БАРЬЦААНЫ ХҮМҮҮСИЙГ БУЦААЖ, БУУЖ ӨГӨХ I Израил нөхцөлөө нэрлэв

2023 оны 10 сарын 25

Израил улс Газын зурвас дахь хуурай замын ажиллагаагаа цуцлах нөхцөлийг нэрлэжээ. “Палестины ХАМАС хөдөлгөөний гишүүд барьцааны хүмүүсийг суллаж, бууж өгөх ёстой. Тэгж байж Израилийн Батлан хамгаалах арми Газын зурваст хуурай замын ажиллагаа явуулахаа болино” гэж Израилийн Батлан хамгаалах арми буюу ЦАХАЛ-аас мэдэгдлээ.

Үүний сацуу хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, хуурай замын ажиллагаа эхлүүлэхийг Жо Байдены засаг захиргааны зөвлөмжийн дагуу хойшлуулж байгаа аж. Америкчууд түүний болзошгүй үр дагаварт бэлтгэхийг хичээж байгаа гэнэ. Тухайлбал, тус бүс нутаг дахь өөрийн объектууд руу нь дайрахаас сэргийлж байгаа аж.

Израилийн Батлан хамгаалах арми (ЦАХАЛ)-ийн төлөөлөгч Жонатан Конрикус Израилийн цэргүүд хуурай замын ажиллагааг явуулахгүй байх нөхцөлийг нэрлэжээ.

Тэрбээр “Хэрвээ ХАМАС хөдөлгөөнийхөн Израилийн энгийн иргэдийн дор нуугдаж байгаа хамгаалах байрнаасаа гарч ирвэл, барьцааны хүмүүсийг буцааж өгвөл, болзолгүйгээр бууж өгвөл дайн дуусна. Үгүй бол бид тус газар нутаг руу орж, үүрэг даалгавраа биелүүлэх болно” гэж Австралийн ABC радиогоор ярьжээ.

Хамгийн сүүлийн буюу энэ сарын 24-ний мэдээллээр ХАМАС хөдөлгөөний барьцаанд 222 хүн байгаа аж. ЦАХАЛ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Даниэл Хагари “Одоогоор бид барьцаалагдсан 222, амиа алдсан 308 дайчны талаар ар гэрийнхэнд нь мэдэгдээд байна. Барьцаалагдсан хүмүүсийн дунд гадаадын олон иргэн байгаа. Сураггүй алга болсон бүх хүмүүсийн ар гэрийнхэнтэй бид холбоотой байгаа. Израилийн батлан хамгаалах армийн офицерууд ар гэр бүрийг биечлэн, ойроос дагалдан явдаг. Хулгайлагдсан хүмүүсийг гэрт нь аюулгүй авчрахын тулд бид бүхий л арга замаар ажилласаар байна” гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ Палестины радикал хөдөлгөөн ХАМАС-ын 1000 гаруй дэмжигч Израилийн олзонд хоригдож байна.

Газын зурвас дахь хуурай замын ажиллагааг барьцааны хүмүүсээс болж цуцалж магадгүй байгаа талаар “Times of Israel” сонины тоймчид бичсэн. Тэдний дүгнэж буйгаар Газын зурвас дахь Израилийн хуурай замын ажиллагааг барьцааны хүмүүсийг суллахтай холбоотойгоор “замд нь” саатуулж магадгүй байгаа аж. Цэргийнхэн “Засгийн газар газрын дайралт хийх тушаалыг өгөхгүй байж магадгүй эсвэл урт хугацаагаар хойшлуулж магадгүй” гэсэн байна. “Times of Israel” хэвлэлд бичсэнээр, саяхан америк ээж, охин хоёрыг сулласан явдал нь газрын довтолгоо саатахад хүргэсэн байна. Өмнө нь ХАМАС бүлэглэл Газын зурвасаас хоёр хүнийг сулласан талаар мэдээлсэн билээ. Түүнчлэн Израил Газын зурвас дахь ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлээд байна.

Мөн “The New York Times” сонинд бичсэнээр, Израил АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны зөвлөмжийн дагуу Газын зурваст хуурай замын ажиллагаа явуулахгүй байгаа аж. Уг хэвлэлд бичсэнээр, Вашингтон Палестины ХАМАС хөдөлгөөний олзны хүмүүсийг суллах талаар хэлэлцээр хийхэд цаг хожихоор найдаж байна. АНУ мөн Израил хуурай замын ажиллагаанд шилжсэний дараа эхэлж магадгүй бүс нутаг дахь өөрийнх нь байгууламжууд руу халдахад бэлтгэх цаг гаргахыг хүсэж байна.

Сануулахад, энэ сарын 20-нд ХАМАС хөдөлгөөн АНУ-ын хоёр иргэнийг (эх, охин хоёр) хүмүүнлэгийн зорилгоор сулласан юм. Үүний зэрэгцээ Израилийн цэргийн албан тушаалтны өгсөн мэдээллээр ХАМАС давхар иргэншилтэй Израилийн 50 орчим барьцааны хүнийг суллаж магадгүй байна.

