Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.10.23) НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч М.Димовскаг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар туршлагатай Суурин төлөөлөгч томилогдсонд баяртай байгаагаа хэлж, хатагтай М.Димовскад ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр, өнгөрсөн зургадугаар сард “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г Улаанбаатар хотноо зохион байгуулахад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр дэмжин ажилласанд талархал илэрхийлж, энэхүү чуулга уулзалтаар жендэрийн эрх тэгш байдлыг хэрхэн хангах, ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд юунд анхаарах зэрэг асуудлыг хөндсөн. Монгол Улсын Их Хурлаас Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулан, 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан хэмээн танилцуулав. Мөн парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн долоо хоногт Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системийг танилцуулсан. Уг цахим системд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэний хувиар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувь байх саналыг байршуулахад 6 хоногийн хугацаанд 100.000 гаруй иргэн дэмжсэн. Ингэснээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлсэн болохыг танилцуулав.
Суурин төлөөлөгч М.Димовска Монгол Улсын Их Хурал ирэх жилийн төсөв хэлэлцэж буй завгүй энэ үед Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлаас Тогтвортой хөгжлийн зорилгын зорилтуудыг хэрэгжүүлж буйг сайшаан, энэ нь парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон түлхэц болохыг онцлон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхийн төлөө байна гэлээ.
Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд Монгол Улсыг хүртээмжтэй, тогтвортой хөгжил бүхий эрүүл, аюулгүй орчинтой, хууль дээдлэх ёс болон хүний эрхийн харилцан шүтэлцээг хангасан улс болон хөгжихөд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр дэмжиж ажиллахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )