“Их 20” бүлэг Шинэ Делигийн тунхаг батлав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 11

“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын дүнгээр Шинэ Делигийн тунхаг баталсан тухай Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгджээ. “Их 20” бүлгийн удирдагчид өнөө цаг үе дайны эрин үе байх учиргүй гээд аливаа улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар байдал болон улс төрийн хараат бус байдлын эсрэг чиглэсэн аюул заналхийлэл, хүч хэрэглэхээс түдгэлзэх учиртай гэж онцлов. “Их 20” Украины дайны улмаас хүмүүсийн амсаж буй зовлон, шаналал, түүний дэлхийн хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, нийлүүлэлтийн гинжин хэлхээ, макро санхүүгийн тогтвортой байдал, инфляц болон эдийн засгийн өсөлтөд үзүүлж буй сөрөг үр дагаварт анхаарлаа хандуулав.

“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалт нь геополитикийн асуудлыг шийдэх талбар биш гэдгийн онцлон тэмдэглэж, дээд хэмжээний уулзалт нь дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлэх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тус бүлэг мөн “Их 20” бүлэгт Африкийн холбоог нэгдсэнийг сайшаажээ.

Тус блок нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар дэлхий дахинд мэдэгдэж, ялангуяа ядуу буурай болон арлын хөгжиж буй орнуудын хүм амын ядуу, эмзэг бүлгийн хэсэгт том цохилт өгч байгааг хүлээн зөвшөөрөв.

Түүнчлэн, “Их 20” хүйсийн талаарх хэвшмэл ойлголтыг арилгаж, хүйсийн тэгш бус байдлыг “мөнхөлж” буй хэм хэмжээ, зан төлөвийг өөрчлөх үүрэг хүлээжээ.

Тунхагт боломжит бүхий л цахим хэрэгсэл, технологийг ашиглан аюулгүй бөгөөд тогтвортой цахим эко систем бүрдүүлэх, дэлхийн хүн бүрийн санхүүгийн оролцоог хангахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргана гэж заасан байна.

“Их 20” бүлгийн удирдагчид эх дэлхийгээ хуванцраар бохирдуулахыг зогсоох зорилго бүхий баримт бичгийн төслийг бэлтгэжээ. Баримт бичгийн дагуу дэлхийн бүх улс орон тодорхой үүрэг хүлээж байна.

“Их 20” бүлэг эдийн засгийн салбарын шийдлийг дэмжих үүднээс хиймэл оюун ухааныг ашиглах хандлагын тухай мэдээлэл солилцохыг эрмэлзэж байна. Мөн тус бүлэг цагаачид, тэр дундаа хөдөлмөрийн цагаач, дүрвэгсдийг дэмжихээ нотолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top