“Mining week-2023” уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээ энэ сарын 09-13-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болох гэж байна. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар оролцоно.
Мөн эхний өдрийн арга хэмжээнд “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Р.Фрийдланд оролцож, онцлох илтгэлийг тавина. Түүний хувьд Оюутолгой тэргүүтэй дэлхийд тэргүүлэх зэсийн том ордуудыг нээн илрүүлсэн билээ.
Түүнчлэн энэ өдөр Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн шинэчлэл”, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт “Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр”, Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Эрдэс баялагийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар” сэдвээр тус тус илтгэл тавина.
Илтгэлийн дараа оролцогч талууд салбар хоорондын уялдааны асуудлаар хэлэлцэж, зөвлөлдөх бол Шангри-Ла зочид буудлын Бага танхимд Соёлын үзэсгэлэн болох юм.
Харин чуулганы хоёр дахь өдөр Геологийн суурь судалгаа, ашигт малтмал, хууль эрх зүйн орчин, тусгай зөвшөөрөл олголт болон хариуцлагатай уул уурхай гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд хоёр танхимд хурлууд явагдана. Энэ өдөр геофизикийн шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч “Xcalibur Multiphysics” группийн бизнес хөгжлийн ахлах менежер, зочин илтгэгч Мартин Фрере “Геологийн судалгаанд гарч буй шинэлэг арга, аргачлал” сэдвээр илтгэл танилцуулах бол УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга, Геологийн судалгаа, шинжилгээний төвийн Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаатар, Үндэсний геологийн албаны Гео-мэдээллийн хэлтсийн дарга Ц.Минжинсор нар Монгол орны хэмжээнд хийгдсэн геологийн суурь судалгаа төлөвлөлт, сэдэвчилсэн судалгааны үр дүн, ач холбогдол болон гео-мэдээллийн сан, түүний цахим шилжилт зэрэг геологийн салбарын ололт дэвшлийн талаар тус тус илтгэл танилцуулах юм.
Энэ жилийн чуулганд Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид оролцож буй.
БНСУ-ын Геологи, ашигт малтмалын судалгааны институт, БНХАУ дахь SRK консалтингийн төлөөллүүдийн хувьд мөн зочин илтгэгчээр оролцож, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагаа, ашигт малтмалын төсөлд хэрхэн үнэлгээ тооцох зөвлөх инженерийн аргачлалын талаар гэхчлэн сонирхолтой илтгэл танилцуулна.
Харин Монголын хувийн хэвшлийн томоохон төлөөллүүдээс “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн “Өндөр агуулга бүхий Хөндий эрдсийн дүүргийг нээж хөгжүүлэх нь”, “Макс групп”-ийн УУХҮ-ийн Бизнес хариуцсан захирал Д.Даваа-Очир “Хан-Алтай” алтны ордыг нээсэн түүхээ өгүүлж, баруун бүсийн уул уурхайн салбар дахь туршлагаасаа хуваалцана.
Ийнхүү Их танхимын зочид, төлөөлөгчид Геологи, хайгуулын судалгааны цаашдын чиг хандлагын асуудлыг хэлэлцэх бол Бага танхимд эрдэс баялгийн салбарын холбогдох хуулийн шинэчлэл хийгээд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөнө.
Түүнчлэн арга хэмжээний үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци, хувийн хэвшлүүд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үйл ажиллагаа болно.
-Хөрөнгө оруулалт, шинэ төслүүдийг онцолно-
Чуулганы гурав дахь өдөр анхаарал татсан, тун сонирхолтой сэдвүүдээр зочдын илтгэл, хэлэлцүүлгүүд үргэлжилнэ. Тухайлбал, дэлхий нүүрснээс татгалзах боломжтой эсэх, Хятад-Монголын нүүрсний худалдаа, хамтын ажиллагааны боломж ба сорилт, Монголын нүүрсний чанар ба зах зээлд өрсөлдөх чадвар болон нүүрсний давхаргын хийн ашиг тус, түүний байгаль орчинд үзүүлэх давуу тал гэхчлэн нүүрс тойрсон чухал сэдвүүдийг зочин илтгэгчид хөндөх юм. Эдгээрээс онцлох зочин нь Дэлхийн нүүрсний ассоциацийн Ерөнхий захирал Мишель Манук бөгөөд тэрбээр их гүрнүүдийн хэмжээнд хурцаар яригдаж буй “Дэлхий нүүрснээс татгалзах чадах уу” сэдвээр илтгэл тавина. Түүнчлэн дараагийн онцлох зочин болох “Түдэй тинк танк” судалгааны байгууллагын ерөнхий менежер Хоу Холли Хятад, Монгол хоёр орны нүүрсний худалдаа, хамтын ажиллагаанд гарч буй сорилт, цаашид үүсэх шинэ боломжуудын талаар судалгааны дүгнэлтээ танилцуулах юм.
Зочдын илтгэл дуусмагц Монгол нүүрс ассоциацийн Ерөнхий захирал Ж.Золбаяр Их танхимд модератор хийж, панелистууд Монголын нүүрсний өрсөлдөх чадвар, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Мөн энэ өдөр Бага танхимд Газрын тосны эрэл хайгуул, ашиглалт болон газрын тосны бүтээгдэхүүн гэсэн хоёр сэдвийн дор оролцогч талууд илтгэл танилцуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, цаашдын чиг хандлагыг хэлэлцэнэ. Энэ үеэр УУҮХЯ-ны Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Анхбаяр тус салбарт төрөөс баримталж буй бодлогыг танилцуулах бол газрын тосны хайгуулын хөрөнгө оруулалтын орчны талаар “Петроматад”, “Голден Хорд”, “Тэлмэн ресурс” ХХК-ийн удирдлагууд илтгэл тавина.
Мөн “Газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа” сэдвээр “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхийлөгч Жу Да Ли, “Хийн түлшний өнөөгийн байдал, боломж” сэдвээр “Монголын хийн түлшний холбоо”-ны Гүйцэтгэх захирал Н.Баатардорж, “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн үйл ажиллагаа” сэдвээр “Шунхлай” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран нар тус тус илтгэл танилцуулна.
Ийнхүү чуулганы дөрөв болон тав дахь өдрүүдэд судлаач, шинжээчдийн анхаарлыг татсаар ирсэн сонирхолтой сэдвүүд болох өнгөт болон үнэт метал, аж үйлдвэржилт, тогтвортой хөгжил, өндөр технологийн түүхий эд зэрэг сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүд явагдана.
Эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид та бүхнийг “Mongolian Mining week 2023” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Эхний хоёр өдрийн бүртгэл дууссан тул та бусад өдрүүдийн хуралд амжиж https://miningweek.mn/ вебсайтаар орж бүртгүүлээрэй.
Сэтгэгдэл ( 0 )