Н.Тэгшбаяр: Мега төслүүд Монголыг хүчирхэг болгоно

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 18

Франц Улсын “Орона майнинг САС” компанитай хамтран уран олборлож, шар нунтаг гаргахаар болсон талаар Цөмийн эергийн газрын дарга асан, Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийсэн айлчлалын үеэр олон жил яригдсан ураны асуудлыг эцэслэн шийдвэрлэж, хөдөлгөхөөр боллоо. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Үүнийг түүхчлээд яривал Монгол, Франц хоёр улс хамтраад ураны эрэл хайгуулын шатанд ажиллаж ирсэн. Үүний үр дүнгээр хоёр улсын хамтарсан “Бадрах энержи” гэдэг компани байгуулагдсан. Цөмийн энергийн тухай хуулиар тус компанийн 34 хувийг Монгол Улс үнэ төлбөргүй авсан байдаг. Хайгуул хийгээд манай улсыг 200 мянган тонн байгалийн ураны нөөцтэй гэж тогтоосон. Үүнийн тал хувь нь “Бадрах энержи” компанийн мэдэлд байгаа юм. Дулаан-Уул, Зөөвч овоо гэсэн ордуудыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хийх цаг үеийн шаардлага бий болсон. Өөрөөр хэлбэл, энэ хөрөнгө оруулалтын гэрээг хийчих юм бол хайгуулын шатнаас олборлох, шар нутгийг экспортлох шатанд очих юм. Сая манай улсын Ерөнхийлөгч Франц улсад айлчлах үеэр уг хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий зарчмуудыг тохиролцсон тохиролцоон дээр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт гарын үсэг зурлаа. “Эрдэнэс Монгол” компани бол Монгол Улсын “Бадрах энержи” компаниас эзэмшиж байгаа Монгол Улсын 34 хувийн эрдэс баялгийг бодлогыг хэрэгжүүлдэг корпораци шүү дээ. Энэ бол түүхэнд тэмдэглэгдэх ийм үйл явдал боллоо. Цаашлаад энэ хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор үргэлжилж, УИХ-аар оруулж батлаад ажил хэрэг болоод явах учиртай.

-Хөрөнгө оруулалтын гэрээнд урьдчилсан байдлаар ямар, ямар нөхцөлүүдийг тохирсон бол. Манай улсын хувьд 10 хувийн давуу эрхтэй хувьцаа авна гэж байсан. Энэ нь ямар учиртай вэ?

-Би албан ёсны Ажлын хэсэгт нь ороогүй боловч авсан мэдээллээр болямар ч байсан рояалтиг өндөр тогтооё гэсэн зарчимд хүрсэн юм билээ. Үнийн өсөлтөөс шалтгаалан 19 хувь хүртэл, стандарт нь 11, хамгийн багадаа тав байхаар тохирсон. Манайхан “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашина” гэж ярьдаг. Рояалти гэдэг бол эзэнд өгч байгаа мөнгө юм. Өмнө нь хоёр улсын Засгийн газар хоорондын ойлголцлоор бол хамтраад шар нунтаг гаргаад эхлэхээр Монголд оногдох хувьтай тэнцүү эцсийн бүтээгдэхүүнийг уранаар нь авна гэсэн тохиролцоо байгаа. Ингээд ирвэл стратегийн хувьд Монгол, Франц улсууд хамтран мега төсөл хэрэгжүүлэхэд нэг алхамаар урагшиллаа гэсэн үг. Мега төсөл гэдэг чинь 500 сая ам.доллараас дээш мөнгөн дүнтэй төслийг хэлдэг. Ийм хэмжээний төслийн мөнгө тухайн улсын банкуудаар дамжин орж ирэх ёстой. Мөн хүний нөөцийн 95 орчим хувь нь монгол ажилчид байх зарчмын тохиролцоо хийгдсэн байна. Энэ мэт олон мега төслүүд хэрэгжүүлж байж манай улс өрсөлдөх чадвартай улс орон болно.

-Энэ төсөл манай улсад эдийн засгийн болон нийгмийн талаасаа ямар үр өгөөж өгөх вэ?

