УИХ-ын дарга Г.Занданшатарын ОНЦЛОХ ҮГ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2023.10.02/ 10:00 цагт нээлтээ хийсэн. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна. 


-УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн “отгон” намрын чуулган эхэлж байна. Шударга ёс, эрүүл нийгэм, хөгжлийн зөв тогтолцоог шаардсан нийгмийн бухимдал өндөр, ирэх сонгуулийн идэвхжил эхэлсэн, өвөлжилтийн бэлтгэл, намрын их ажил ундарсан өндөр хэмнэлтэй цаг үед намрын чуулган эхэлж байна.

-Монголын ардчиллын тулгуур багана болсон Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн шинэ тогтолцоо бүрдүүлсэн, Улс төрийн намын шинэ хууль батлагдсан гээд улс төрийн цоо шинэ уур амьсгал дор Монгол хүн бүр ирээдүйдээ итгэл найдвар тавин хүлээж байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг бүрэн цогцоор нь амилуулах ёстой. Тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санаа органик болон процессийн хууль болж хэрэгжих нь чухал. Ингэхдээ цаасан дээр үлдэх төдий биш нийгэмд, нийт тогтолцоонд бодит өөрчлөлт авчрах учиртай.

-Хуучинсаг, хөшүүн, хаалттай, нууцтай, дүлий төр ард үлдэж, эсрэгээрээ нээлттэй, хурдтай, ил тод, ард түмэнтэйгээ ямагт хамт байдаг, хүчтэй төрийг төлөвшүүлэхийг иргэд дуу нэгтэй шаардаж байна.

-Босоо хэлбэртэй байсан хариуцлагын тогтолцоо хэвтээ болж ард иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хамтарсан хяналт, оролцоо, ардчилал, ил тод байдал дээр тулгуурладаг болсныг бүх шатанд ойлгож хэрэгжүүлбэл зохино. 

-Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй танигдаж, илчлэгддэг болжээ. Хууль зөрчсөн, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэлт, шаардлагад нийцэж ажиллах хэрэгтэй байна.

-Монголын төр засаг авлигатай тэмцсээр байгаа ч үр дүн өргөс авах мэт түргэн гарахгүй байна. Амин хувийн эрх ашгаа бүхнээс дээгүүрт тавьсан цөөнх хэсгийн шуналт үйлдлийн үр дагавар хөгжлийг гацааж, Монгол төрийн нэр хүндийг удаанаар, “тогтвортой” унагаж, баллуурдаж байна.

-УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг авлигын эсрэг тэмцэлдээ сэтгэл зориг нэгтэйгээр, тууштай зүтгэхийг хүсэж байна. Та бид өнгөрсөн хаврын чуулганыг Авлигын эсрэг чуулган гэж зарлаж, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай зэрэг хуулийг баталсан. Авлигын эсрэг тэмцэх эрхэм зорилгоо энэ чуулганд ч үргэлжлүүлж, дараагийн алхмуудыг хийх ёстой.

-Нийслэл хотод 30 жил ужгирсан, яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал байна. Энэ зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэл дэх газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.

-УИХ дахь Нийслэлийн хөгжлийн түр хороо, холбогдох Байнгын хороод, намын бүлгүүд үүн дээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болгож байна. Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан “нүүрсний” гэх тодотголтой хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэн тэргүүнд зохион байгуулахыг иргэд биднээс шаардаж байгааг анхааралдаа авахыг Түр хорооноос хүсье. Шүүх байгуулах тухай хуулиас эхлээд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг баталж, эрх зүйн шинэчлэлээ гүнзгийрүүлэх шаардлагатай байна. Шүүхийн тухай хуулийн зарим заалт, тухайлбал шүүх тогтолцооны гажуудлыг засах чиглэлээр хууль хэрэгжүүлэхгүй байгаа тайлбараа УИХ-д ирүүлэхийг ШЕЗ-ээс шаардаж байна.

-Сахилга хариуцлагыг бүх шатанд мөрдөх цогц шинэчлэлийг хийж, авлигын суурь шалтгаан болсон төрийн данхар эрх мэдлийг хумьж, эдийн засаг дахь оролцоог нь эрс багасгах бодит хэрэгцээ шаардлага хойшлуулшгүй чухал болжээ. Энэ зорилгоор бизнес үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг яаравчлан батлах хэрэгтэй байна. Мөн уул уурхай дагасан хэт цөөнхийн эдийн засгийн эрх мэдлийг хумих, төрийн өмчит компаниудыг нээлттэй компани болгох, аялал жуулчлал, хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ ёсоор сэргээж, олонхын оролцоог дэмжсэн, уламжлалт ахуйдаа суурилсан томоохон хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top