Цэнхэртэх боломжгүй ч ЦЭНХЭР ТУГАА ҮГҮЙЛСЭН АРХАНГАЙЧУУД

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 10 сарын 11

Манай сонин өнөөдрөөс эхэлж, УИХ-ын 76 тойргийн нөхцөл байдал, түүний төлөөллийн тухай хүргэх болно. Үүгээр тойргийн сонгогчдын санаа бодол, төлөөллийн хэрхэн ажилласан тухай, тус тойрогт шинээр горилж буй нөхөд гээд өргөн хүрээнд мэдээлнэ. Тиймээс бид энэ удаад УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай аймгийг онцолж байна.


Архангай аймгаас ид насны гурван төлөөлөл парламентад иргэдээ төлөөлж байв. Иргэд олон нийтдээ ч чамгүй нэр хүндтэй, төрдөө ч бусдын жишгээр зүтгэж байсан нөхөд гэхэд болно. Гэтэл өнөөдөр Ж.Мөнхбат нь бүрэн эрхээ түдгэлзүүлчихсэн, Ё.Баатарбилэг нь Хөгжлийн банкны асуудлаар шалгагдаж, Г.Тэмүүлэн нь аавынхаа өдүүлсэн хэргийн сүүдэрт бээрч явна. Эрхэм гишүүдийн гэмт хэрэг өдүүлсэн эсэхийг энд бид дүгнэхгүй. Шүүх хүчний байгууллага эцэслэн тогтооно. УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хувьд “Би нүүрсний хулгайч биш, шалгуулна” хэмээн УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэхээр өөрөө хүсэлтээ гаргасан. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих” зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хувьд “Бусдаас авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр шалгагдаж буй. Түүнд тохож байгаа асуудал нь амьдарч байгаа орон сууцаа ямар мөнгөөр авсан бэ гэх асуулт төдий зүйл. Нэгэн насаараа төрд ажиллаж зүтгэсэн хүнд орон сууц худалдаад авах хэмжээний хуримтлал, хөрөнгө байж таарна. Хуримтлал байхгүй юм гэхэд боломж бий. Тиймдээ ч Ё.Баатарбилэгийн хувьд улс төрийн талаасаа хэлмэгдүүлэлт байж магадгүй хэмээн олон нийт ярьдаг. Түүний хувьд Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гээд нутаг зондоо ихээхэн нэр хүндтэй төлөөлөл юм. Тэгэхээр одоогийн байдлаар Архангайн тойрогт МАН-ын зүгээс баттай нэг суудал хоосон, нэг нь эргэлзээтэй байгаа учраас горлигчид тугаа мандуулаад эхэлсэн.

Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нэгдүгээр тойрогт өрсөлдөхөөр эртнээс зэхсэн. Хамгийн сүүлд жил болгон зохион байгуулдаг Бүх цэргийн цол олгох наадмыг Архангай аймагт Батлан хамгаалахын хууль тогтоомжийг сурталчлах "Бидний бахархал" төслийн хүрээнд тэмдэглэж, цэргийн наадмыг анх удаа орон нутагт зохион байгуулав. Цэргийн наадмыг гэнэт “хөдөөлүүлэх” болсон нь сонгууль угтсан “ажиллагаа” юм. Ингэхдээ генералуудын хамт мод тарихаас эхлээд олон ажиллагаа өрнүүлэв. Түүний хувьд Нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг юм. Г.Сайханбаяр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар томилогдож, өдгөө Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт уламжлан үлдсэн цөөн сайдын нэг. Тэр нэгдүгээр хүний нөмөр нөөлөгт улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас гарцаагүй Архангай аймагт орон гараад байгаа нэг мандатын эзэн мөн. Энэ мэт олон үйл ажиллагаа өрнүүлж байгаагийн нэг нь Зэвсэгт хүчний 342 дугаар ангийг тус аймгийн Эрдэнэмандал суманд байгуулахаар болсон. Энэ бол Г.Сайханбаяр генералын хувьд сонгууль угтсан бас нэг том “ажиллагаа” юм. Орон гарах магадлалтай нэг мандатын эзэн бол гарцаагүй аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид байх болно. Түүний хувьд Архангай аймгийн уугуул, 2009 оноос хойш нутагтаа ажиллаж амьдарч байгаад 2023 онд аймгийн Засаг даргаар томилогдсон, аймгийн МАН-ын хорооны дарга, МАН-ын Бага хурлын гишүүн гэхээр яах аргагүй нэг горилогч мөн. Архангай аймаг бол цагтаа цэнхэр байсан ч 2016 оноос хойш улаан талдаа сонголт хийж ирсэн. Түүнээс биш МАН-д ихээхэн халгаатай тойрог гэдгийг энэ удаагийн орон гараад буй суудлуудаас ч харж болно.

