Өвөрхангай гэх өрөг дээр хоёр ч нүүдэл суларлаа, хэн нүүх вэ

2023 оны 09 сарын 29

Их хурлын 2024 оны сонгууль хаяанд ирчихлээ. Тийм ч учраас улс төрийн хүрээнийхэн амь, амьсгаа орж, орон нутаг, тойргуудыг тойглож, сонгогчиддоо хайр зарлаж эхлээд байна. Дээрээс нь Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ирэх жилийн парламент анх удаа 126 гишүүнтэй байх зохицуулалттай болсон нь ч хэн бүхний цээжинд Шаргал ордны зөөлөн сандлыг ойрхон санагдуулж байж мэдэх юм. Нүүрсний, хөгжлийн банкны, Боловсролын зээлийн сангийн, концесс, тендерийн  гээд олон хулгайтай хүмүүс нэр холбогдож, тэр хэрээр зарим газарт тойрог суларсан нь ч нөлөөлж байх шиг. Өвөрхангай аймгийг авч үзэхэд л тус аймгийн хоёр, үгүй гэхэд ядаад нэг тойрог нь бүрэн сулрах нь гарцаагүй байна. Чухам яагаад тойрог суларсныг авч үзье.

ХИЙСЭН АЖИЛ, ХЭЛЭХ ҮГГҮЙ Г.ГАНБОЛД

Өвөрхангай аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг ноёноор ажиллаж байгаад 2020 оны сонгуулиар төрөлх нутгийнхныхаа итгэлийг өвөртлөн Төрийн ордноо заларсан нэгэн.

Гишүүнээр ажилласан хугацаандаа тоймтой гэхээр ажил хийгээгүй ч хаа нэг Байнгын хорооны санал дүгнэлт уншиж харагддаг байв. Харин сүүлд нүүрсний хэрэг босоход Нүүрсний сонсголыг зохион байгуулах Түр хорооны даргаар хэсэг ажилласан. Харамсалтай нь нүүрсний сонсголоо хийж чадахгүй явсаар өнөөдрийг хүрч, Түр хорооныхоо даргын албыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад шилжүүлсэн.

Даргаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн, Түр хорооныхоо гишүүн Т.Доржхандтай хэвлэлээр зөрүүтэй зүйл ярьж “Т.Доржханд гишүүн 44 их наяд гэж ард түмнийг турхирч, хөхөө өвлөөр гадаа жагсаалаа. Үүнийхөө төлөө уучлалт гуйж, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгоорой” гэсэн ухааны юм ярьсан. Тэр ч бүү хэл нүүрсний хулгай гэх хэрэгт нэг их наядын л асуудал байгааг Түр хороон дээр ярьсан гэж байв. Түүний эл мэдэгдлээс үүдэн ард түмний төдийгүй өвөрхангайчуудын итгэл унтарсан гэхэд болно. Уг нь өвөрхангайчууд түүнийг нутаг орноо мэднэ, төрийн хар хүн, иргэдийнхээ ажил амьдралыг дээшлүүлж, ус нутгаа хөгжүүлж чадна хэмээн хамаг итгэлээ өвөрт нь дүүргэж өгөөд үдсэн ч хэлэх үг, хийсэн ажлаар хомсхон ирэх сонгуулийг угтах нь. Тиймээс Г.Ганболд гишүүнд Өвөрхангайд тойрог олдоно гэдэг юу л бол.

ЗАНГАРАГ ЗААЖ ЧАДВАЛ НЭГ ТОЙРОГ С.ЧИНЗОРИГИЙНХ

Мөн л төрөлх нутгийнхаа Иргэдийн хурлын даргын албыг хашин явсан С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг хамгийн олон удаа удирдсан нэгэн байж ч мэднэ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн гэх нэртэй байхад нь л буюу 2000-2008 оны хооронд дэд сайдаар, 2014-2015 онд Хөдөлмөрийн сайд, 2017-2020 оны хооронд мөн л Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг хашиж байв. Харин Их хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон нэгэн. Өнгөрсөн сонгуульд ялалт байгуулж парламентад орж ирснийх нь дараахан ч төрөлх гэж хэлж болохуйц яамных нь сайдаар очих нь гэсэн яриа ордонд хэсэг гарсан. Ерөөс энэ хүн сайдын одонд төрсөн нэгэн ч байж мэднэ.
Учир нь энэ ярианы дараахан тэрээр Эрүүл мэндийн сайдаар томилогдон өдгөө Засгийн газрын гишүүний албыг хашиж буй. Түүний авах чанар нь аливаад хүлээцтэй, тэр бүр юмны түрүүнд дуугараад байдаггүй. Элдэв асуудал гарсан ч гэсэн тэгсхийгээд л дуугүй өнгөрөөдөг. Харин тэрээр тойргоо сайн усалдаг гишүүдийг толгой цохино. Тиймдээ ч ирэх сонгуульд нутагтаа дахин очиход гарахгүй гэх баталгаагүй.

ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ БА ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ

Тэр бол яах арга байхгүй хүчтэй өрсөлдөгчийн нэг байсан. Байсан гэсний шалтгаан нь гай таарч, өөрөө машин жолоодож явахдаа орон нутгийн замд бусдыг мөргөж, нөгөө хүн нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Уг нь А.Ишдорж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын хүүхэд бөгөөд сумынхаа Засаг даргаар долоон жил ажилласан. Улмаар Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч, аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан.

Өнгөрсөн 2020 оны сонгуулийн үр дүнгээр аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан юм. Улс төрд жинхэнэ мерит зарчмаар явсан, нутаг орондоо олон зүйлийг санаачилж хийсэн, орон нутагт ажиллах залуучуудыг дэмжсэн зэргээр нь нутгийнхан нь тун ам сайтай байдаг нэгэн билээ. Гэсэн хэдий боловч дээрх харамсалтай хэргээс үүдэн нэр дэвших боломжгүй болчихоод байгаа юм. Ингээд үзвэл С.Чинзориг сайд зангараг зааж, улс төрийн тохироогоо зөв хийж чадвал тойргоо авч үлдэж чадна байх. Тэгвэл нэг тойрог нь яалт ч үгүй эзгүй хоцорно. Харин энэ үлдсэн сул тойргийг хэн өөрийн болгох вэ гэсэн сунгаа одооноос эхлэн ил, далдаар явж эхэлсэн. Харин хэдхэн сарын дараа хэн нь эзэн сууж, нэр дэвших эрхээ намаасаа авах вэ гэдэг нь тодрох билээ.

М.ЗУЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top