Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох хүрээнд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Ариповтай 2023 оны аравдугаар сарын 26-нд хоёр талын уулзалт хийлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай, Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, цаашид олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж буйг уулзалтын эхэнд тэмдэглэв.
Талууд Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшх 30 гаруй жилийн хугацаанд харилцан итгэлцсэн, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тууштай, тогтвортой хөгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд бүхий л түвшинд төлөөлөгчдийн солилцоог нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Дээд түвшинд ярьж тохирсны дагуу Монгол Улсаас Узбекистан Улсад суух Дипломат төлөөлөгчийн газраа ойрын хугацаанд нээхээр төлөвлөж буйг дурдаад ЭСЯ нээснээр хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэх, бизнес, аж ахуйн нэгжүүд хооронд хэлхээ холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж буйг тэмдэглэсэн юм.
Түүнчлэн Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг 2024 онд зохион байгуулах, “Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр улсын худалдаа, аж үйлдвэрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Мөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлд хамтран ажиллах, Монгол Улсад жимс жимсгэнэ, нарийн ногоо тариалах хамтарсан аж ахуй байгуулах, Монголоос арьс шир нийлүүлэх боломжийн талаар ярилцав.
Талууд хоёр улсын худалдаа, эдийн засаг, тэр дундаа тээвэр логистикийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээр болон Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиров.
Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тааламжтай үедээ эх орондоо айлчлахыг урилаа.
Сэтгэгдэл ( 0 )