Хоёр улсын харилцааг "Стратегийн түншлэл"-ийн түвшинд хүргэхийн төлөө байгаагаа илэрхийлэв

2023 оны 09 сарын 15

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем-ыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан болон албаны бусад хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Манай улс “Гуравдагч хөрш”, Европын Холбооны гол түнш ХБНГУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг. Хоёр орны харилцаа ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хөгжиж ирсэн.

Тэрбээр, ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд түүхэн ойг тохиолдуулан төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг зохион байгуулахын чухлыг тэмдэглэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнайер-ыг Монгол Улсад айлчлал хийнэ гэсэн хүлээлттэй байгааг дурдаад, энэхүү айлчлал нь хоёр орны харилцааны шинэ хуудсыг эхлүүлэх түүхэн ач холбогдолтой болохыг онцлов.

Мөн Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах, олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьдог. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд ХБНГУ-тай хамтран ажиллах өргөн боломж бий гэлээ.

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд өөрийн улсдаа зохион байгуулахаар болсныг Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хэлээд өндөр түвшний энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулахад дэмжиж ажиллахыг хүсэв.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем, Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгааг тэмдэглээд хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцоллоо. Мөн хоёр улсын харилцаа бүхий л салбарт хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд цаашид тогтвортой эдийн засаг, худалдаа, эрчим хүч, боловсролын салбарын чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, Монгол Улс нь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутаг, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

Талууд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө хэлэлцэн тохиролцсон ажлууд, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top