УИХ-ын гишүүд батлан дааснаар “Гал үндэстэн” холбооныхон суллагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

"Нутаг чөлөөлөх" ажиллагааг хэрэгжүүлж байгаад өнгөрөгч сарын 23-нд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт бусдын эд хөрөнгөд халдсан гэх үндэслэлээр баривчлагдан саатуулагдаж байсан "Гал үндэстэн" холбооныхныг УИХ-ын гишүүд батлан даалтад гаргаад байна. Энэ талаар тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, удирдах зөвлөлийн гишүүн Г.Болдбаатар нар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тус холбооны Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Төмөрбаатар, М.Баатархуяг нарыг Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжаар Цагдан хорих 461 дүгээр ангид, Г.Болдбаатар, Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нарыг 30 хоногийн хугацаатай Албадан саатуулах 111-ангид саатуулаад байсан. Тэднийг саатуулагдсаны дараа холбооны бусад гишүүн, ар гэрийнхэн, өөр хөдөлгөөнүүд хамтран хэд хэдэн мэдэгдэл, шаардлага, хүсэлтийг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ болон Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргэж байв. Саатуулагдсан холбооныхныг ар гэрийнхэнтэй нь уулзуулж, холбоо бариулахгүй, өмгөөлөгч олдохгүй байсан зэрэг олон зүйл дээр бухимдлаа илэрхийлж, эхнэрүүд нь хамтран "Гал үндэстэн" эмэгтэйчүүдийн холбоог ч байгуулаад байсан юм. Өмгөөлөгчдийн хувьд "Гал үндэстэн"-ийхнийг өмгөөлөхөөс "учир битүүлгээр" татгалзаж, эсвэл үнэрхэж явсаар хугацаа алдсан гэх ч саяхнаас сайн дураараа ажиллах өмгөөлөгч саналаа ирүүлсэн аж. Харин холбооныхны тавыг нь УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Одхүү нар батлан дааж авснаар энэ сарын 18 буюу даваа гарагт суллагдсан байна.  Энэ тухай тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяраас тодруулсан юм.

УИХ-ын гишүүд ямар үндэслэлээр батлан дааж авсан юм бэ?

-Биднийг баривчлагдсанаас хойш бусад маань олон мэдэгдэл, шаардлага гаргаж учирласны эцэст УИХ-ын хоёр намын бүлгийн гишүүд хоорондоо "баривчлах нь зөв, буруу" гэж нэлээд маргасан юм билээ. Гэхдээ гишүүдийн дийлэнх олон нь "буруу" гэсэн байр суурийг баримталж, батлан даалтад гаргах ёстой гээд бараг ихэнх нь дааж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэсэн. Улмаар Г.Баярсайхан, Д.Одхүү гишүүд батлан дааж авахаар гарын үсгээ зурах болж, үүнийг нь үндэслэн биднийг суллаж байгаа юм.

-Батлан даалтад хугацаа өгсөн үү?

-Одоогоор хугацаа өгөөгүй байна. Харин гадуур УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх тасагт байцаагдаж байгаа. Байцаагчдын хувьд бид хараат бус ажиллаж чадах эсэхэд нь байнгын хяналт тавихаа илэрхийлж, биеийн байцаалтыг нь гаргуулж авахаар болсон. Хэрэв хараат бус, шударга ажиллаж чадахгүй байна гэж үзвэл бид татгалзах санал гаргана.

-Өлсгөлөн зарласан гурван гишүүний бие ямаршуу байгаа бол?

-Албадан саатуулах 111-р ангид байсан Г.Дашдэмбэрэл, Ц.Энхбаяр нар найман хоног нойтон өлсгөлөн зарлаад, гурав хоног хуурай өлссөн. Гурав дахь хоног дээрээс биеийн байдал нь эрс муудсан учир албадан эмчилгээнд оруулсан. Гэсэн ч эмчилгээ хийлгэсэн долоон хоногийг нь баривчлагдах хоногоос хасалгүй бүр 14 хоногоор сунгах шийдвэр гаргаад байна. Үүнийг эсэргүүцэж 23-нд хугацаагаа дуусгаад суллахгүй бол бид өөр арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа. Мөн Хүний эрхийн комисс, олон улсын байгууллагуудад хандаад байна.

-Өөр арга хэмжээ гэдэг нь юу вэ. Цаашдаа ер нь юу хийхээр төлөвлөж байгаа бол?

-Бид өнгөрсөн нэг сард олон зүйлийг ойлгож авсан. Юу гэхээр бидний нутаг усныхаа төлөө хийж буй тэмцэлд саад болох, зогсоохыг оролдох олон зүйл тохиолдож, аль болох туйлдуулахыг хүсэгчидтэй илүү хурцаар тэмцэх хэрэгтэй юм байна лээ. Өмнө нь бүх үйл ажиллагаагаа ил байлгах гэсэн үүднээс хэвлэл мэдээллээр хаашаа явах, юу хийхээ шууд хэлээд замдаа гардаг байсан. Тэрнээс болоод бидний очсон газрын хууль бус уурхайн эзэд зугтаачихаж байгаа нь наад захын асуудал байсан учир одоо цаашдаа юу хийхээ огт зарлахгүй байхаар шийдлээ. Гэхдээ бидний тэмцэл улам хурцадна уу гэхээс огт мохохгүй.

-"Нутаг чөлөөлөх" ажиллагааг үргэлжлүүлэх үү?

-Үргэлжлүүлнэ. Орон нутагт байгаа, очсон хүмүүс асуудал ямар хурц, газар нутаг ямар ихээр сүйтгэгдэж хохирсныг нүдээр үзсэн учир зогсох арга байхгүй. Хөдөө орон нутагт бидний үйл хэргийг дэмжигчид асар олон байгаа.

-Та нарыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суман дахь Ирмүүн босго компаниас мөнгө авсан гэж ЦЕГ-аас мэдээлсэн. Энэ ямар учиртай мөнгө юм бэ?

-Тус компанийн захирал Ц-д бид гурван шаардлага өгсөн. Нэгд, үйл ажиллагаагаа зогсоох, өөрсдийнхөө хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөх, бас өдийг хүртэл нутаг нугыг сүйтгэж ажиллаад биднийг энэ хүртэл зам туулж ирэх хүртэл ажилласан учир бидний ийм байдалд хүргэсэн хохирлыг төл гэсэн. Захирал нь ч энэ бүхнийг өөрийн гараар бичиж, "нутгаа хамгаалах үйл ажиллагааг дэмжиж 500 мянган төгрөгийн хандив өгөв" гээд гарын үсэг зурсан. Энэ баримт байхад бид гүтгэлгээс огт айхгүй.

-Танай холбооны бусад гишүүд саатуулагдсан хүмүүстэй уулзуулахгүй байгаа нь зодож, дарамталсны л шинж гэж хардаад байсан. Тийм зүйл үнэхээр байсан уу?

-Дарамтлахыг оролдож байгаа нь харагдсан л даа. Биднийг дан хүн амины давтан хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүстэй оруулсан нь айлгаж ичээх гэсэн оролдлого гэж ойлгосон. Гэтэл тэр хүмүүс бүгдээрээ нутаг усныхаа бүрэн бүтэн байдлын төлөө хийж буй тэмцлийг ойлгож, сэтгэлээрээ дэмжиж байсан. Тэндхийн ажилчин, алба хаагчид ч үндсэрхэг сэтгэлээр дэмжиж байгаа нь анзаарагдсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top