ХӨНДӨХ СЭДЭВ I Манлайлагч сайд байхгүй л дээ - I

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 09 сарын 14

Ууган хүчний Ерөнхий нарийн бичгийн дарга “Сайд гэдэг албан тушаал манлайлагчийн хашдаг алба. Манлайлагчид намын нэрсийн жагсаалтын ард нуугдах хэрэггүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр өдгөө Засгийн газрын танхимд алба хашиж байгаа сайд нар намын жагсаалтад эрэмбэ эдлэхгүй гэсэн үг. Гэтэл энэ танхимд манлайлагч сайд бий юу гэхээр ихээхэн эргэлзээ төрүүлнэ.

Хамгийн тэргүүнд энэ Засгийн газарт шантааж хийж орж ирсэн гэх Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны сайд Ж.Сүхбаатар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг хэн манлайлагч гэх юм. Тэд бол улс төрийн алба хааж ирсэн цагаас хойш шантааж хийж, сайд, даргын суудалд очоод сурчихсан нөхөд. Үүнийг надаар хэлүүлэлтгүй сонгогчид бүгд мэдэх болсон.

Намын жагсаалтад л орохгүй бол хэн нь ч сонгогдохгүй болсон нэр нүүртэй гэдгийг сонгогчид өөрсдөө хэлээд өгнө. Мөн хөрөнгө мөнгөөр зодож сайдын суудал авсан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг хэн манлайлагч гээд байгаа юм. “Соёлын сэргэлт” хэмээн хэдэн шоучид хөдөө орон нутагт дэвхцүүлж байгаа Соёлын сайд Ч.Номинг хэн манлайлагч гэх юм. Хоёулаа хөрөнгө мөнгөөрөө л манлайлах байх. Тэгэхээр сайдууд яагаад манлайлагч биш юм гэдэг талаар зарим нөхдийг тодотгон дурдъя. 

ОЛИМП, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРООНЫ ДАРГА, САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

Б.Бат-Эрдэнэ үндэсний бөхөөрөө манлайлагч болохоос бус нийгэм, улс төрд ямар ч үүрэггүй ажиллаж ирсэн хүн. Түүнийг үндэсний бөхийн дархан аварга, цуутай бөх гэдгээр нь ард түмэн сонгож ирсэн. Аваргын хувьд Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяраар үндэсний бөхийн зодгоо тайлсан. Энэ удаа улс төрөөс ч хүчээр зодог тайлах болчихсон. Түүний үндсэн үүрэг нь хууль санаачлах батлуулах хэдий ч төр, түмэнд хэрэгтэй нэг ч хууль санаачилж батлуулалгүй УИХ-д дөрвөн удаа сонгогдож, 16 жил болчихсон гэхэд хол зөрөхгүй. Тэрбээр УИХ-д 2008 оноос орж ирсэн. Энэ үеэр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах гэж С.Баярын Засгийн газар ид ажиллаж байхад тэрбээр УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн нарын нөхөдтэй нийлчихээд хөрөнгө оруулалтын гэрээг мөн ч их эсэргүүцсэн нь Монгол Улсын эдийн засагт их л гай удаж байсан гэдэг. Түүнчлэн “Хэрлэн” төслийг эсэргүүцэн “эх оронч” царайлсан нь ч ихэд гай удсан. Уг нь энэхүү төсөл нь Хэрлэн голыг говь тал нутаг руу татах байсан юм. Ингэхдээ голын ай сав хальсан үед илүүдэл усыг хуримтлуулаад говь тал руу урсгах тийм л төсөл байсан. Үнэн хэрэгтээ Хэрлэн гол нь Хэнтий нуруунаас эх авдаг болохоос бус хилээр гарч, Далай нуураар дамжин Номхон далайд цутгадаг л гол. Түүнийг өөр тийш татахад дургүйцэж байхаар эх ундаргыг л хайрлаж хамгаалах ёстой гэдгийг ухаараагүй юм уу, ухаарсан ч поп зан нь хөдөлсөн үү мэдэх юм алга. Ийм байтал эрхэм гишүүнд ард түмний амьдрал, үндэсний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлэх ямар хууль санаачилав, батлуулав гээд үз, нэг ч байхгүй. Тэгвэл бусад гишүүд шиг тойрогтоо ямар хөрөнгө оруулалт хийж, ямар бүтээн байгуулалт хийв гэхээр бас л олдохгүй. Сүүлийн жилүүдэд буюу 2017 оноос хойш Хэнтий нутгийнхан энэ Засгийн газрыг ээлж дараалан удирдаж байгаа учраас тус аймагт хөрөнгө оруулалт гайгүй хийгдэж, янз бүрийн төсөл хэрэгжиж байна. Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд тэдгээр хүмүүсийн далбаан дор тугаа мандуулж байгаа хэрэг. Ийм л нэгэн сайхан бөхийг улс төрд манлайлагч гэх ямар ч үндэслэл алга. Ядахад зүгээр суухгүй, улс орон, ард түмэндээ хэрэгтэй зүйлд байнга саад хийж ирсэн гэдгийг ч надаар хэлүүлэх юун.

