Эрдэнэцагааны тэнгэр дор "Дорнын хүлэг"-үүд уралдав

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 10 сарын 21

Дорнын уудам тал, догшин галт уулсын голомт, том улаан наран дэргэдээс манддаг  Сүхбаатар аймагт хун, хүн хоёр чуулж, дуу, шүлэг ундарч ирсэн  өлгий нутаг. Энэ л нутгаас “Барсан хэвнэгт баатар”-ыг орчуулсан Доржийн Гомбожав, Алтан Дарьгангын алдарт найрагч Данзаннямын Шагдарсүрэн, “Газар шороо” романаар ард түмнийхээ түүхийг, авьяас билэгтэйгээ хамтад нь тамгалсан Д.Маам, Монголын хүүхдийн хайртай зохиолчдын нэг Н.Доржцэрэн, хөдөө нутагтаа амьдарч, уран бүтээлээ туурвисаар мөнх бусыг үзүүлсэн яруу найрагч Ш.Бат-Өлзий, М.Цэнд-Арслан нар, богино өгүүллэгийн мастер атал эгэл даруухан амьдарсан Ш.Долгорлхам, Дорнын яруу найргийн оргилд холбоотой юм шиг хамт гарч ирсэн О.Дашбалбар, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо нар төрөн гарсан билээ. Өнөөдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт яруу найрагч Г.Мэнд-Ооёо Монголын төдийгүй, дэлхийн оюун санааны оргилд нэрээ дуурсгаж явааг монголчууд мэднэ. Тэдний араас ариун талынхаа өвс ногоо, алаг цэцэгс шиг ургаж, аадар бороо гэвэл түүн лугаа асгарч, шүлгэн хүлгээр найргийн дэвжээг тамгалж яваа зохиолч, яруу найрагч гэвээс Ц.Оюундэлгэр, Я.Түмэннаст,Н.Лутбаяр,Ай.Төмөр-Очир,С.Амартайван,Ч.Эрдэнэбаатар, Б.Батсайхан, Н.Мөнхсайхан тэргүүтэй үе үеийн төлөөллийг нэрлэж болно.

Бичгийн хүмүүс, Монголын сэтгүүлзүйд тод мөртэй, тодорхой бүтээл туурвиж яваа “Талын түрлэг” нэгдлийн сэтгүүлч, уран бүтээлчид ч энэ ай савд багтана. Тэд дээд үеэсээ эхлээд бие биеэ хөглөж, сөглөж, утга уянгад хөтөлж хөтлөлцөж  явсан эв эе, эрхэм сэтгэл, биесээ хүндлэх ухаан, өөрт буй бүхнээ зольж зүтгэсэн яруу найраг, Янжинлхамдаа үнэнч явж ирсэн тэрхүү өв уламжлал, дэг соёл нь “Дарьганга школ” гэж өнөө ч яригдаж, бичигддэг.

Тэр дотор сүхбаатарчууд шилдэг шүлэг шалгаруулах наадмаа “Дорнын хүлэг” гэж нэрлэсэн нь ч тэр л “школ”-ынх нь нэг хэсэг, өөрийн онцлог, уламжлалт сэтгэлгээг хадгалсан ондоошил нь биз ээ. Энэ удаагийн “Дорнын хүлэг-2023” наадам энэ сарын 15-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд боллоо. Анх удаа сумын төвд болсноороо бас нэг түүх бүтээлээ. Оролцогчдын зарим 800 км-ийн цаанаас зорьж очсон. Улаанбаатар хот, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ аймгаас болон хөдөө сумдаас төлөөлөл оролцлоо. Монголын 1990-ээд оны яруу найрагт Сүхбаатар нутгаас зам гарган шан татаж ирсэн Ц.Оюундэлгэр найрагч аймгийнхаа МЗЭ-ийн салбарыг тэргүүлэн ажиллаж байгаа үед болж байгаагаараа бас  онцлогтой. Энэ удаа 20 гаруй яруу найрагч оролцсоны дотор өнгөрсөн жилийн “Дорнын хүлэг” наадмын тэргүүн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ч.Эрдэнэбаатар мялаалгын шүлэг өргөж, уралдахгүй гэдгээ учирлан хөтлөгчийн албанд шилжсэн бол  МЗЭ-ийн гишүүн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Батсайхан, Дорнын их найрагч, Эрээнцавын хэмээн алдаршсан Дарьгангын хүү Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит "Аглагхан талаасаа" яруу найргийн анхдугаар наадмын тэргүүн шагналт Н.Мөнхсайхан, МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын гишүүн, яруу найрагч, ая зохиогч, Соёлын тэргүүний ажилтан  Ж.Өлзийбат, Эрдэнэцагаан нутгаа “Зээрэн зүстэй тал минь” хэмээн тун өвөрмөц зүйрлэж, шүлэглэж ирсэн яруу найрагч Баатарын Амартайван нар мориор бол давхил сайтай шүлгэн хүлгүүдээ уралдуулж, үзэгч, сонсогч олныхоо оюуныг цэнгүүлсэн юм. Оюуны наадмыг ивээн тэтгэх байгууллага, хүн ер нь ховор байдаг. Тэгвэл Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл, түүний тэргүүн У.Отгонбаяр өнгөрсөн жилээс эхлэн ивээн тэтгэж ирсэн. Энэ жил Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай, Сүхбаатар аймгийн МАН-ын дарга Д.Амарбат нар шагналын санг бүрдүүлэхэд  нэгджээ.

