Эрүүгийн хуулийг хэлэлцэхдээ 21.9 дэх заалтыг ХАСАХ НЬ ЗҮЙТЭЙ гэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 16

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2023.10.16) хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар намын бүлгээс мэдээлэл хийв.
 


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Монгол Улсын төсвийн тухай хууль болон МСНЭ-ээс өргөн барьсан Эрүүгийн хуулийн зарим заалтыг эсэргүүцэж байгаатай холбоотой асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцлээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Энэ нь бага насны хүүхэд, гэр бүлтэй холбоотой гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлийн хуулийн төсөл бөгөөд Эрүүгийн хуулийн 21.9 буюу Мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байхтай холбоотой заалтыг энэ хүрээнд мөн өргөн барьсан. Үүнийг мэдээлэл олж авахыг эрхийг багасгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах гэж байна гэдэг агуулгаар сэтгүүлчид эсэргүүцэж байна.

Бүлэг дээр асуудлыг хэлэлцээд, УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж үзлээ. Энэ лхагва гаригт ээлжит бус чуулган хуралдаж, Эрүүгийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Хоёр долоо хоногт багтаан энэ асуудлыг шийдвэрлэнэ" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top