-Эдийн засгийн талаасаа мэдээж чухал үр нөлөөтэй. Бүх төрлийн татвараа төлөөд ажлын байр бий болгоод явна. Гол асуудал бол Оюу толгой дээр гаргасан алдааг давтахгүй байх ёстой. Үүн дээр Засгийн газраас ч анхаарч байгаа байх гэж найдаж байгаа. Ингэхийн тулд рояалтиг л маш сайн ойлголцох хэрэгтэй. Дээрээс нь цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, байгаль орчинтой хэрхэн харилцах тухай заалтуудыг тусгайлан оруулж өгөх нь нээлттэй байгаа. Франц улс бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэг. Манай улсыг НҮБ-ын гишүүнээр элсэхэд анхлан дэмжсэн орнуудын нэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, манай хоёр улс маш өргөн, урт хугацааны дипломат харилцаатай. Энэ оны тавдугаар сард Франц улсын Ерөнхийлөгч манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол Францын онцгой түнш” гэж зарласан. Тэгвэл сая манай Ерөнхийлөгч очихдоо манай гуравдагч хөрш гэж зарлана гэдэг бол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа их өндөр түвшинд очсоныг харуулж байгаа юм. Үүний дараагийн алхам бол стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах явдал. Энэ хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжин бусад хөрөнгө оруулагч нар ч орж ирнэ. Франц улс бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэгээс гадна Европын холбооны эдийн засаг, геополитикийн гол тоглогч орон. Ингээд бодохоор Европын хөрөнгө оруулагчид, улс төрийн анхааралд манай улс очиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж болох юм гэсэн ойлголтыг өгсөн. Үүний ч дагуу зөвхөн уран гэлтгүй уул уурхайн бусад салбаруудад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа хөрөнгө оруулагч нар илэрхийлээд эхэлсэн байна. Энэ бол маш зөв дохио.

-Энэ хөрөнгө оруулалтын гэрээг одоогийн парламентын бүрэн эрхийн хугацаанд амжиж батлаад ажил хэрэг болгож чадах болов уу. Учир нь нэлээд хэдэн “Эх оронч” гишүүн бий шүү дээ?

-Зүгээр нэг Засгийн газар, эсхүл Ерөнхийлөгч дурлаад хийгээд байгаа ажил огт биш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, дэмжээд хийж байгаа ажил. ҮАБЗ-ийн зөвлөмж гараад хэрэгжээд явж байгаа ажлыг эсэргүүцэх юм бол ҮАБЗ-ийн үзэл санааны эсрэг үйл ажиллагаа болно. Тэгэхээр улс орны зүгээс үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг анхааралдаа авах шаардлагатай. Зөвхөн Их Хурлын гишүүн ч биш. Эсэргүүцээд байгаа нөхдүүдийг анхааралдаа авах хэрэгтэй юм. Үндэсний хэмжээний мега төслийг гацаах тал дээр оройлон тоглогч байж болохгүй. Эдийн засгийн ач холбогдлоос гадна үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын үзэл баримтлал дээр дипломат яриа хэлэлцээрээр Монгол Улс өөрийн аюулгүй байдлаа хангана гээд заачихсан байгаа. Энэ ажлын нэг хэсэг нь гэж ойлгож болно. Нөгөө талаасаа 30 жилийн өмнө Казахстан манайх хоёр нэг гараанаас гарсан. Гэтэл одоо Казахстан дэлхийн нэг номерын уран экспортлогч орон болсон. Манайх л суурин дээрээ хий эргэсээр байна. Тийм учраас хөршөөсөө сургамж авч, алдааг нь давтахгүй, зөвийг нь давтаад явах ёстой. Энэ мега төсөл бол зөвхөн эдийн засгаас гадна стратеги, аюулгүй байдлын, соёлын, бизнесийн, өндөр технологийн гээд маш олон талын ач холбогдолтой. Үүнийг дагаад Монгол Улс хиймэл дагуул хөөргөх чиглэлд ажиллаж байна. Франц улсад Чингис хааны үзэсгэлэн гаргаж, Монголын соёлын өдрүүдийг хийж байна. Ер нь социализмын үеэс л гуравдагч орны соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаан дээр Франц улс хамтран ажилладаг байсан. Шар нунтаг гаргадаг орон болно гэдэг чинь урт хугацаандаа бид өөрийн гэсэн цөмийн реактортой болох боломжтой болж байгаа юм. Одоо бид хоёр хөршөөсөө эрчим хүчний хараат байгаа. Бид энэ хамаарлаас гарахгүй бол Монгол Улсад аж үйлдвэрийн сэргэлт, Шинэ сэргэлтийн тухай ойлголт байхгүй. Гангийн үйлдвэр, Аж үйлдвэрийн парк байгуулж, утаанаас салж чадахгүй. Өрсөлдөх чадварт муугаар нөлөөлсөөр байна. Тийм учраас энэ төслийг дээр доор, төр хувь гэхгүй дэмжээд явах нь зүйтэй.

