Жижиг намууд баярлах хэрэггүй

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 18

Парламент нь олон намын төлөөллөөс бүрдэж байж ардчилсан дэг жаягтаа тохирдог юм байх. Тиймээс Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгов. Мөн улс төрийн намуудын саналын босгыг гурван хувь болгож багасгав. Ингэлээ гээд парламентад бүх намын төлөөлөл орчихгүй. Нөгөө талаар тав, арав, хорин жил парламент мөрөөдөж булайгаа дэлгэсэн мөрөөдөгчдийн төлөөлөлд сонгогч олон итгэж саналаа өгөхгүй. Сайн ч муу ч хэрэлдэж хэлэлцээд явж байгаа улс төрийнхөө хүчнийг баримжаалж таарна. Хамгийн наад захын жишээ гэхэд өдгөө цаасан дээр зурагдаад байгаа томоохон төсөл хөтөлбөрийн учрыг нь ойлгохгүй нөхөд л гуравдагчдын орон зайд эх орон хэмээн цээжээ дэлдэж байгаа нь туйлын үнэн. Жишээ нь, Үнэн ба зөв гэх намтай А.Отгонбаатар гэх нөхрийг төрд оруулж ирээд юу хийлгэж, ямар бодлого бариулах юм. Энд тэнд хүн загнуулах уу. Түүнд өөрийн гэсэн ямар үзэл бодол, ямар концепц байна. Энд тэндгүй лайв хийж хүн загнасан хөлчүү согтуу нь мэдэгдэхгүй хүмүүсээр Төрийн ордон дүүрвэл улс орон юу болох вэ гэдгээ сонгогч олон мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Улс орон удирдана гэдэг хэн нэгнийг загнаж, энд тэндгүй чалчиж явахыг хэлдэггүй юм. Хэлэх хийх хоёр тэс өөр зүйл. Загнах засаглах гэдэг нь бүр ч өөр хэрэг. Тэгэхээр улс төрийн жижиг намууд Сонгуулийн хуульд өөрчлөлт орсон хэмээн горьдож найдах хэрэггүй. Сонгогчид тэнэг биш. Хэнийг сонгохоо тэд өөрсдөө мэднэ. Тэгээд ч МАН-ын чинь ах нар ямар замаар хэрхэн сон­гууль зохион байгуулж, хэдэн суу­дал авахаа тооцоод гаргачихсан байгаа.

Тэгэхээр айсуй сонгуульд улс төрийн намууд хэрхэн яаж оролцох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Юуны өмнө эрх баригч МАН-ын хувьд энэ удаагийн сонгуульд тэс өөр тактик зохион байгуулалтаар орох бололтой. Тухайлбал, тэд олон нийтийн төсөөлөөгүй шинэ залуу, салбар салбарын төлөөлөл болсон нэр цэвэр хүмүүсээ оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ тухай Монгол Улсын Сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Төрийн ордонд мэдээлэл хийх үеэр "Намын жагсаалт бол дарга, сайд нарыг УИХ-д оруулдаг хэрэгсэл биш. Харин нийгмийн бүлгийн төлөөллийг бүрэн оруулах зорилготой байх ёстой. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, эмч, багш, сэхээтний төлөөллийг намын жагсаалтаар нэр дэвшүүлж, өрсөлдөөн багатайгаар УИХ-д оруулах боломжийг бий болгоно. Энэ нь тэднийг дарга болгож буй хэрэг биш. Тухайн нийгмийн салбар дахь тулгамдсан асуудлыг төрийн бодлого болгох зорилготой. сайд нар ч улс төрийн манлайлал үзүүлэх чадвартай учраас намын жагсаалтын хойно нуугдаж, УИХ-д орж болохгүй гэдэг зарчмыг Ерөнхий Сайд тавьж байгаа" гэсэн юм. Ингэхээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёроос эхлээд Засгийн газрын гишүүн, сайд нар УИХ-ын 2024 оны сонгуулиар намын жагсаалтаар биш, тойрогт нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ удирдах түвшиндээ тунхаглаад эхэлчихсэн.

Харин АН энэ тухайд ямар нэг тактик төлөвлөгөө танилцуулаагүй байна. Тэдний хувьд сонгуулийн тактик танилцуулах манатай л байх шиг байна.