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН

Ц.Даваасүрэнгийн хувьд өнгөрөгч 2022 оны намраас МАН-ын эрх бүхий хүмүүс рүү дайрч, баримт дэлгэсэн тухай хэвлэлийн архивт дүүрэн бий. Тэр тусмаа Сангийн сайд Б.Жавхлан руу мөн ч их довтолсны хүчинд сайдын суудалд ирсэн хэмээн хэвлэлүүд онцолж байв. Магадгүй юм, сайд болсон цагаас хойш МАН-руу ч Сангийн сайд Б.Жавхлан руу ч дайрахаа больсон юм даг. Энэ мэт зангаасаа болоод Хөвсгөл аймгийн сонгогчид ч түүнд “Онцмуу” дүн тавьчихсан байх. Монголчууд эр хүний иймэрхүү занд дургүй шүү дээ. МАН-ын Генсекийн хэлснээс үзэхэд тэр намын жагсаалтад лав багтаж чадахгүй учраас иргэн Ц.Даваасүрэн болно. Урьд өмнө буюу 2012 онд энэхүү шантааж хийдэг зангаасаа болж мандатгүй үлдсэн гэдэг яриа ч байдаг. Тиймээс хэвлэл мэдээллээр МАН-д баахан гомдол илгээж байгаад Хөвсгөл аймгаас бие даан нэр дэвшсэн байдаг. Ингэхдээ өдгөө өвөрт нь шигдэж, хоёр ч удаа сайдын суудалд залраад байгаа МАН-аа хөдөө гадаагүй муулж явсаар сонгогдсон тухай нутгийнхан нь ярьдаг ч үнэн худлыг бүү мэд. Хардлага ч байж болох юм. Гагцхүү тухайн сонгуульд МАН ялагдал хүлээсэн нь Ц.Даваасүрэн мэтийн гомдлоос болсон нь ойлгомжтой. Дээр нь Н.Энхбаяр ба түүний нөхдийн гомдол сонгуулийн саналыг 180 хэм эргүүлсэн л дээ. Энэ мэтээс харахад түүнийг хэн ч малайлагч гэхгүй. Хэвлэл мэдээллийн архиваас харахад дарга, сайдын суудалд чичэрсэн нэг ийм л шантаажчин нөхрийн дүрээр тодроод байгаагийн цаана юм юм л бий байх.  