-Том төсөл учраас бодит орлогоос гадна дам нөлөөл их байна байх, тийм үү?

-Хүмүүс жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж байж том үйлдвэр хөгжинө гэж бодоод байдаг. Гэтэл том үйлдвэрлэл, мега төслүүд явж байж, түүнийгээ дагаад жижиг үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид үүсэн бий болно. Хэрэв анзаарч байгаа бол Оюутолгойг дагаад маш олон компани хөл дээрээ бат зогссон. Олон улсын стандартыг мөрдөж сурч байна, дэлхийн компаниудтай хамтран ажиллах чадвартай болж байна. Тиймээс бид энэ мэтийн мега төслүүдийг чадвал жил бүр л нэгийг эхлүүлээд байх ёстой гэж би хувьдаа боддог. Хойшид зөвхөн Франц бус, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд, байнгын бус гишүүн орнуудыг дэмжээд мега төслүүдийг эхлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мега төслүүд Монголыг хүчирхэг болгоно. Эдийн засгийн хувьд хүчирхэг, өрсөлдөх чадвартай болно гэдэг бол бусад бүх талаараа хүчирхэг орон болдог. Дээрээс нь энэ хөрөнгө оруулалтын гэрээн дээр эдийн засагчид ажиллахаас гадна физикийн чиглэлийн хүмүүсийг оруулж ажиллуулах шаардлагатай. Энэ бол цацраг идэвхит ашигт малтмал дээр суурилсан гэрээ болохоос биш мөнгөн дээр суурилсан гэрээ биш. Өөрөөр хэлбэл, аль нь эхлэл, аль нь төгсгөл гэдгийг нь харж, хөл, толгой хоёрыг нь зөв олж байж энэ төсөл үргэлжлэх учиртай.

-Та түрүүн яриандаа Казахстан, Монгол хоёрын жишээг дурдсан. Гэтэл манайд уран ярьж эхэлсэн цагаас л эхлэн тогтмол эсэргүүцэж ирсэн хэсэг бүлэг хүмүүс байдаг. Одоо ч гэсэн тэдний эсэргүүцэл идэвхжсэн харагдана лээ. Үүнийг та юу гэж хардаг вэ?

-Ингэж эсэргүүцэхэд хоёр үндсэн шалтгаан байна уу гэж хардаг. Нэгдүгээрт, мэдэхгүйдээ эсэргүүцэж байна. Мэдэхгүй зүйлийн цаана айдас байдаг. Айдсаа дагаад эсэргүүцэх хэсэг байдаг байх. Хоёрдугаарт, мэдсээр байж санаатай, санаандгүйгээр гаднын гар, хөл болоод байна уу даа гэсэн хар байгаа. Яагаад гэвэл уран олборлож эхлээгүй байхад л уранаас болж тугал хордлоо гэж шуугисан. Гэтэл тугалыг нь очоод шинжлүүлэхээр тийм юм байдаггүй. Эрдэмтэд гаднын нөлөөтэй байх магадлалтай гэдгийг ч гаргаад өгсөн. Аливаа асуудлыг хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Энэ чинь явж явж эрүүгийн хэрэг болж байгаа юм. Тагнуул, цагдаагийн байгууллагаас ч энэ тал дээр нэлээд сайн ажиллах шаардлагатай гэж боддог.  

