Ахиж өндийхгүй “АЛУУЛСАН” ах дүү хоёр

2023 оны 10 сарын 04

Улс төрийн баруун зүүн жигүүрт гарч зогсчихоод өдөр шөнөгүй улс төр хийж байсан ах дүү хоёрыг “алчихлаа” даа. Энэ бол УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний төрсөн ах Зам, тээврийн хөгжлийн болон Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ нар. Ёстой л “Орондоо орох завгүй олзолдон дайтаж” явсан ах дүү хоёрын улс төрийн карьерт тун амархан цэг хатгав. Аливаа зүйлд хэтэрхий шунах, улайрах нь тийм ч сайн байдаггүй олон жишээ байдаг даа. Тэр тусмаа төрийн өндөр дээд албан тушаалд шунах, түүнээс ашиг хонжоо улайран хөөцөлдөх нь юу юунаас хортой гэдгийг ах дүү хоёр харууллаа.

Арга ч үгүй. Дүү нь сүүлдээ даварч, улс төрийн талбарт ШИНЭН гэх гуравдагч этгээдийг байгуулан, тодорч байсан. Ингэхдээ эрх баригчидтай үгсэн хуйвалдаж, эцэст нь өөрийг нь хоёр удаа парламентад ажиллуулсан АН-аа орхин зөвхөн хувийн эрх ашгийн төлөө улс төр хийсэн. Эцэст нь тэр ахыгаа өмөөрч, Н.Учрал сайдын хэлснээр “Эцэг”-ийнхээ /Ерөнхийлөгч У.Хүрэлсүх/ өөдөөс  лайв  хийн томорч байгаад аавын хаалга татав. Өдгөө энэ хэрэг замхараагүй, шалгах процесс явагдаж байгаа учраас Ж.Батзанданд ямар ч шаанс алга. Уг нь “Гэмт хүн гилбэлзэнэ” гэдэг үгийг мэддэг баймаар юм. Харин тэр “гилбэлзэх” биш бүр өрвөлзөж байгаад өөрийгөө торны цаана суулгасан.

Суухаас ч аргагүй хэрэг өдүүлсэн хүн. Тодотговол, тэрбээр туслахаараа дамжуулан, Капитал банкнаас 12 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан гэж буруутгагдаж байгаа. Капитал банк нь Хөгжлийн банкнаас зээлсэн 227 тэрбум төгрөгийг 90 гаруй аж ахуй нэгжид дамжуулан зээлдүүлсэн бөгөөд Ж.Батзандангийн зөвлөх Г.Аюулгүйн нэр дээр бүртгэлтэй “Азийн бамбар” компаниар хоёр удаа 3-5.7 тэрбум, “Элит цахмаг” компаниар 3.8 тэрбум төгрөгийн зээл авсан нь батлагдсан. Хөгжлийн банкны гэх хэргийг шалгах шатанд дээрх дамжуулан авсан зээл нь түүний эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компанийн данс руу орсон нь илэрч, саатуулан шалгагдаад байсан юм. Улсын ийм их хэмжээний мөнгө аваад төлөөгүй хүн ял үүрч таарна. Тэр тусмаа албан тушаалын давуу байдлаа ашигласан байж болзошгүй байгааг эх сурвалжууд дуулгаж байсан. Тэгэхээр Ж.Батзандан сонгуульд нэр дэвших нь бүү хэл хэдэн жилийн ял авах вэ гэдэгтээ тулчихсан учраас ёстой л “алуулсан”. 

Түүний ах Ж.Бат-Эрдэнийг ч МАН эрхлүүлсэн. Ямар ч эрэмбэгүй нөхрийг хоёр ч яам дамжуулан Дэд сайдын суудалд тухлуулахаас эхлээд найр тавьсан. Харин өнөөх нь хэт шунасан, даварсан учраас ийнхүү карьертаа цэг хатгуулаад байна.  Түүнийг Дарханы замын тендерт оролцсон гэх шалтгаанаар баривчлан саатуулсан. Энэ нь ч шалгалтын явцад тогтоогдсон учраас яах ч арга байхгүй. Гагцхүү хэрэг ямар замаар шийдэгдэх вэ гэдгийг л харах үлдсэн. Ах дүү хоёрын хувьд МАН, АН хэмээх хоёр намд орогнож, тэс өөр үзэл баримтлалтай, өөр өөр зам мөртэй улаан цэнхэр талд гарч зогсочихоод эрх ашгаа нэгтгэх гэсэн шунал нь ийнхүү цааш явах замгүй болгов бололтой. Одоо ах дүү хоёрт хариуцлага тооцож, өрийг нь төлүүлэх хэрэгтэй.

Х.ӨЛЗИЙТ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.71) 2023 оны 10 сарын 04

Улс Төр бол хулгайч нар үүрэлдэг газар нэг хоёр нь намнагдсан бол хорогддог л юм бна

0  |  0
Bi(173.61.91.203) 2023 оны 10 сарын 04

Hurelsuhiin hiij baigaa ajil daa.

0  |  0
Top