Израил, Палестинд баталгаа олгох Туркийн санаачилга

Палестин-Израилийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар Орос болон Турк улс холбоотой ажиллаж байгаа талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. Тус мэдэгдэлд “Мэдээж энэ нөхцөл байдалд дипломат сувгууд байгаа. Бид бүх түнш, бүх тоглогчтой харилцаатай байна. ОХУ-ын байр суурь маш тодорхой байгаа нь Ерөнхийлөгч болон Гадаад харилцааны яамнаас хийсэн мэдэгдэлд дурдагдаж буй” гэсэн байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий Ассамблейн тогтоолын дагуу хоёр улс байгуулах үндсэн дээр гол асуудлыг шийдвэрлэхгүйгээр хямралыг даван туулах боломжгүй гэж тэд дүгнэж байгаа аж.

Түүнчлэн Анкара Палестин, Израилд баталгаа олгогч орнуудын тогтолцоог бий болгохыг санал болголоо. Энэхүү томъёоллоор оролцогч улсууд тохиролцооны нөхцөлийг биелүүлэх үүрэгтэй.

Сануулахад, Москва нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд зааснаар 1967 оны хилийн хүрээнд Палестин улс байгуулахыг дэмждэг. ОХУ-ын Гадаад хэргийн яамны зүгээс “Бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэн ч цуцлаагүй, орхиогүй шийдвэрүүдийг тууштай баримталж байна. Эдгээр тогтоолууд нь 1967 оны зүүн Иерусалимын нийслэлтэй хиллэдэг Палестин улс байгуулах тухай тохиролцоонд хүрэхтэй холбоотой юм” гэж мэдэгджээ.

Израилчууд болон палестинчууд хоёр улс байгуулснаар л урт хугацаанд энх тайван, аюулгүй амьдарч чадна гэдгийг Германы Гадаад хэргийн сайд Анналена Бэрбок мөн мэдэгдэв. Үүний зэрэгцээ тэрбээр мөргөлдөөний шинэ үе үргэлжилсээр байгаад зөвхөн Палестины талыг буруутгажээ. Түүний үгнээс хүргэвэл, Газын зурвасын терроризм үргэлжилсээр байвал бид хүмүүнлэгийн сүйрлээс урьдчилан сэргийлж чадахгүй болно.

Катарын зуучлал

ХАМАС хөдөлгөөний барьцаанд байсан хоёр эмэгтэй суллагдсан билээ. ХАМАС хөдөлгөөн энэ сарын 7-нд еврейчүүдийн үндэсний томоохон баярын үеэр Израилийн өмнөд, хойд хилийн долоон чиглэлээр нэвтэрч, агаарын болон хуурай замын өндөр зохион байгуулалттай дайралт хийсэн. Тэд Израилийн 200 гаруй иргэнийг барьцаалсан юм.

Барьцаалагдсан израил иргэдийг суллах асуудлаар ХАМАС-тай хэлэлцээр хийхэд Катарын тал зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй. Учир нь ХАМАС бүлэглэлийн улс төрийн жигүүрийн удирдагчид Катарт амьдардаг аж. Катарын эрх баригчид тэдэнтэй шууд хэлэлцээр хийх боломжийг олгож байгаа юм.

Дайныг шүүмжилсний баривчилгаа

Израилд араб иргэд олноороо амьдардаг. Тэднийг Газын зурваст болж буй дайныг нийгмийн сүлжээнд шүүмжилсэн гэж баривчилж эхэлжээ. Иргэдийг палестинчуудад зэвсэглэхийг уриалсан агуулгатай пост оруулсан, уриалга гаргасан гэж баривчилж байгаа аж. Нийт 100 орчим хүнийг дээрх шалтгаанаар саатуулж, заримыг нь ажлаас халжээ.

Энэ сарын 7-нд дайн эхэлснээс хойш цагдаа нар олон нийтийн сүлжээг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Израил улс, төрийн бэлгэ тэмдгүүд, өндөр албан тушаалтнууд, арми, цагдаа нарын эсрэг өдөөн хатгасан агуулгатай бичвэрт хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. Тухайлбал, дайны ажиллагаатай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлсэн их сургуулийн нэг багшийг дайсны талд тусалсан гэх үндэслэлээр баривчилсан байна. Мөн Тел-Авив их сургууль араб гаралтай 83 оюутныг хөөж, нэг өдрийн дотор дотуур байраа орхихыг шаарджээ.

Еврейчүүд ч мөн энгийн иргэд рүү халдсан явдлыг эсэргүүцэж байгаа аж. Парламентын нэгэн гишүүн л гэхэд үүнийхээ улмаас 45 хоног парламентын ордон руу нэвтрэх эрхээ хасуулсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уриаа(202.9.40.48) 2023 оны 10 сарын 26

дэлхийн талыг эзэлсэн гээд л сакардаг монголчууд: ядаж 20 тонн ч болтугай цэвэр ус хүргэж өгөх юм сан хүн төрлөхтнийн өлгий нутагт ах дүү туркээр дамжуулаад, шашины байгуулага ууд, нгөө улаан загалмай хаана байна, гадаа гал гарч байхад гэрээ түгжээд чимээгүй сууж байгаа мэт юм

0  |  0
Top