-Тантай ярилцаж байгаагийнх нэг зүйл асуухгүй өнгөрч болохгүй нь. Та бол АН-ын ҮБХ-ны гишүүн хүн. Өчигдөр сэтгүүлчид ХЗДХ-ийн сайдын өргөн барьсан хуулийн төслийн зарим заалтыг эсэргүүцэн эсэргүүцлээ илэрхийллээ. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан хэрэгт оногдуулах ялыг нэмэгдүүлсэн заалт дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Бүх зүйлийг эрүүжүүлээд байдаг их эвгүй зангаа татаж авах шаардлагатай. Хоёрдугаарт, Б.Энхбаяр сайдын гаргаж ирсэн санаан дээр тухайн мэдээллийг олж авсан ХҮН гэж байгаа юм. Нэг ёсондоо хууль бус зүйлтэй тэмцсэн хүн болгоныг эрүүгийн гэмт хэрэгтэн болгож, шоронд хийх нь л дээ. Тухайн мэдээлэлтэй харилцдаг, нууцын баталгаа гаргаад танилцсан хүн тэр нууцыг хадгалах үүрэгтэй. Дээрээс нь тухайн мэдээллийг хариуцаж байгаа хүн хоёр л хариуцлага үүрэх ёстой. Түүнээс биш тэр мэдээллийг ямар нэгэн замаар олж аваад мэдээлсэн сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэдэг байж болохгүй. Тухайн заалтад нь бүр ХҮН гэж байгаа нь маш буруу томъёолол байгаа юм. Хүн болгоныг хадаас гэж үзэж байна. Тэгээд алх барьчихаад нөгөө хадаасуудаа цохих нь. Тийм болохоор хүн гэсэн томъёололоо татаж авах хэрэгтэй. Мөн гуя дагуулж сээр, хаа дагуулж хүзүү өгдөг шиг ногоон автобустай холбоотой хэргийг нууцад оруулсантай холбогдуулж хүний эрхийг боомилдог, чирэгдүүлдэг асуудлаа болих ёстой. Шүгэл үлээгчийн тухай хууль гаргана гээд байсан биз дээ. Гэтэл шүгэл үлээсэн хүн нь шоронд явах болчихоод байна. Эхнээс нь ч явсан. Манай намын Д.Мөнх-Эрдэнэ байна, суллах хэрэгтэй. Дээрээс нь дайн муухай гэж хэлсэн залуучуудад бүгдэд нь гав зүүгээд өгчихсөн. Уг нь хүн хүчирхийлдэг, хүүхдийн эрхийг зөрчдөг нөхдүүдэд зүүж өгөх ёстой биз дээ. Шударга үнэний төлөө дуугарсан хүмүүст гав зүүгээд байх юм бол энэ улс орон чинь коммунист, посткоммунист орон болох гээд байна. Ардчилалын арьс нөмөрсөн коммунистууд энэ улс орноор тоглоод дууслаа. Ингэж болохгүй. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 жилд гарсан муу муухай бүхнийг Ардчилсан нам руу чихдэгээ болих хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шаа(202.9.46.65) 2023 оны 10 сарын 18

МАН байсан цагт хүчирхэг болохгүй.Харин ч Хятадад нэгдэх болно.

1  |  0
ЗАЙЛЦГАА(66.181.180.129) 2023 оны 10 сарын 22

УРАНТАЙГАА ЗАЙЛ

2  |  2
Zochin(66.181.161.164) 2023 оны 10 сарын 22

Iim balai yumnudaas medee avch yadag yum,or mergjliin humus bga shtei,ene chini shalgagdaad barigdaj yavj bsnshtei,liftend mngliin saihn busguichud GED duulaad bdg,medrel muutai amitanshtei,zz

3  |  2
Убцц(66.181.176.64) 2023 оны 10 сарын 19

Үгүй мөн тэгэх байхдаа орос ах байхад та нарыг мөн тэгж дураар чинь тавихгүй байлгүй хүчирхэг болно ч гэх шиг мөрөөд

0  |  4
Top