Г.Занданшатар: Нийтийн тээвэр тойрсон авлигын хэргийг шалгаж, хариуцлага тооцох ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2023.10.02/ нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 

Тэрбээр "УИХ-ын отгон намрын чуулган эхэлж байна. Нийгмийн бухимдал өндөр, сонгуулийн ажил эхэлсэн үед чуулган эхэлж байна. Үндсэн хууль бол ардчилалын тулгуур багана. Улс төрийн цоо шинэ уур амьсгал, итгэл хүлээлтэд хүн бүр итгэл тавьж хүлээж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бүрэн цогц хэрэгжих ёстой. Олон хууль цаасан дээр үлдчихээд байна. Дүлийн төр ард үлдэж ил тод, нээлттэй хүчтэй төрийг төлөвшүүлэхийг иргэд шаардаж байна" хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо. 

Түүнчлэн "УИХ-ын гишүүд та бүхэн авлигын эсрэг ажилд сэтгэл зориг нэгтэйгээр тууштай зүтгэхийг хүсэж байна. Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж ажиллах учиртай. Энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байгаа нийслэл хотод 30 гаруй жил ужгирсан асуудлуудыг шалгаж, шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. УИХ-ын Хяналт шалгалтын Түр хороог яаралтай зохион байгуулж газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан хангамж, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига хээл хахуулыг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top