Архангайчууд сүүлийн үед улаан чиг баримжаатай явж ирсэн ч одоо цэнхэр туг хатгахыг эрхэмлэж байгааг хэлцгээсэн. Гэтэл цэнхэртэх ямар ч боломж алга. Үнэндээ АН-аас туг тойроод дэвчих хүн алга. Уг нь бол саналын хамгийн огцом давалгаатай аймаг бол Архангай. Сайд бүү хэл хоёрын хоёр УИХ-ын даргыг унагаад явуулдаг тойрог гэдгийг Г.Сайханбаяр ч санаж явахад илүүдэхгүй. Санаж байгаагаар 2000 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан Р.Гончигдоржийг унагаад авсан бол 2004 онд мөн УИХ-ын даргаар ажиллаж байсан С.Төмөр-Очирыг унагасан тойрог. Сонгуулийн түүхэнд УИХ-ын дарга унаж байсан түүх бараг л үгүй. Сүүлд З.Энхболд УИХ-ын дарга байхдаа Баянголд унаж хөгөө хөлдөө чирсэн байх. Гэтэл архангайчууд хоёр сонгууль дараалан УИХ-ын даргыг унагаж байсан юм. Нөгөө талаар өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуулиар АН ялалт байгуулж байгаа нь ч цэнхэр угшилтай гэдгийг харуулна. АН хэдийгээр муугаа үзэж байгаа ч хөрс суурь нь удам угшлаа даган оршсоор байгааг харуулсан хэрэг.

Энэ мэтээр ерөнхийдөө л цэнхэр туг хатгах гээд байдаг энэхүү тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар зодоглох төлөвтэй. Харин АН-аас өөдтэй дүр алга. Р.Гончигдорж, Н.Батбаяр нарын хувьд ямар ч карьергүй болж, насны өндөрлөгт гарснаас гадна нэр нүүр ч үгүй болсон. Уг нь нэг удаа Архангай аймгаас сонгогдож байсан Б.Болор гэж нөхөр бий. Даанч цаадуул нь Сангийн сайдаар томилж байгаад бүлэглэлийн гэмт хэрэгтээ татан оролцуулсан учраас ял эдэлсэн. Энэ мэтээс үүдэж, тэрбээр улс төрийн талаасаа цааш явахад хэцүү болсон учраас гуравдугаар сургуулийн захирлын алба хашиж байна. Саяхан болж өнгөрсөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн сунгаанд Н.Батбаярын охин Б.Жаргалан тэргүүлж, Ерөнхийлөгч болсон. Уг нь бол тэр намын нэрсийн жагсаалтад дээгүүр эрэмбэ эдлэх хэмжээнд ирсэн ч Архангай нутагт нэр дэвших магадлал бий хэмээж байна. Бэлэн хоол байхад “үхэл”-рүүгээ явахгүй л болов уу.

Архангай аймгаас суудал чирээд ирнэ гэх баттай дүр АН-д алга байна. Үзээд өгье алга байгаа ч архангайчууд ихээхэн сонирхолтой сонголт хийдэг гэдгийг санахад илүүдэхгүй. Энэ нь АН залгамж халаагаа бэлддэггүй, өөрсдөө л зүтгээд байсны гор нь тойрог бүрд л гарч байна. Ерөөсөө энэ хэдэн өвгөн АН-ыг сүйд хийсэн. Хэдийгээр нөхцөл байдал иймдээ тулсан ч АН хэмээх айл Архангай аймагт өрсөлдөгч илгээж таарна. Тэгвэл өнгөрөгч 2020 оны сонгуульд өрсөлдөж унасан Д.Золжаргал даагаа нэхэх бодолтой байгааг эх сурвалж хэлсэн. Тэрбээр С.Эрдэнийг хүчтэй байх үед Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан юм. Мөн Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын хүү П.Мөнхтулга гэж ямар ч рейтинг байхгүй нөхөр ч санаархаж байгаа аж. Ганц сонирхолтой зүйл гэвэл АН-ын дарга асан С.Эрдэнэ Архангай аймагт горилж магадгүй гэдгийг хэлсэн. Түүний хувьд Баянгол, ерөөсөө нийслэлийн хэмжээнд рейтинг нь унасан учраас хөдөөг зорьж байж болох юм.

Түүний хувьд Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, энэ зүгт чамгүй гар сунгадаг нэгэн. Эх сурвалж болон иргэдийн байр сууриас харж байхад архангайчууд үнэхээр цэнхэр талдаа сонголт хийхийг хүсэж байгаа ч энэ талаас ялах нь бүү хэл нэрийг нь дэвшүүлэх ч олигтой дүр байхгүй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.5.198.49) 2023 оны 10 сарын 11

Bolor

0  |  0
DR. ADITYA(129.205.113.153) 2023 оны 10 сарын 11

\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.113.153) 2023 оны 10 сарын 11

\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Архангайн АН(202.9.46.1) 2023 оны 10 сарын 11

Го даргаар маань битгий оролд, дээгүүр байсан ганц цэвэр хүн нь байх шүү!

0  |  0
У(202.131.243.50) 2023 оны 10 сарын 11

Д.Золжаргал бурхан болсон. Ум мани бадмэ хум Ум мани бадмэ хум Ум мани бадмэ хум

0  |  0
У(202.131.243.50) 2023 оны 10 сарын 11

Д.Золжаргал бурхан болсон. Ум мани бадмэ хум Ум мани бадмэ хум Ум мани бадмэ хум

0  |  0
Top