ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийсэн төрийн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Орано майнинг” компанитай хэлэлцээ хийх ажлын хэсгийг Х.Нямбаатар сайд ахалж байсан. Ажлын хэсэг ажиллаж эхэлснээр Монгол Улсын өмнө гурван чухал сонголтыг хийх хэрэгцээ шаардлага тулгарсан. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг татахдаа хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүйгээр АМНАТ хэлбэрээр ашгаа шууд хүртдэг олон улсад амжилттай хэрэгждэг загвар учраас улс төрийн түвшинд ч тэр, эдийн засагчдын дунд ч яригдаж эхэлсэн. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн зүгээс тал талаас ярилцаж, эдийн засгийн тооцоо судалгааг хийж үзээд аль нь Монгол Улсад ашигтай байх вэ гэдгийг судалсан.
Тооцоо, судалгаа хийгээд үзэхэд бид 34 хувиа эзэмшээд хөрөнгө оруулалт хийх үүргээ хүлээгээд явсан тохиолдолд энэ төсөл хэрэгжих хугацаанд Засгийн газрын чөлөөт мөнгөн эргэлт хэрхэн явагдах талаас нь судлаад үзэхэд муугаар бодоход буюу төсөл ашиг багатай байвал нийт дүнгээр 2.5 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгалыг бий болгох юм байна. Үүнийгээ дагасан ногдол ашиг хүртэх асуудал хөндөгдөнө.
Хамгийн сайндаа буюу ураны үнэ нэмэгдсэн нөхцөл байдалд 3.8 тэрбум ам.долларын эргэлттэй байх тооцоог урьдчилсан байдлаар хийсэн. Тэгвэл, ураны салбараас зөвхөн АМНАТ тооцож төлбөр авъя. Мөн дээрээс нь өнөөдөр мөрдөгдөж буй Татварын тухай хуулийн хэрэгжилтийн дагуу бүх төрлийн татварыг авбал ямар үр өгөөжтэй байх талаас нь судаллаа. Судлаад үзэхэд АМНАТ аваад, татвар авахад ерөнхий дүнгээр 3.5 тэрбум ам.долларын орлогыг төсөл хэрэгжих хугацаанд олох боломжтой. Өнөөгийн үнэ цэнээр тооцоод үзэхэд АМНАТ-ыг тооцож авах нь чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд ажлын хэсэг дээр 34 хувиас бүрэн татгалзаж, таван хувийн АМНАТ-аар орлуулж авдаг болох сонголтыг хийсэн. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ач холбогдол бүхий ордоос таван хувийн АМНАТ авах суурь нөхцөл бий. Ингээд тооцвол нийт 10 хувийн АМНАТ-ыг тогтмол авах нөхцөлөө бүрдүүлсэн. Ураны төслийг монголчууд анх удаа хэрэгжүүлэх гэж байна. Энэ төслөөс эдийн засгийн өндөр ашгийг хүртэх ёстой. Өндөр гэдэг нь Үндсэн хуулийн 6.2-ийг үндэслээд үр ашиг нь дийлэнх нь Монголын талд ногдох ёстой гэсэн зарчимтай. Ямар ч нөхцөлд ураны үнэ ханш өөрчлөгдөхөд нийт өгөөжийн 50+1, түүнээс дээш хувийг Монголын тал хүртэх зарчмыг баримталсан” хэмээн хэлэв.
Сэтгэгдэл ( 0 )