Жинхэнэ дарга тодорчихсон байхад түр дарга орогнуулах ямар хэрэг байна

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Стандарт, хэмжилзүйн салбарын түүхт 100 жилийн ой энэ сард тохиож байгаа ч Стандарт, хэмжилзүйн газрын даргын томилгоог Засгийн газар баталгаажуулж өгөхгүй, хууль зөрчин гацааж байгаад салбарынхан бухимдаж байна. Учир нь Стандарт, хэмжилзүйн газар жинхэнэ даргагүй дөрөв дэх жилдээ Түр дарга хэмээх танил талын өвөр түрий, арын хаалгаар орж ирсэн салбарын бус нөхдөөр удирдуулсаар түүхт 100 жилийнхээ ойг угтаж байна. Шадар сайдаар ажиллаж асан Ө:Энхтүвшингийн шахаагаар 2019 оны дөрөвдүгээр сард томилогдсон Түр дарга Б.Билгүүн энэ оны эхээр шүүр ажиллагаанд өртөн чөлөөлөгдсөн. Түүний орыг залгамжилж аанай л “Түр дарга”- аар Б.Ууганбаяр гэгчийг томилчихсон байгаа нь салбарынхны бухимдлыг төрүүлээд байгаа юм. Төрийн албаны хуулийн дагуу энэ агентлагийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт зургаадугаар сард  албан ёсоор зарлагдан С.Батбаатар оноогоор тэргүүлж Агентлагийн даргаар томилогдох болзлыг хангажээ. Гэвч энэхүү нэр дэвшигч эрх баригчдын хэн нэгэнд таалаагдаагүй юу, тодорхой бус шалтгаанаар томилолүй гурван сар гацааж байгаа нь хууль дүрэм мөрдөгдөхгүй, агентлаг газрын даргын томилгоонд ч хууль зөрчсөн, бүр авлигын шинжтэй асуудал байгааг илтгэж байгаа хэрэг.

Төрийн албаны тухай хуулийн 27.3.-д “... томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасан байх бөгөөд энэ хугацаа хэтрээд хоёр сар болжээ.

Харин эх сурвалжийн хэлж байгаагаар энэхүү гацааг урьд өмнө Түр даргаар ажиллаж байсан Б.Билгүүн танил талын хүрээнд зохион байгуулж байж магадгүй гэсэн хардлага хаа хаанаа бий. Магадгүй юм. Төрийн албаны шалгалтанд бүдэрсэн хууль бус Түр даргын гомдол ийнхүү ар өврийн хаалгаар гүйж хуулийг уландаа гишгих шалтгаан болсон байж болно. “Унасан бөхөд шалтгаан мундахгүй” гэдэг ч тахимаа өгч сурах хэрэгтэй гэж салбарынхан үзэж байна. Одоо Засгийн газарт Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлсэн С.Батбаатарыг томилохоос өөр гарц байхгүй. Ийнхүү түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа салбарын хамт олон жинхэнэ даргаа хүлээсээр байна, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаа. Төрийн албаны шалгалтаа өгч, бүхий л шаардлага хангасан жинхэнэ дарга тодорчихоод байхад Түр дарга орогнуулах хэрэг юу байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top