Даварсан дунд шатныханд даруулга хэрэгтэй байна

2023 оны 10 сарын 12

Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн нийтийн тээврийн парк шинэчлэх ажил олон асуудал дагуулсан. Сүүлдээ хотын дарга, асуудал эрхэлсэн сайд нь ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ингэж ажлаа өгөх үеэрээ нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар “Ээ дээ, дунд шатныханд их асуудал бий" гэсэн утга бүхий зүйлийг хэлж, толгой сэгсэрсэн удаатай. Гэтэл түүний энэ үг үнэхээр үнэн бололтой. Учир нь Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Цавчаа ногоон” хэмээх алдар хүртэтлээ томорсон автобус худалдан авалттай холбоотойгоор хоригдон шалгагдаж байхдаа өөрийгөө хутгалсан. Өмнө нь цагдаагийн байгууллагад том цолтой алба хааж явсан энэ нөхөр өсвөр насны хүүхэд шиг айж, ичсэндээ амиа хорлохыг завдаагүй нь лавтай. Ямар хэмжээний асуудалд хутгалдсан, үр дүн нь юу болохыг, хэдий хэр хэмжээний ялтай болохоо тооцоолж л байсан байж таарна.

Харин өнөөх л дунд шатны нөхдүүд өнгөрсөн долоо хоногт нийслэлээс худалдан авалттай холбоотой бичиг баримтууд гадагш нь зөөж байгаад хууль хяналтынханд үйлдэл дээрээ баригдсан байна. Эл хэрэгтэй холбогдуулан нийт 13 хүнийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. “Сайд ирж л байдаг, явж л байдаг” гэсэн алдарт үгээ дунд шатны дарга нар тэртээ олон жилийн өмнө хэлсэн юм гэнэ лээ. Үүндээ урамшсан тэдний үйлдэл хэрээс хэтэрч, олон зуун тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулж, нийслэлчүүдийг хохироосон. Тэдний балгаар энэ жил нийслэлчүүд автобус хүрэлцэхгүй байх, хэт хуучирсандаа чихэлдэх эрсдэл үүсээд байгааг ч энд онцлох хэрэгтэй.

Тийм ч учраас Засгийн газраас яаралтай шийдвэр гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн. Түүний асуудлыг энэ долоо хоногийн сүүлээр НИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Л.Оюун-Эрдэнийн хувьд хамгийн ойрын итгэлт хүнээ ёстой л буруу харж уйлж, зөв харж инээж байж нийслэл рүү явуулсан нь тодорхой. Хамгийн итгэлтэй хүн гэж хэлээд байгаагийн учир нь Х.Нямбаатар Оюутолгой, Орона групп, Нүүрсний сонсгол гээд нийтдээ 27 Ажлын хэсгийг ахалж байснаар тайлагдана. Нэг ёсондоо өөрийн баруун гараа нийслэл дээр аваачиж, бүх удирдлагыг нь өгөөд Засгийн газраас зургаан сарын хугацаанд бүхий л шатанд нь дэмжиж байж нийслэлд бугшсан идээ бээр, хэт даварсан дунд шатныхныг дарж авахаар тооцсон гэсэн үг. Төрийн үйлчилгээний 70 гаруй хувь, төрийн мэдээллийн 11-11 төвд ирж буй гомдлын 80 орчим хувь нь зөвхөн нийслэлтэй холбоотой бөгөөд нийслэлийн асуудал шийдэгдвэл УИХ, Засгийн газрын ачаалал 70-80 хувиар хөнгөрнө гэсэн үг гэдгийг Ерөнхий сайд чуулганы индэр дээрээс онцолсон.

Мэдээж өөрсдийгөө хаан, заан мэтээр төсөөлөн, ямар ч асуудлуудыг зохицуулж чадна гэж итгэн дунд шатанд хөгцөртлөө суусан нөхдүүд тийм ч амар буугаад өгчихгүй нь тодорхой. Зарим том дарга нарын авлига, хулгайн асуудал ч үүнтэй зэрэгцэн олон нийтэд ил болох нь цаг хугацааны л асуудал. Гэвч энэ нь ирээдүй хойчдоо тустай зүйл байх болно. Энэ асуудалд Засгийн газраас шуурхай ажилласан шиг Х.Нямбаатар хотын дарга болоод бузар булай бүхнийг нь нэг бүрчлэн илчлээд өгвөл бараг л Үндэсний баатрын хэмжээнд очино. Харин нэг сайн сэгсэрч, цэвэрлэж аваад цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр нь анхаарч хууль, эрхзүйн орчныг нь ч сайжруулах нь зүйтэй. Мөн авлига, хээл хахууль гаарах болсон үндсэн шалтгаануудын нэг болох цалин, урамшууллыг нэмэх асуудлыг ч хөндөж, чадвартай, мэдлэг боловсролтой, чин сэтгэлтэй дунд шатныхан түүндээ тохирсон цалин аваад, бусдаас авлигын мөнгө горьдож, төрийн ажлыг завхруулдаггүй байх тогтолцоог бий болгож өгөх хэрэгтэй. Цаашдаа Монголд нүүрлэсэн авлигын сүлжээний тайлагдашгүй орооцолдоог тайлахад ч тус дэмтэй зүйл болох нь гарцаагүй. Өнөө цагийн даварсан дунд шатныханд даруулгыг нь өгсөн шиг өгөөд, ирээдүйн чадварлаг дунд шатныхнаа бэлдэхэд анхаарах нь маш чухал байна.

Х.ЖАРГАЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.161.180) 2023 оны 10 сарын 12

Dund davhargiig helmegduulj gal namjaaj tug tahih n dee huurhii. Tom uls tur hud n dund n multarch uldeh n dee...Ene zorilgotoi niitlel bh aa da

1  |  0
тт(66.181.168.82) 2023 оны 10 сарын 12

Үнэндээ дээд даргын тушаал, шийдвэргүйгээр ялангуяа гарын үсэггүйгээр муулаад байгаа дунд шатныхан чинь юу ч хийж чадахгүй шүү дээ. харин дарга нарын үгийг сөрж чадахгүй гөлөг болж байж өөрсдөө хэрэгт орж, элдвээр хэлүүлж байгаа юм. Сайд ирж л байдаг, явж л байдаг гэдэг үг сайд нарт л зориулж хэлсэн болохоос тэр хамаагүй бид л бүгдийг чадна гэсэн төрийн албан хаагчдын үг биш шүү, сэтгүлч гуай

0  |  0
Top