Наадмын тухай бичихээ жаахан азнаад түүх сөхвөл  энэ наадмын анхных нь 1988 онд болсон /гэхдээ би андуураагүй бол шүү дээ/. Тухайн үед Сүхбаатар аймаг дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагчаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын судлаач, шүүмжлэгч, нэрт зохиолч, сэтгүүлч До.Цэнджав багш томилогдож очоод байв. Тэрбээр аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчийн ажлыг давхар гүйцэтгэж, түүхэнд үлдэх олон ажил санаачилсны дотор нутгийн уран бүтээлчдийн "Дарьганга аялгуу" номыг анхлан гаргаж, бага цом буюу аймгийн “Болор цом” наадмыг санаачлан зохион байгуулж байв. Тэр наадамд “Хүүхэд бүхэн хүүхэд хэрнээ аавууд харин аав биш юм даа” гэсэн шүлгээр До.Цэнджав багш түрүүлж, миний бие есдүгээр ангийн сурагч “Нутгийн уулс”, Айлийн эгч явлаа” тэргүүтэн богино шүлгүүдээр аман хүзүүдэж, “Сүхбаатарын зам” сонинд  нөхөрсөг зурагтай гарч явлаа. Энэ наадам хэсэг хугацаанд завсарлаж, “Дорнын хүлэг” нэртэйгээр зохион байгуулагдах болсноор 2001 онд Ц.Оюундэлгэр, 2002 онд Т.Содномнамжил, 2004 онд С.Амартайван, 2005 онд Ц.Оюундэлгэр, 2006 онд Ай.Төмөр-Очир, 2009 онд Б.Батсайхан, 2022 онд Ч.Эрдэнэбаатар нар тус тус Янжинлхамын ивээлд багтаж байсан юм. Энэ жилийн “Дорнын хүлэг” наадмын тэргүүн шагналыг МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын гишүүн, яруу найрагч, ая зохиогч, Соёлын тэргүүний ажилтан  Ж.Өлзийбат хүртэж, Дорнын их найрагч, Эрээнцавын хэмээн алдаршсан Дарьгангын хүү Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит "Аглагхан талаасаа" яруу найргийн анхдугаар наадмын тэргүүн шагналт Н.Мөнхсайхан удаалж, гуравдугаар байрт МЗЭ-ийн гишүүн “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Батсайхан, дөрөвдүгээр байрт Эрдэнэцагаан сумын уугуул, яруу найрагч Баатарын Амартайван, тавдугаар байрт Эрдэнэцагаан сумын ЕБС-ийн сурагч Д.Даваадорж нар орлоо.

“Дорнын хүлэг-2023” найргийн наадамд хүндэтгэл үзүүлж олон газраас зочид, төлөөлөгч очсон. Сүхбаатар аймгийн яруу найргийн галыг маналцаж ирсэн Монгол Улсын гавьяат багш, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Дандарбаатар гэргийн хамт морилон ирсэн. Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Золхүү, Дорнод аймаг дахь МЗЭ-ийн салбарын тэргүүн П.Гэрэлхүү, “Сүхбаатарын өнгө сонин”-ы эрхлэгч Д.Улаанхүүхэн нар зорин ирж оролцсон. Миний бие Эрдэнэцагаан нутгаас анх шувуу бол нисэж, ургамал ногоо юм бол ургаж өндийсөн учраас, тэнд анх шүлгийн мөр хэлхэж түүндээ урамшин урагшилсан болохоор очиж хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг хэмээн “Өглөөний сонин”-ы цаг наргүй ажлаас түр чөлөө аван очлоо.

