Л.Оюун-Эрдэнэ найтаахад Л.Гантөмөр ханиад хүрнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 13

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж холимог тогтолцоонд шилжүүлснээр УИХ-ын гишүүдийн тоог 126, намуудын саналын босгыг гурван хувь болгон намсгасан. Парламент дахь төлөөллийн тоо нэмэгдэж, намын саналын босгыг таван хувиас гурван хувьд намсгахаар гуравдагчдын орон зайд байгаа улс төрийн намын дарга нар нэрсийн жагсаалтад өөрсдийгөө тодруулчихсан явна. Энэ нь МАН, АН, ХҮН төдийгүй парламентад суудалгүй намуудын дунд ид өрнөж байна. Үнэн хэрэгтээ айсуй парламентад МАН, АН, ХҮН, ИЗНН гэсэн төлөөллөөс хэтрэхгүй л болов уу. Хэдийгээр улс төрийн намуудын саналын босгыг намсгаж өгсөн ч жижиг намууд “Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлах” хэрэггүй л байх.

Харин эрх баригч МАН-ын хувьд энэ удаагийн сонгуульд тэс өөр тактик зохион байгуулалтаар орох бололтой. Тухайлбал, тэд олон нийтийн төсөөлөөгүй шинэ залуу, салбар салбарын төлөөлөл болсон нэр цэвэр хүмүүсээ оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ тухай Монгол Улсын Сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ: "Намын жагсаалт бол дарга, сайд нарыг УИХ-д оруулдаг хэрэгсэл биш. Харин нийгмийн бүлгийн төлөөллийг бүрэн оруулах зорилготой байх ёстой. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, эмч, багш, сэхээтний төлөөллийг намын жагсаалтаар нэр дэвшүүлж, өрсөлдөөн багатайгаар УИХ-д оруулах боломжийг бий болгоно. Энэ нь тэднийг дарга болгож буй хэрэг биш. Тухайн нийгмийн салбар дахь тулгамдсан асуудлыг төрийн бодлого болгох зорилготой. Сайд нар ч улс төрийн манлайлал үзүүлэх чадвартай учраас намын жагсаалтын хойно нуугдаж, УИХ-д орж болохгүй гэдэг зарчмыг Ерөнхий Сайд тавьж байгаа" гэсэн юм.

Ингэхээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёроос эхлээд Засгийн газрын гишүүн, сайд нар УИХ-ын 2024 оны сонгуулиар намын жагсаалтаар биш тойрогт нэр дэвшин өрсөлдөх бололтой. Ерөнхий сайд өөрөө поп ч хүн дээ, сонгууль дөхөхөөр “Намын дарга нар нэрсийн жагсаалтын ард нуугдах хэрэггүй. Үнэхээр л ард түмний төлөөлөл мөн, өөрийгөө лидер учраас нам удирдаж байгаа гэж үзэж байгаа бол тойрогт очиж өрсөлдөх ёстой” хэмээн бусад намын дарга нарыг уриалах нь гарцаагүй. Ерөнхий сайдаа дагаад Засгийн газрын зарим гишүүд, Ц.Даваасүрэн мэтийн попууд ч байр сууриа илэрхийлнэ.

Тэгэхээр бусад намын дарга нар ч дүүрсэн хэрэг. Гагцхүү АН-ын дарга Л.Гантөмөр, С.Баярцогт нар сүйрнэ гэсэн үг. Тэр тусмаа Ерөнхийлөгч асан, намын дарга аснуудын зөвшөөрлөөр АН-ын дарга болсон Л.Гантөмөр хөөрхий болно. Ингээд зогсохгүй давхар МАН толгой дохиж байж сая АН-ын дарга болсон хүн. Л.Гантөмөр бол хаана ч өрсөлдсөн ялалт байгуулахгүй. Түүн шиг рейтинг нь унасан улстөрч Монгол Улсын хэмжээнд одоогоор алга байна. Ёстой л “Орос найтаахад Монгол ханиад хүрнэ” гэдэг шиг Л.Оюун-Эрдэнэ найтаахад Л.Гантөмөр ханиад хүрч таарна. Тэргүүн дэд дарга С.Баярцогтын хувьд бол Сэлэнгэ аймагтаа очоод “Намайг хэлмэгдүүлж шоронд хорьсон” хэмээн цагаатгасан бичгээ үзүүлж, уйлаад явахаар гараад ирэх өндөр боломжтой. Урьд өмнө ч өндөр карьертэй явсан улстөрч учраас ялалт байгуулчих байх. С.Баярцогт өнгөрөгч сонгуулиар баривчлагдан хоригдсон. Тухайн сонгуулиар АН-аас нэр дэвшсэн бурхан ч ялахад хэцүү байсан. АН-ын нэрийг өвгөд нь шороотой нь хутгачихсан байсан учраас яах аргагүй гурван мандатын дөрөв дээр таслуулна лээ. Одоо элдэв баривчилгаагүй арай өөр зүйл яриад явахаар ялчих байх. Шоронд хорьж, элдэв муу муухайгийн жишээ болгоод байхад нийт сонгогчдын 20 гаруй хувийн саналаар дөрөвт эрэмбэлэгдсэн. Хэрэв тэр хоригдоогүй бол ялчих байсан. Л.Гантөмөрийн дэргэд ХҮН-ын Я.Доржханд ч гараад ирнэ, ИЗНН-ын Б.Батбаатар ч гараад ирнэ.