Гуравдагчдын орон зайд байгаа хүчнүүдийн хувьд бол ямар ч аргаар хамаагүй гурван хувийн босго давбал УИХ-ын гишүүн болно гэсэн мөрөөдөлтэй үзэж тарж байна. Хэдийгээр Сонгуулийн хуульд улс төрийн намуудын саналын босгыг намсгаж өгсөн ч нийт сонгогчдын саналын гурван хувь бүү хэл нэг хувийг ч авч чадахгүй наманцарууд олон бий. Гуравдагчдаас Сонгуулийн санал өгөх хуудсан дээр дээгүүр бичигддэг ИЗНН тэргүүтэй хоёр гурваас илүүгүй намын төлөөлөл парламентад орж ирнэ. Өөрөөр хэлбэл, МАН, АН тэргүүтэй таван нам л парламентыг бүрдүүлнэ. Бусад 30 гаруй нь өнөөх л парламентын гадна хашгирсаар үлдэнэ. Яагаад гэхээр жижиг намуудад өөрсдийн гэсэн үзэл баримтлал байхгүй. Өөрийн гэсэн тогтвортой үйл ажиллагаа байхгүй. Өөрийгөө ямар ч аргаар хамаагүй харагдуулах гэсэн бүлэглэл л бий. Ялангуяа эрх баригч намынхан “Тэнд очоод тэгэж хэлээд ир” гэхээр гүйж явдаг өөрийн гэсэн үзэл бодолгүй нөхөд л байдаг учраас ард түмэн ч санал өгөхгүй.

МАНАЙ ЖИЖИГ НАМУУД ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхий дахинаа улс төрийн намууд, гуравдагчдын үйл ажиллагаа, чиг үүрэг, үзэл баримтлал гэж нэг юу юунаас үнэтэй зүйл байна. Харин Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гэх жижиг намууд гэж юу юм. Ийн асуухын учир нь Монгол Улсын нийгмийн нөхцөлд манай улсад данстай жижиг намууд хэрхэн үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг л дурдах гэсэн хэрэг.

Цөөн хүн амтай ч 38 улс төрийн намтай Монгол Улсад ахиад ч нам нэмэх сураг байх юм. Цүнхэндээ тамганаас өөр өмчгүй, хаа нэг хэвлэлийн хурал дээр хамтардаг дурнаас цаашгүй дэмжигч гишүүдгүй нам манайд олон бий. Манай улсын нөхцөлд дүрэм журам, үзэл баримтлал маягийн зүйл боловсруулаад 801 хүний гарын үсэг цуглуулахад л нам байгуулчихна, нэг их асуудалгүй. Нам байгуулах болсон шалтгаан нь өөрөө олон үндэслэлтэй. Юуны өмнө 200 мянган гишүүнтэй гэгдэх МАН, АН-д элсэн орох гэхээр тэдэнд гишүүний батлахаас өөр зүйл үл олдоно. Хоёр том акул намын бага, дунд, өндөр дээд албан тушаалын оочер дугаар хүлээнэ гэвэл баргийн нөхрийн нас гүйцэхгүй. Энэ оочерыг асар их хэмжээний мөнгөөр л нэг дайрч болно. Тэгэхээр таргийн таван ямаатай нөхөр энэ дараалалд бүртгүүлэхийн ч хэрэггүй. Ийм учрыг мэдэж шантарсан бага, дунд бизнестэй нөхдүүд өөрсдөө нам байгуулаад азаа үзэхээр шийддэг нь нэг шалтгаан. Мэдээжийн хэрэг үүнээс гадна тухайн нөхрийн улстөржих сонирхол давамгайлж байж шалтгаан үүснэ. Ингээд жижиг, дунд бизнестэй улстөржих донтой нөхөр маань нам байгуулаад энд тэнд гологдсон доктор нэртэй ажилгүй нөхөр, акул намуудад гомдсон буурал улстөрчдийг уриад оффис түрээслээд гарч өгнө. Байн байн эрх баригч намыг шүүмжлэн хэвлэлийн хурал зарлаад, сонин телевизэд төлбөртэй ярилцлага өгөөд, магадгүй сонин, сэтгүүл гаргаад явж өгнө. Тэгээд өөрийгөө “тэр намын дарга” гэж зарлуулаад явахаар ихээхэн сонирхолтой санагдана. Гэтэл аль нэг сөрөг хүчний намын дарга дуудаж, байр сууриа хамгаалуулахаар “Намайг тоож байна, би алж өгч байна” гэж бодно.

