас С.Баярын байгуулж өгсөн Иргэний зориг, ногоон нам дөрөвдүгээрт эрэмбэ эдлэх юм. Харин тавдугаарт 1993 онд байгуулагдсан Монголын уламжлалын нэгдсэн нам орох юм байна.

Ингэхээр сонгуулийн тогтолцоо, хууль эрх зүйн орчноо харахаар яах аргагүй айргийн таван намын жагсаалтад орсон хэн ч бай сонгогдох өндөр магадлалтай. Харин Сонгуулийн санал өгөх хуудсан дээр жагсаалтын сүүл мушгиж 35-д Ардчилал шинэчлэлийн нам, 36-д Иргэдийн оролцооны нэгдсэн нам гэх мэт улс төрийн хүчнүүд бий.

Сонгогчдын мэдэх мэдэхгүй 36 намууд бүгд өөр өөрийн ханштай болсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал, намаа зарах гэсэн нөхөд байгаа бол аль нэг тойрогт өрсөлдөгч гол хоёр тоглогч МАН, АН-ын аль нэгнээс нь мөнгө авч, өрсөлдөгчдийнх нь саналыг хуваах ханш ч гарч байгаа бололтой. Сонгуулиар санал хуваана гэдэг хамгийн том ажил. Зөвхөн нэг жишээ дурдахад 2012 оны сонгуулиар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ногоон намаас тодорхой тойрогт нэр дэвшигч таван нөхөрт тус бүр 250 сая төгрөг өгье гээд ирж байсан гэдэг. Учир нь МАН-ын саналыг хуваах нөлөө бүхий таван нэр дэвшигчийг онилсон хэрэг. Тухайн үеийн ханшаар бодоход таван нөхөрт тус бүр 250 сая гэхээр 1.2 тэрбум төгрөг болно. Энэ бол бага мөнгө биш. Үүнээс үзвэл айсуй сонгуулиар цүнхний намууд ч үнэд орох нь тодорхой ажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top