Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын их сургуулийн Найт-Хеннеси хөтөлбөрийн судлаач оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга судлаач оюутнуудыг багийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, адилхан Стэнфорд их сургуулиар овоглодгийн хувьд шинэ үеийн манлайлагчдын төлөөлөлтэй уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлэв. Манай оронд хүрэлцэн ирсэн судлаач оюутнуудын бүрэлдэхүүнд Стэнфордын их сургуулийн Эрүүл мэндийн бодлогын докторант Нова Брэдфорд, эдийн засгийн ухааны докторант Оливиа Мартин, Нигери гаралтай, анагаах ухааны докторант Бумми Фарийке, бизнесийн удирдлагын магистрант Кортни Бюртон, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээний төлөө шинэ технологи, санаачлагыг эрэлхийлэгч, бизнесийн удирдлагын магистрант Рагав Манимаран, шинэ үеийнхэнд ээлтэй боловсролын болон шинжлэх ухааны экосистемийг бүрдүүлэхийг эрмэлздэг Сямантак Паяра гэхчилэн салбар бүрт манлайлсан залуу судлаачид багтсан юм.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар тэдний сүүлийн үеийн судалгааны чиглэл, дэвшүүлж буй санал, санаачилгуудаас сонирхож, нээлттэй ярилцлаа. Ялангуяа дэлхий нийтийн тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулж яваа оюутан залуус цөөнгүй байв. Тухайлбал, Хүрээлэн буй орчны мэргэжилтэн, бизнесийн удирдлагын магистрант Мэдисон Фриймэн, тогтвортой хөгжилд суурилсан бизнес загварын өөрчлөлтийн судлаач Эмира Хэннон, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй Саммер Шау, нийгмийн хөгжил, олон нийтийн инновацийн салбарт тэргүүлэгч Жеффри Реппучи, агаарын тээврийн инженерчлэлээр мэргэшсэн Никита Козак, механик инженерээр докторын хөтөлбөрт суралцаж буй Элизабет Чайлд, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлын сэдвээр судалгаа бүтээлээ туурвидаг Макс Клессер нарыг энд дурдаж болно.
Тэд дэлхийн өнцөг булан бүрээс Стэнфордын их сургуулийг зорин ирж, улс төр, эдийн засаг, анагаах ухаан, мэдээллийн технологи, нийгэм, хүмүүнлэгийн салбарт өөрсдийн эх орны туршлага, өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна. Эдгээрээс, Харвардын их сургуулийн төгсөгч, Стэнфордын их сургуулийн түүхийн шинжлэх ухааны докторант Жулиа Фаян, Пуэрто Рикогоос ирсэн хууль зүйн ухааны докторант Гектор Рейес, Энэтхэг гаралтай хүний эрхийн мэргэжилтэн, анторопологийн шинжлэх ухааны докторант Хюзафа, Канадаас ирсэн Эллиот Рэйчард, Израилаас ирсэн бизнесийн удирдлагын магистрант Ури Кедем, Авсралиас ирсэн биологийн шинжлэх ухааны докторант Чинмай Сонавэнэ нар өөрсдийнхөө хэрэгжүүлсэн санаачилгууд, ойрын зорилтоосоо хуваалцсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар, оюутнуудад хандан, мэдлэгийн эдийн засаг бол аль ч улс орны хөгжлийн хөшүүрэг гэдгийг тодотгоод инновацид суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, илүү ээлтэй нийгэм, орчныг цогцлоохын тулд залуу судлаачдын хамтарсан судалгааны ажлуудыг дэмжин хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд оюутнуудын зүгээс УИХ-ын даргад хандан сонирхсон асуултаа тавьж, хариулт авцгаасан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )