АНКАРАГИЙН НҮҮДЭЛ: Швед НАТО-д элсэх үйл явц хэрхэн өрнөж байна вэ!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 26

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколд гарын үсэг зурсан. Протоколыг Туркийн парламентад өргөн барьсан байна. Туркийн хууль тогтоогчид энэ асуудлыг тэргүүн ээлжид шийдэж магадгүй гэж хэвлэлүүд бичиж байна. Тэдний мэдээлснээр, Анкара Стокхолмын хүсэлтийг соёрхон батлах үйл явц ойрын үед эхэлж, Швед ойрын долоо хоногуудад Умард Атлантын эвслийн гишүүн болно. Шинжээчдийн үзэж буйгаар, Шведийг НАТО-д элсүүлэхэд саад үгүй болжээ. НАТО-ийн өргөжилттэй холбогдуулан ОХУ аюулгүй байдлаа хангах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ аваад байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Шведийг Умард Атлантын эвсэлд элсүүлэх протоколд энэ сарын 23-нд гарын үсэг зурж, Туркийн парламентад өргөн барьжээ. Протоколыг соёрхон батлахын тулд Туркийн парламентын олон улсын асуудал хариуцсан комисс нь авч хэлэлцэж, дэмжсэн тохиолдолд парламентын гишүүд санал хураана. Туркийн хууль тогтоогчид энэхүү асуудлыг тэргүүн ээлжид авч хэлэлцэж, соёрхон баталж магадгүй гэж шинжээчид харж байна.

Анкара шийдвэрээ зарласны дараахан Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон Эрдоганд талархал илэрхийлж, Швед улс НАТО-ийн бүрэн эрхт гишүүнээр элсэхийг тэсэн ядан хүлээж байна хэмээн мэдэгдэв.

Үүнээс өмнө Шведийн Батлан хамгаалахын сайд Пол Йонсон Украины Зэвсэгт хүчинд “Gripen” сөнөөгч онгоц дамжуулахын тулд НАТО-д элсүүлэх болзол тавих асуудлыг судлах үүрэг өгч байжээ.

“Еxpressen” хэвлэлийн мэдээллээр, арваннэгдүгээр сарын сүүл гэхэд Шведийн далбаа Брюссель дэх НАТО-ийн төв байранд байрлана гэсэн хүлээлт бий.

Чухал шийдвэр

 

Сануулахад, Швед нь Финландын хамтаар өнгөрсөн оны тавдугаар сард НАТО-д элсэх өргөдөл гаргасан билээ. Финланд эвсэлд элсээд байгаа бол Стокхолм Унгар болон Туркийн дэмжлэгийг авч чадаагүй байгаа юм. Харин Эрдоган Шведийг НАТО-д элсүүлэх ногоон гэрлийг сая асаасан бол Унгарын эрх баригчид ийм шийдвэр гаргахаар яарахгүй байна. Унгарын парламентын спикер Ласло Кёвер Шведийг эвсэлд элсүүлэх асуудлыг дэмжих шаардлага байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тус улсын гадаад хэргийн сайд Петер Сийярто Шведийн гишүүнчлэлийн асуудал одоогоор Унгарын парламентын хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн.

Ямартаа ч НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ намар Шведийн гишүүнчлэлийг соёрхон батална гэсэн хүлээлт байна хэмээн есдүгээр сарын 21-нд мэдэгдэж байв. Хэрэв түүний хэлснээр болбол энэ нь НАТО-ийн түүхэн дэх шинэ гишүүн элсүүлэх асуудлыг маш богино хугацаанд шийдвэрлэсэн хоёр дахь тохиолдол болох юм.

Шинжээчдийн үзэж буйгаар, Шведийн НАТО-д элсэх замд саад болох зүйл алга. Учир нь гол шийдвэрийг Эрдоган ч тэр, Унгарын Засгийн газар ч тэр гаргадаггүй. Гол шийдвэрийг Умард Атлантын эвслийн ахмад болох Вашингтон гаргадаг. АНУ Шведийг НАТО-д нэгтгэх шаардлага гэж үзсээр ирсэн. Учир нь жингийн туухайд Оросыг тогтоон барих асуудал тавигдаж байгаа.

Швед НАТО-д элсэх нь Оросын хувьд шууд заналхийлэл юм. Оростой сөргөлддөг тус эвсэл өргөжин, хил хязгаараа тэлж байна. Финланд НАТО-д элссэнээр эвслийн гишүүн орнуудтай залгаа Оросын хил бараг хоёр дахин уртассан. ОХУ-ын зүгээс хил орчим нь цэргийн дэд бүтэц байгуулсан тохиолдолд хариу арга хэмжээ авахад бэлэн байна.