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Энэ нөхөр хөрөнгө мөнгөөрөө харин ч нэг манлайлах байх шүү. Эрчим хүчний сайдын албыг аваад “Аргална даа” гэж зогссон сайд маань өдгөө улсын төсвөөс 177 тэрбум төгрөг гаргаж, хятадаас боловсруулсан нүүрс авч улаанбаатарчуудыг утаагүй өвөлжүүлэх тухай төлөвлөгөө гаргасан дагуу өмнөд хөршид удаа дараа шахмал түлшний үйлдвэртэй танилцаж яваа гэх. Энэ янзаараа утаа түлшний цаг эхлэхэд ч үйлдвэртэй танилцсаар явах байх. Ёстой л эрчим хүчний салбарыг “аргалж” байгаагийн наад захын жишээ энэ. МАН-ын Генсекийн хэлснээр тэр намын жагсаалтад багтахгүй учраас Увс аймагтаа очиж өрсөлдөнө. Сонгогчдын боловсрол сонгуулиас сонгуульд өсөн дэвжиж, хөрөнгө мөнгөнд хууртахаа больсон гэдгийг санад илүүдэх юун. Баруун монголчууд хашир хэрсүү нь даамай хүмүүс учраас тэр болгон хөрөнгө мөнгө харж сонгууль хийгээд байхгүй гэдгийг ч ухаарах цаг нь болсон. Тэр улс төрд орж ирсэн цагаас хойш дарга, сайдын сэнтий болон бусад зүйлийг мөнгөөр шийддэг л хүн. Тэгэхээр хөрөнгө мөнгөөр л манлайлна уу гэхээс өөрөөр яагаад ч манлайлагч байх аргагүй сайд. 

АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА, САЙД  Ж.СҮХБААТАР

Ж.Сүхбаатар гэж нэг урваж шарвасан нөхөр аанай л МАН-ын удирдлагууд руу довтолж байж сайдын орон тоо шинээр бий болгосон. Одоо замынхаа түгжрэлтэй хамт өөрөө ч түгжигдсэн гэдгийг чингэлтэйчүүд хэлж буй. Түүний хувьд “Түгжрэлийн сайд”-аар томилогдсон цагаас хойш Улаанбаатарын түгжрэл ихэссэн үү гэхээс багсаагүй. Арга ч үгүй, автомашины дугаар хязгаарлах төдий л арга хэмжээ авч байна. Сүүлдээ автомашиных нь дугаар хязгаартай өдөр иргэд шүлэг бичиж, уран зураг зурах хэрэгтэй гээд сууж байгаа сайдыг хэн манлайлагч гэх юм бэ. Түүний хувьд 2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн сонгуульд өрсөлдөөд уначихсан учраас бухимдалдаа хөтлөгдөн МАХН буюу Н.Энхбаярт дагаар орж, МАН-ыг ёстой л өдөр шөнөгүй “хусаж” байсан нөхрийг ямар манлайлагч гэх юм. Өдгөө “Лам олдохгүй бол буцахдаа гэлэн гуайгаа залах”-ын үлгэр болж, нэг хэсэг баалж явсан МАН-даа эргэж ирсэн төдийгүй сайдын суудалд заларчихсан явна. Тэр нам дамжин урваж шарваж явсан шигээ Дархан-Уул аймгаас нэр дэвшин сонгогдож байсан бол өнгөрөгч сонгуулиар Дархан-Уул аймгаас урваж, чингэлтэйчүүдийг сонгож ирээд байгаа зэргээс харахад тийм ч ноён нуруутай хүн биш гэдгийг эрх биш чингэлтэйчүүд гадарлаж байгаа биз ээ.

 

Цуврал бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.95.150) 2023 оны 09 сарын 14

Үнэн үг. Энэ МАН хулгайч луйварчидаар дүүрсэн сонгох нэг ч новш байхгүй

0  |  0
Zochin(103.57.95.74) 2023 оны 09 сарын 14

Яг үнэн бүгд хулгайчид,шантаажлагч ард түмний татварын мөнгийг шимэгчид 10% гэж үнэн шүү

0  |  0
Зочин(66.181.161.124) 2023 оны 09 сарын 14

Бүгд луйварчид. Хулгайчуул.

0  |  0
Top