Харин нутгийн ах нар, нэртэй хүндтэй эрхмүүд, Янжинлхамын ивээлд багтсан Монгол Улсын Соёлын гавьяатуудын бараа нь ч үл үзэгдэв. Сураг нь ч үл дуулдав. Яруу найрагтаа тэд хүндэтгэл үл илэрхийлэв. Үзэгч, уншигч олны дотроос  “Ах нар хаачив” гэж асуух нэгэн байхад “Бугнууд ирээгүй харин ч бузгай сайхан наадам боллоо”  гэсэн хүн олон таарна лээ. Гэтэл бас “Чи шүлэг хэлсэнгүй, оролцохгүй байж яах гэж ирсэн юм бэ” хэмээн хардах сэрдэх хүн ч таарсан нь сум нутгийнхан  маань улстөржилтийн хар хоронд идэгдсэний илрэл болох нь анзаарагдсан. Хариуг нь ч би хатуухан өгсөн “Тагнуул хийж ирлээ, ажлаа амжилттай гүйцэтгээд буцлаа” гэж  ёжилчихоод ирсэн. Хамгийн гол нь би тэнд  нутаг ус, газар шороонд нь болоод надад жигүүр ургуулж Чоно голын хөвөөнөөс нисгэсэн яруу найрагт хүндэтгэл үзүүлэхээр очсон юм шүү гэдгээ энд харин товч бөгөөд тодорхой хэлчихье.

Ер нь бол ирсэн, явсныг хардаж, сэрдэж суудаг энэ мэт хоосон тархитай, намын нохой болсон хүмүүсийн улстөржилтийн цөлжилтөд нэрвэгдсэн учраас эх орны зүүн өмнөд хязгаар, Эрдэнэцагаан сум хөгжлөөс хоцорч, хөг алдарсныг харж хамар шархирахаас илүү зүрхний угаар хатгуулж  байсныг энэ ташрамд хэлэх нь зүйтэй болов уу. Учир юу хэмээвээс “Дорнын хүлэг” наадмыг зорин Улаанбаатараас гарч аймгийн төвөөс гарах багийнхантай нэгдэж, замд гарсан цувааныхан бид, угтаа нутгийнх нь хүүхдүүд сумынхаа төвийг олохгүй замдаа хэчнээн удаа төөрсөн гэж санана. Наснаасаа олон ирж, очсон зам шүү дээ, гэтэл өдгөө замаа хайгаад олохгүй төөрчихдөг гэнэ ээ. Нөгөө "Такси цоохор машин нь хө" гээд дуулдаг нэг дуу байдаг даа, дуучин нь "Энэ олон замын хаагуур нь явах вэ та минь ээ" гээд дуулдаг. Яг л "Энэ олон замын хаагуур нь явах та минь ээ" гэгч болсон. Нэг зам аваад гартал уурхай руу орчихож байгаа юм. Дахиад зам аваад гартал уурхайн кэмп рүү оччихсон. Дахиад зам аваад явтал төөрчихсөн. Энэ мэт төөрч будилсаар арай гэж сумын төвийн зах руу ортол  таг харанхуй, ямар ч гэрэлтүүлэг байхгүй, шороон манан татсан бөөвийсөн хэдэн байшин, гэрүүд тосож байаа юм. Нүүрс, баяжмал, хүдэр тээвэрлэсэн том машины цуваа өдөржин шөнөжин урд хил, Бичигт боомтыг чиглэн хөврөхдөө энэ нутгийн эмзэг сул шороон хөрсийг орвонгоор  нь эргүүлжээ. Тээврийн жолооч нар замын баталсан маршрутаар биш дуртай газраараа давхиж, 20 салаа зам гаргажээ. Энд ямар ч хяналт алга. Сумын удирдлага, холбогдох албаныхан  юу хийж  сууна вэ. Яруу найргийн наадам болж байхад тэдний хэн ч ирээгүй, хамрынхаа үзүүрийг ч цухуйлгаагүй. "Эзэнгүй айл" шиг болчихсон нь энэ цагийн эмгэнэл юм даа. Сум нутаг сүйрлийн ирмэгт ирсэн гэдгийг олон жилийн өмнө анхааруулж өчнөөн цуврал бичиж байсны хувьд ингэж шүүмжлэхээс арга алга. Тархи толгойгоо ажиллуулдаг, юм уншдаг дарга, даамал тэнд алга. Иргэдээсээ дор сэтгэхүйтэй, эх нутагтаа элэггүй ийм юмнуудыг толгой дээрээ залсны гай гэгч л энэ байх.Тиймээс оюун санааны өлгий, яруу найргийн гэрэлт дэвжээ болсон Эрдэнэцагаан нутгийн ард түмэн  та бүхнийгээ цаг мөнхөд гэгээн гэрэлд тэмүүлж, үнэний талд ташуур болж, оршихуйгаа хайрлаж  яваасай хэмээн эрхэмлэн хүснэм. Гэхдээ Эрдэнэцагааны тэнгэр дор эргэцүүлсэн минь үүгээр дуусахгүй...  

Үргэлжлэл бий

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top