Мөн ч олон жил зүтгэж байж УИХ-д орж ирсэн Ц.Анандбазарыг иргэн Б.Сүндэръяа хэдэн зуугаар тоологдох бүсгүйчүүдэд дарамт үзүүлсэн хэмээн цахим орчинд мэдэгдэл хийж, Цагдаагийн ерөнхий газарт хандсан байдгийг та бүхэн мэднэ. Тухайн үед иргэн Б.Сүндэръяа “Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх 1000 орчим эмэгтэйчүүд хандсан” гэж онцолсон. Ингэхдээ бүсгүйчүүдийн нэрсийн жагсаалтын ард гарын үсэг хүртэл цуглуулчихсан байв.
Тиймээс тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүх "Ц.Анандбазарыг гишүүнээс нь түтгэлзүүлээд шалгуул гэж намын даргын хувьд зарчмын байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ өөрөө өргөдлөө өгч байж, эсвэл хууль хяналтын байгууллага түтгэлзүүлж байж шалгана. Үгүй бол намаас нь түтгэлзүүлэх асуудлыг хүртэл ярьж байгаа. Гэм буруугүй гэвэл намдаа эргүүлж авах асуудал яригдана” хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Үүний дагуу 2021 оны тавдугаар сарын 13-ны өдөр МАН-ын Хяналтын хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намаасаа түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байв.
Ингэхдээ түүнийг цагдаагийн байгууллагад шалгуулж, үнэн худал эсэхээ тодруулж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн.Энэ нь шинэхэн гишүүний хувьд чамгүй шийтгэл байсан.
Түүнээс хойш УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан бүү хэл Төрийн ордон дахь өрөөгөөрөө ховор үзэгдэх болсон Ц.Анандбазар сүүлийн үед Бүлгийн хуралдаанд сууж байгаа харагддаг. Гэтэл МАН-ын Хяналтын хорооноос 2021 онд гаргасан шийдвэрээ цуцалж, Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээр эргүүлэн авсан тухай мэдээлээгүй. Нөгөө талаар иргэн Б.Сүндэръяагийн гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газраас Ц.Анандбазарт холбогдох асуудлыг шалгаж дууссан, эрүүгийн шинжтэй, эсвэл гэм буруугүй гэдэг байр суурь ч илэрхийлсэнгүй.
Уг нь МАН-ын удирдлагууд тухайн үед “Ц.Анандбазар цагдаад шалгуулаад гэм буруугүй нь тогтоогдох юм бол эргүүлэн гишүүн байх эсэхийг ярилцаад шийднэ” гэж байсан ч сураг алдарсан. Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр энэ тухай байр сууриа илэрхийлэхдээ “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувьд МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос 2021 оны тавдугаар сард намаас түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Ц.Анандбазар одоо МАН-ын бүх шатны үйл ажиллагаа, намын бүлгийн хуралд оролцохгүй байгаа. Тухайн хэрэг нь шийдэгдсэний дараа намын гишүүнчлэлээ сэргээх боломжтой. Ц.Анандбазарын "Сод монгол" компани Хөгжлийн банкнаас авсан 3.6 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн барагдуулсан” хэмээж байсан бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ц.Анандбазарын асуудал хуулийн байгууллагаар эцэслэн шийдэгдэх хүртэлх хугацаанд МАН-ын гишүүнээс түдгэлзүүлж байгаа. Хуулийн байгууллагын шийдвэр яаж гарахаас хамаарч дараагийн асуудал хөндөгдөнө” гэж байсан.
Энэ бүгдээс харахад өнөөдөр МАН-ын гишүүн биш гэж ойлгогдож байна. Гэтэл яагаад МАН-ын бүлгийн болон бусад хуралдаанд сууж байгааг ойлгох юм алга. Ц.Анандбазар өнгөрөгч гурван жил тойргоо чамгүй л усаллаа. Хөдөө орон нутгийн иргэдэд аяны хөнжил, дуран тараахаас эхлээд Айрагны хөшөө босгож хүртэл аргаа барж байгаа хүнийг тойргоо усалж байна гэж харахаас өөр яахав.