Харин Шведийн хувьд НАТО-д элсэх нь тийм ч цэлмэг байхгүй гэж шинжээчид үзэж байна. Финланд тус эвсэлд нэгдсэн нь тус улсын иргэдийн халаасыг тэмтэрч эхэлсэн. Яг ийм байдалтай Швед тулгарах нь гарцаагүй. Гэхдээ асуудал эвслийн цэргийн зардалд зориулагдсан их хэмжээний мөнгөнд бус харин тус улсын аюулгүй байдалд байна. Хэрэв Орос, НАТО-ийн хооронд мөргөлдөөн үүсвэл ОХУ Шведийг аюул, заналхийлэл хэмээн үзэж, устгах байны жагсаалтад Шведийн объектуудыг оруулах нь дамжиггүй.

 

Оросын хариу арга хэмжээ

 

Европын улстөрчид Финланд, хожим нь Швед Умард Атлантын эвсэлд нэгдсэнээр Балтын тэнгис эвслийн дотоодын сав газар болно гэж мэдэгдэж байгаа хэдий ч Орос үүний эсрэг бүхий л арга хэмжээг авна гэж цэргийн шинжээч Юрий Кнутов үзэж байна. 

Өмнө нь Латвийн Ерөнхийлөгч Эдгар Ринкевич Оросын хөлөг онгоцнуудыг Балтын тэнгисээр зорчих гарцыг хаана гэж Оросыг сүрдүүлж байсан. Кремлийн зүгээс Москва ийм төрлийн дайсагнасан мэдэгдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсан. Оросын эрх баригчид иймэрхүү сүрдүүлгийг нухацтай хүлээн авах шаардлагатай гэж үздэг.

Балтын тэнгис дэх Калининград мужид ОХУ-ын Балтын тэнгисийн цэргийн бааз байрладаг. Эл бааз тус бүс нутагт ложистикийн болон хөлөг онгоц зорчихтой холбоотой, ялангуяа, Калининградын хангамжтай холбоотой асуудал гарахаас сэргийлэх зорилгоор байгуулж байжээ. Үүний сацуу Балтын флот Санкт Петербургийн аюулгүй байдал, хурцадмал байдал үүссэн нөхцөлд Оросын худалдааны хөлөг онгоцнуудын гарцыг хангадаг.

НАТО Оросын хил орчим цэргийн дэд бүтэц байгуулахад чиглэсэн алхам хийвэл Орост хариу арга хэмжээ нэн даруй авна.

Мөн Ленинградын цэргийн тойрог байгуулах чухал хүчин зүйл бий. Цэргийн тойрог Оросын хил орчим НАТО-ийн бааз байгуулах явдлыг таслан зогсооход чиглэсэн үйл ажиллагаа явуулах болно.

Саяхан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Финланд, Швед НАТО-д элссэнээр хурцадмал байдалд “дайран дээр давс нэмж байна” гэж мэдэгдэж байсан. Түүний хэлснээр, эдгээр улсын нутаг дэвсгэрт НАТО-ийн цэргийн бааз болон цохилт өгөх зориулалт бүхий зэвсэг бий болохыг үгүйсгэх аргагүй.

Шведийн Либерал нам  эвсэлд нэгдсэний дараа тус улсын нутаг дэвсгэрт НАТО-ийн байнгын үйл ажиллагаатай цэргийн бааз байгуулах асуудлыг хөндөж байсан юм.

Швед НАТО-д нэгдсэний дараа ОХУ-ын Зэвсэгт хүчний дэвшилтэт зэвсэглэл Орост аюулгүй байдлаа хангахад нь тусална гэж Оросын цэргийн шинжээч Кнутов онцолжээ. Оросын тал “Искандер” пуужингийн цогцолбороо дайчлахаас гадна БН Карель улсад десантын болон мото буудлагын дивиз байгуулж эхэлжээ. Эрэг болон агаарын хилийн хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авч байна. Түүнчлэн, ОХУ Сансрын хүчний анги, нэгж байгуулах зэргээр зүүн хойд нутгаа бэхжүүлж байгаа ба НАТО-ийн зүгээс ирэх болзошгүй өдөөн хатгасан үйлдэлд хариу арга хэмжээ авахад чиглэсэн цогц арга хэмжээ авч байна гэж Кнутов онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.251) 2023 оны 10 сарын 26

Орос улс украйны дайнд ялсны дараа НАТО- гийн хулхи нь бууж таараа....юун Балтийн тэнгисийн хаах манатай болно доо.........

0  |  1
Top