Өнгөрсөн өнөтэй зун монгол нутаг минь цэл ногоон байхад төрсөн Алтай нутгаараа аялсан, газар шороо хулсан шаргал байхад Сэлэнгэ нутгаар явсан. Эх нутаг зэгсэн саарал байхад Өвөрхангай нутгаар баярлаж яваад ирлээ.
Өвөрхангай нутаг руу ороход өвөртлөөд авах шиг санагдсан 2023 оны урт намрын нар ээсэн сайхан өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, “Болор цом” яруу найргийн наадмыг санаачлагч, цомын анхны эзэн, их багш Дэндэвийн Пүрэвдоржийн 90 насны ойн баяр ёслол болох гэж буй учраас ийм халуун дотно санагдлаа. “Өвөртлөөд авах шиг” гэдгийг Өвөрхангайн охин, Монголын уран зохиол, номын одоогийн хатан хаан гэмээр Баярхүүгийн Ичинхорлоо бүсгүйд хамааруулж дамшиглах хэрэггүй. Монголын яруу найрагчдын хөлөглөсөн автобус орчин цагийн сайхан автозамаар хурдлахад сайхан намрын нарлаг өдрийн гайхам байгаль дэлхий, авьяаслаг цовоолог бүсгүй Б.Ичинхорлоо найрагчийн уран үг, учиртай инээд, уянга дуу хослоод юм бодох өчүүхэн ч зав зай өгөхгүй нь зугаатай. Төрсөн нутаг усаа төвөггүй магтах нь алдар хүндтэй хүмүүстэй холбон хэлэх нь сайхан. Хөлгийн жолоог хөдөөгийн нэг сайхан замд татлаа. Юутай сайхан үзвэр бэ. Монголын автотээвэрчдийн төгөл байгуулжээ.
Хүмүүсийн аялан дуулдаг “Алтан шар зам” дууны хөшөөг баруун зүгийн гол автозамын энэ сайхан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын Эрээн уулсын бэлд Монголын автозамчдын салбарын ахмадын хороо, ЗТХЯ-ны Автозамын газар, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, бусад төрийн болон хувийн байгууллага санаачлан гардан зохион байгуулжээ. Алсын замд давхиж буй ямар ч хүн энд алгасалгүй саатаж, амрах, сонирхох байгууламж байна. Алдарт Д.Пүрэвдорж найрагч, хөгжмийн нэрт зохиолч Батсүх нарын бүтээл “Алтан шар зам“ дуу.
Энд их найрагч:
“Эрээн уулнаас уулс эхэлнэ
Эргэн шанднаас ус эхэлнэ
Энэ хоёроос би эхэлнэ
Эндээс эх орон минь эхэлнэ” гэж бичжээ. Эрээн уулыг эргүүлэн тойруулж харлаа. Уул толгод тал хээр нутаг алтан шаргал намраар инээмсэглэж байх шиг. Аяны зам үргэлжлээд төдөлгүй хангайн уулсын нэгэн бэлд ирлээ. Алдарт найрагч Д.Пүрэвдоржийн алтан дэлхийд мэндэлсэн газар. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж 1933 оны аравдугаар сарын 15-нд энд мэндэлсэн гэсэн самбар байна. Д.Пүрэвдорж:
“Хажуу худгийн буурал хондонд
Хана шийрлэсэн буурь минь бий
Хүн төрлөө чамтай холбож
Хүй дарсан чулуу минь бий” гэж бичжээ. Цэгээн саарал гантиг чулуун том хөшөөг хараад найрагчийн алдарт “Тусгаар тогтнол” найраглал шууд сэтгэл санаанд уялгалах шиг. Энэ намаржаа нутаг намрын наран дор налайгаад, алдарт хөвгүүдийнхээ нэрийг хэлэх шиг. Монголд байтугай дэлхийд нэр цуутай Өндөр гэгээн Занабазар Өвөрхангайнх. Эрээн уул өөд жаахан өгсөөд энэ тэрийг ажиглах харлаа. Өвс бут бүр нь өрийн өнгөтэй ч юм шиг, эх монгол нутаг минь. Алдарт найрагч Д.Пүрэвдоржийн 90 насны ойн баяр нэгэн сэтгэл догдлуулсан, санан дурсуулсан үйл явдал нь Арвайхээр хотын Төв номын сангийн үүдэнд босгосон түүний хөшөөний нээлт байлаа. Д.Пүрэвдоржийг өндөр суурин дээр наашаа нухацтай хараад бөхийж суугаа дүрийг их догь бүтээжээ.