Үнэхээр өөрийгөө “Би лидер” хэмээн ойлгож улс төрийн нам тэргүүлж байгаа бол намын нэрсийн жагсаалтад нуугдах нь сайхан хэрэг биш. Ууган намын дарга уриалж байхад жагсаалтад нуугдаж үлдэнэ гэдэг эсрэгээрээ намынх нь нэр хүндэд муугаар нөлөөлж таарна. Сонгогчдын араншин гэдэг барьж болох зүйл биш. Үнэхээр таашгүй. Тэгэхээр жагсаалтын ард нуугдсан дарга нарын намын рейтинг сонгуулиар уруудна гэсэн үг. Зөвхөн өөрийнхөө төлөө бүхэл бүтэн намыг шороотой хутгана гэж үгүй. Иймээс Л.Гантөмөрийг тосон уулзах том зовлон бол энэ юм. Тэр яагаад ч гишүүн болж чадахгүй учраас АН-ын нэрийг унагааж намын нэрсийн жагсаалтын ард нуугдахаас өөр сонголт үгүй л болов уу. Гэтэл гишүүд дэмжигчдийн шахалт шаардлага гэж нэг зүйл бий.

Нөгөө талаар түүний удирдаж байгаа АН учраа олж, суудлаа эзлэлгүй олон жилийн нүүр үзлээ. Өнөөдрийн байгаа байдал, удирдаж байгаа даргаас нь харахад энэ чигээрээ сонгуульд орох бололтой. Хэдийгээр тамга тэмдэгтэй гэх дарга сонгосон ч дотоод зодоон байсаар байна. Л.Гантөмөр АН-ын дарга гээд сууж байгаа ч цаана нь өнөөх хорчин өвгөд нь хэвээрээ байгаа. Арга ядахдаа нэг Тэргүүн дэд дарга, 15 дэд дарга сонгон фракцуудынхаа эрх ашгийг хангалаа хэмээн хөдөлсөн. Гэвч намын дарга, Тэргүүн дэд дарга, 15 дэд даргын дунд эрх ашгийн томоохон зөрчил үүсэж мэднэ. Үүсэх шалтгаан нь АН-ын удирдах бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ гэсэн гурван нөхрийн төлөөний хүмүүс л эксүүдийнхээ дохио зангааг хүлээн, яахаас ч буцахгүй сууна. Ийм л нөхцөл байдалтай намын нэр дээрээс эрх мэдэлгүй дарга нэртэй тойрогт өрсөлдвөл Л.Гантөмөр захын нэр дэвшигчид унана.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бал(66.181.190.183) 2023 оны 10 сарын 13

Тэнэг Данх Гантөмөрөөс илүү гэж ямар эргүү нь шивнээд байнаа. Хоолны хордлого нь хөл рүүгээ орчихсон мулгууг сүүлийг нь сөхөөд өөрсдөө бүх нийтээрээ онколдохын цондон

2  |  0
Зочин(103.212.118.156) 2023 оны 10 сарын 13

Ан тийм сул дорой даргатай байж яаж сонгуульд орох гээ вэ одоо бол яг голын нь олсон нам л сонгууль амжилт гаргаж болхоор бнадаа

1  |  0
Top