Гэтэл одоо ч асуудлаа цэгцэлж, МАН-ын гишүүнчлэлээ сэргээгүй түүнд мандат олдохгүй. Томсгосон тойрогт шинэ хуулийн дагуу өрсөлдөх учраас бие даан нэр дэвшээд ч амжилт олохгүй. Өөр намын нэр дээрээс өрсөлдөх ч боломж хомс гээд олон талаас нь аваад үзэхээс Ц.Анандбазар гэх гишүүний карьер энэ хүрээд өндөрлөж байгаа бололтой. Нөгөө талаар сонгууль дөхөхөөр иргэн Б.Сүндэръяагийн Цагдаагийн ерөнхий газарт гаргасан өргөдлийн асуудал дэгдэж, бараг л түүний эсрэг холбоо байгуулах нь халаг болно. Үүнийг өлгөн авах, магадгүй санхүүжүүлэх өрсөлдөгч Булганы бөх даргаас эхлээд хаа мундах билээ. Цахим орчинд иргэн Б.Сүндэръяатай хагас нүцгэн зургаа ихэд дотнохон байршуулсан өрсөлдөгч ч байгааг мартаж болохгүй.
Сүүлийн үед эрхэм гишүүний хамаарал бүхий “Сод Монгол” группын харъяа шатахуун түгээх станцууд өөрийн карттай хүнд үйлчлэхээс гадна нэг машинд 30 мянган төгрөгийн шатахуун өгнө гэсэн хэмжээ тогтоож байгаагийн цаана юу байна. МАН-д сануулга өгч ч байж болох юм гэдэг хардлага бий. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Сод Монгол компанид нөөц байгаагүй” хэмээн мэдэгдэж байна лээ. Ерөөсөө нефтийн хараат улсын Засгийн газрын мөнхийн шүдний өвчин, шаналгаа бол шатахуун түлш юм. Тиймдээ ч үе үеийн Засгийн газар, эрх баригчид шатахуун түлш импортлогчдынхоо аманд багтаж, тэдэнд найр тавьж ирсэн. Импортлогчид үгсэн хуйвалдах, шантааж хийх замаар хөнгөлөлттэй зээл авахаас эхлээд арга хэмжээ зохион байгуулдаг тухай яриа шүүмж бишгүй л байгааг санахад илүүдэх юун.
Ц.Анандбазарыг ийнхүү шуугиан дэгдээж байх үед УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат “Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан улс төрийн зорилготой зүйл дээр нам дотооддоо хагарч, нэг гишүүнээ өөнтөглөх шаардлагагүй” гэж байхад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар “Хүчирхийлэл нь дэмжих, өөгшүүлэх хэлбэр зүйл биш. Гэхдээ шүүхээр тогтоох учиртай” гэсэн байдаг. Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, М.Оюунчимэг тэргүүтэй эмэгтэй гишүүд “Хүчирхийллийг дэмжихгүй” гэсэн утгатай сэтгэгдэл нүүр хуудсандаа нийтлэхдээ бүлгийнхээ дотоод цахим орчинд “Бид дуугарахгүй бол муухай харагдаад байна” гэх утга бүхий зүйл бичиж байсныг санаж байгаа байх.
Ямартай ч Ц.Анандбазар бол МАН-ын гишүүн биш болсон. Харин гишүүнчлэлээ эргэн сэргээсэн эсэх талаар нэг ч мэдээлэл байхгүй. Тэгэхээр намаас хөөгдсөн хэвээрээ байгаа гэсэн үг. МАН хөөчихөөд айсуй сонгуулиар мандат өгөхгүй л байх.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Ene odoo yu ym be. Porno star ymuu..1000 garan ch grh shig
Энэ гурвалжин тэнэг нөхөр дахиад сонгогдвол яанаа харалган төр ийм гишүүдээр дүүрч
ккк Энэ сонин А-г дарамтлаж санхүүжилт авах гэж байгаа бололтой.... Сү хүүхэн анх 1000 хүүхэн гэж ярьсан биз дэ, 1000 хүүхэн эргүүлэх оролдоход маш их цаг зарцуулах байх ... хэдийдээ бизнес улс төрийг хийх вэ... тэгэхээр Сү хүүхэн анхнаасаа сүржин анхаарал татах тусгай зорилготой мэдэгдэл бсн бололтой... цагдаад дээр ядаж 10 дахин бага 100хүүхэн, 100дахин бага 5-10 хүүхэн шалгагдсан мэдээ гараагүй дээ 1л хүүхний яриа байгаа гэгдээд байсан... тэгээд ч нам нь хөөгөөгүй түдгэлзүүлээд шалгагдаад дууссан гэгдээд бсн да
Харах царайны бузартай гаж донтой өвгөн огтоос болоогүй хий хоосон биш ийм асуудал бгаа болоод л шүүх цагдагаас шалгагдаж нам нь гишүүнээс нь татгалзуулсан байхаа орк өвөө