Түүний байр байдал, нүдний хараа олныг өгүүлэх мэт. Алдарт найрагч надад хандаж, “Чи холын замтай, тэр бол дэлхий, би ойрын замтай тэр бол Өвөрхангай Бүрд сум” гээд доогтойхон харж байсан санаанд оров. Тэр надаар “Би харимаар байна” шүлгээ дуудуулах, “Хөх даалимбан тэрлэг” шүлгийнх нь хэсгийг нулимс гарган уншуулах дуртай байлаа. Арвайхээр хотод Д.Пүрэвдоржийн нэрэмжит цэцэрлэгт хүлээлэн байгуулж байна. Тэнд яруу найрагчдын төгөл тарилаа. Энд миний тарьсан мод ургана гэж бодоход сайхан. Хэдэн жилийн дараа энэ цэцэрлэгт хүрээлэн Арвайхээр хотынхон, тэдний зочдын тэнэгэр сайхан амралтын газар болно. Өвөрхангайд ирсэн яруу найрагч, зохиолч бүхэн ийшээ зүглэх болно. Алдарт найрагч Д.Пүрэвдоржийн төрсөн өдөр Арвайхээр хотын төв талбай баяр баясгалангаар бялхаж байв. БНМАУ-ын баатар Л.Аюушийн нэрэмжит талбай хүнээр дүүрэн цэцэглэсэн мэт 1200 хүүхэд яралзан, их найрагчийн “Тусгаар тогтнол” алдарт найраглалыг нэгэн дуугаар зэрэг уншив. Аюуш баатар дайнд 11 буудуулж насан эцэлсэн зоригт баатар юм. Энэ том талбайд Сайн ноёнынхан Намнансүрэн, Ерөнхий сайд П.Гэндэн нарын намбайтал заларч байгаа сайхан хөшөө байна. Монгол Улсын, монголчуудын эрхэм дээд үнэт зүйлс бол монгол хүн. Хүнийг дээдэлнэ гэдэг хамгийн том ухаан. Өвөрхангайчууд алдарт хүмүүсээ дээдлэн шүтэж байгаа нь сэтгэлд тун таатай байлаа. Алдарт найрагч Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам сайхан боллоо. Шүлгээ ирүүлсэн 100 гаруй яруу найргийн бүтээлээс 20-ыг нь шалгаруулж, айргийн тавд Х.Нямхишиг, Н.Минжинсайхан, А.Түмэнбаяр, Г.Хашбаатар, О.Элбэгтөгс нарын шүлгүүд давхилаа. Тэргүүн байрыг яруу найрагч Хандхүүгийн Нямхишиг авлаа. Энэ залуу Говь-Алтай аймгийн Бугат сумы уугуул уран бүтээлч. Төрсөн нутгийн минь хүүхэд гэж бодоход сэтгэлд эерэг. Түүнд уран бүтээлийн том ирээдүй бий байх. Монголын залуу яруу найрагчидтэй аяны замд дөрөө харшин явлаа. Залуусын дунд байх дуртай өвгөн уран бүтээлч залуучуудад авьяас бол “атга” байна, тээвэр болгох ирээдүй байна гэж бодлоо. Тэд юутай ч сэтгэж чадаж байгаа нь чухал. Залуу уран бүтээлч хүн зангарагтай сэтгэдэг байх учиртай. Хамт явж, харилцаж үзсэн залуу яруу найрагчид сайн сэтгэж байгаад талахрая. Г.Хашбаатар залуу надад номоо өгөхдөө шууд “Таны дотоод сонсголд барив” гэж бичив. Өвгөн надад өгч буй учир сэтгэж байна гэж дотроо үнэлэв. Одоо тэр сэтгэж байгаагаа уран дүрслэл, оновчтой үгээр илэрхийлж сайн чансаатай зохиол бичих хэрэгтэй. Орчин үед миний Монголд тэр үеийн Дэндэвийн Пүрэвдорж шиг сод найрагч зохиолч байхгүй байна шүү. Цол гуншин бол харин их ээ их. Монголын залуучууд сайн байна. Зан ааш, бие хаа, хувцас хэрэглээгээ авч яваа байдал. Болор цомын эзэн яруу найрагч залуу О.Цэнд-Аюушийн нягт нямбай байдыг хараад үнэлэв. Аугаа их Дулдуйтын Данзанравжаа “Үлэмжийн чанар” гэж үүнийг л хэлсэн. Залуучууд архи сархаданд дурлахгүй, харин хөгшин бид нар л дэн дун явцгаах юм. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт Дэндэвийн Пүрэвдоржийн 90 насны ойн олон талт, олны сэтгэл догдлуулсан баяр ёслолыг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, тус аймгийн Соёл урлагийн газар зохион байгуулж, Монголын Зохиолчдын Эвлэл, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын Тамгийн газар, Дэндэвийн Пүрэвдорж сан, Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр, Номын сан хамтарлаа. Ойн ёслолын үйл явдал бүр зохион байгуулалт, хэм хэмжээ сайтай байлаа. Хүмүүсээ дээдэлж, алдартнуудаараа бахархах Монгол төрийн хэрэг гэж Засаг дарга Мөнхбаяр хэлэхийг улс амьтан, уул хад цуурайлаасай гэж бодлоо. Өвөрхангай аймгийн Соёл урлагийн газрын дарга их ажилсаг, албархаг мөртлөө найрсаг Өсөх-Эрдэнэ гэдэг залуу чөлөө зайгүй ажиллав. Энэ байгууллагын үзэсгэлэнт охид бүсгүйчүүд, залуус хүн чанар ханхлуулан, хүндэтгэл үзүүлэн яралзан ажиллаж байлаа. Зочидод таван тансаг идээний дээж бэлэглэв, надад барьсныг буудлаас хэн нэгэн андуураад аваад явжээ, буян болог.
