Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” уулзалтад оролцохоор Бээжинд ирэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань нар угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцох юм.

Тэрбээр уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, Монгол, Хятад болон Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top