Тэднийг сонгуулиар аль нэг улс төрийн хүчний босс дуудаад манайхыг дэмжээд сонгуульд оролцчих гээд сүрхий албан ёсны гэрээ байгуулаад хэвлэл мэдээллээр цацуулчихаар өнөөх нөхөр маань тэнгэрт гараад л суучихна. Магадгүй, цаадуул нь “Манай нам ялбал албан тушаал өгнө” гэнэ, тэр ч бүү хэл бүр сайд болгоно ч гэж залж мэднэ. Тэгэхээр мань эр шууд л сайд болчихсон мэт санаж, тухайн намын сонгуульд ил далд хайр харамгүй зүтгэнэ. Ингээд дэмжиж оролцсон нам яллаа бол тэднийг ор тас мартана. Юун тэдэнд албан тушаал өгөх манатай, өөрсдийнөө оочерыг дийлэхгүй байхад ёстой солиор л гэнэ. Мань эр гомдохдоо эрх баригч намыг гамгүй шүүмжлэнэ. Хөлөө явж хүрэх газарт зарга үүсгээд ч нэмэргүй, хаданд хашгирсантай адил болно. Эцэст нь мань эрийн багахаан бизнес нуран унана. Өөр арга байхгүй. Түрээслэсэн оффисоо ч хураалгана, хамтрагчид ч амь амиа бодон нуруугаа харуулна. Мань эр намынхаа тамгыг цүнхэндээ хийгээд хэнийг ч хамаагүй хараан зүхсэн костюм зангиа бүхий хоосон нөхөр үлдэнэ. Мөнгөгүй болсон цүнхний намтай нөхрийг тоох хэвлэл ч үгүй үлддэг жамтай. Нөгөө шалтгаан нь харин дажгүй. Хамгийн наад зах нь өөрийнхөө бизнесийг тийм ч хурдан нураачихгүй. Акул намуудын хөрөнгө чинээ бүхий нөхөр өөрийнхөө туйлын хүслийг гүйцэлдүүлэх шалтгаанаар бусдад захиалга өгч нам байгуулна. Тэднийхээ “угаадсыг нь бага өгөөд уяаг нь уртхан уяад” хуцуулаад байна. Эзнийхээ байр суурийг л илэрхийлж байвал тэдэнд хэнд юу гэж хэлэх нь огт хамаагүй. Ёстой нэг буруу зөвгүй бурж өгнө дөө. Эцэст нь захиалагч этгээд хүслээ гүйцэлдүүлээд намын даргадаа өөрт нь тохирох шан харамж өгөөд баяртай гэнэ. Мань эр ч ивээн тэтгэгчгүй болсноо мэдэхгүй тэр чигтээ дүрдээ орон улстөржөөд яг дээрх маягаар явсаар өнөөх нам нь бас л цүнхэнд орно. Ийм л цүнхний намууд өдрөөс өдөрт, жилээс жилд олширсоор байна. Уг нь хий дэмий улстөржиж явахаар бизнесээ өргөжүүлээд хэдэн хүн цалинжуулаад явах ёстой байсан гэж бодож болох ч хүний шунал тачаалд хязгаар гэж байх биш дээ. Ийнхүү улстөржилтөөс болж модоо барьсан нөхөд хэзээд энэ улс төрийнхөө донгоос салж чаддаггүй, тэр чигтээ дуусдаг нь хамгийн эмгэнэлтэй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.186) 2024 оны 02 сарын 25

Ямар нам байсан УИХд нэр дэвшигчийнхээ үндэс угсааг харгалзах заалтыг намын дүрэм журамдаа оруулах шаардлагатай Оруулаагүй бол сонгуульд оролцох эрхгүй болгох хэрэгтэй Намуудаас л бол төрд эрлийзүүд шургалчхаад эх орныг тарааж бутраад байна

0  |  0
Зангараа(74.95.98.229) 2023 оны 10 сарын 19

Энийг бичсэн нөхөр АРДЧИЛАЛ гэж юу байдгийг мэддэггүй шигээ нэг намын тогтолцооны тухай чалчсан коммунист үзэл суртлын орхидос байна.

0  |  0
Top