Өвөрхангай нутгийн унаган иргэдтэй ярилцахад өнөтэй, өнгөтэй сайхан байв. Ардарт найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн садан төрөл Дуламжав гуай удам судраараа бахархах шиг сайхан юм хаана байхав гээд Бүрд сумын багш нарын урлагийн тоглолтыг шимтэн үзэж зогсов. Багш нарын дуу хөгжим, шүлэг найраг уул тал дамжиж уянгалж, улс амьтан алга ташилтаар мялаалаа. Хөдөөгийн нэгэн зузаан бор эртэй танилцахад Өвөрхангайн Сант сумын Болоож гэдэг хүн байна.
Тэрээр төрөлх сумынхаа клубын эрхлэгч, одоогийн Соёлын төвийн даргаар 38 жил ажилласан гэнэ. Том уран бүтээлч ажээ. Тэр “Миний гурав дахь ном” гэж нэгэн бэсрэг бүтээл гаргаж ирээд цааш нь хийв. Бодвол тэр ном дуусаж өөрт нь ганцхан үлдээд харамлаж байгаа бололтой. Алдарт найрагч Д.Пүрэвдоржийн төрсөн өдөр аравдугаар сарын 15-ны өглөөний нарыг Арвайхээрийн талаас харахыг хүслээ. Тэгвэл Дэндэвийн Пүрэвдоржоор гийж байх шиг санагдлаа. Түүний 90 насны ойн баярын ажиллагаа шууд эхлэх нь...
Б.ДАШЗЭВЭГ-DZman
(Олон Улсын сэтгүүлч, МУСГЗ)
Сэтгэгдэл ( 10 )
Хөгшин гуай чимээгүй л мөрөөрөө гэртээ суу таныг хүмүүс хүлээж авахгүй шүүдээ
Угаасаа зам мөр нь муу муухай хөгшин учраас цагаан идээ хүртэл зугтчихжээ зайлуул
Энэ хөгшин чимээгүй л байрад яана даа гарч ирж хараал идээд эвгүй юмаа ойлгодоггүй л юм байхдаа болж огвол олнооч далд баймаар юм
Дашзэвэг гэж байгаа дүр төрх нь үг хэллэг нь нэг л эвгүй намбагүй тэгээд ч үр удамруугаа шар сэмжилсэн муухай огиудас хүрмээр эвгүй хөгшин урлаг утга зохиол очиж очиж дутаад байдаг юмуу
unendee huchindsen ym bish , harin huulichid n huchindej ene huniig harluulsan gedeg , hojim aav n buruugaa huleej uuzsan gej bsndaa .
Цагаан идээг нь аваагүй шүү! Харин өмд гуталаа хаа хамаагүй хаясаг тайлсан ыайсныг цжглуулж хумиж авсан
Яах гэж ингэж хүнийг өөд нар харуулахгүй доромжлого вэ, энэ сайхан баярын талаар бидэнд сайхан мэдээлэл өгч байна, зүгээр л уншаач
Төрсөн ач охиноо хүчиндсэн гэлүү
Дашзэвэг гуайд өгсөн цагаан идээг нь буудлаас нэг нь аваад явчихсан гэж байна. Нөхөөд өгчихөөрэй Өвөрхангайнхаан.
ХҮЧИНДЭГЧ