Катар улс Хамас-ын барьцааны хүмүүсийг суллаж чадах уу!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 30

Энэ сарын 7-нд Хамас хөдөлгөөний Израилд өгсөн цохилтын үеэр хүмүүсийг барьцаалсан явдал нь Персийн булангийн жижиг ч чамгүй баян улсыг олон улсын дипломат тавцанд гэнэт гаргаж ирсэн нь Катар улс. Өдгөө барьцаанд байгаа 200 гаруй хүний хувь заяа Катарын гарт тодорхой хэмжээгээр ороод байна.

Үүний шалтгаан нь энгийн гэж шинжээчид онцлов. Катар нь Израил болон түүний эвлэршгүй дайсан болох Хамас бүлэглэлийн хооронд зуучлах гол зуучлагчийн онцгой үүргийг гүйцэтгэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ч тэр, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак ч тэр хоёулаа барьцааны дөрвөн хүнийг суллахад гүйцэтгэсэн үүргийнх нь төлөө Катарт талархал илэрхийлсэн. Израилын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Цахи Ханегби мөн талархлаа илэрхийлсэн билээ.

Катарын тэвчээр болон ятгах хүч ойрын үед олон арван барьцааны хүнийг суллах боломж олгоно гэдэгт Катар итгэж байна. Гэхдээ Израилын арми Газын зурвас руу нэвтэрвэл энэ үйл явцыг хүндрүүлнэ.

Ингэхдээ Израилын иргэд гэхээсээ илүүтэйгээр давхар иргэншилтэй хүмүүсийг суллах асуудал яригдаж байна.

Хамас бүлэглэл Израилын шоронд хоригдож буй палестинчуудыг суллахын тулд Израилын олзны цэргүүдийг цаашид ч барьцаанд байлгасаар байна гэж шинжээчид таамаглаж байна.

Катарын хувьд зуучлагчийн үүрэг нь ноцтой эрсдэл дагуулж байна

Хамас бүлэглэлийн Израилд хийсэн аймшигт халдлагын нарийн мэдээлэл гарахын хэрээр АНУ-ын цэргийн бааз нь хүртэл байрладаг өрнөдийн энэхүү чухал холбоотон улс Хамас хөдөлгөөний улс төрийн жигүүрт юуны учир орогнох боломж олгосон бэ гэсэн асуулт тавигдах болжээ. Энэ байгууллагыг АНУ, Их Британи болон бусад улсад алан хядагч байгууллага гэж үздэг.

Хэрэв барьцааны хүмүүсийг суллах чиглэлээр гаргаж буй Катарын хүчин чармайлт хүлээсэн үр дүнд хүрэхгүй бол өрнөд тус улсад хандах хандлагаа өөрчилж, Катар дахь Хамас-ын төлөөлөгчдийн газрыг хаах зорилгоор дарамт шахалт үзүүлж болзошгүй.

Энэ сарын 7-ны өдрийн үүрээр Хамас бүлэглэлийн хийсэн халдлагын дараа Израил сэргэлт авч чадаагүй л байна.

Газын зурваст 2.3 сая палестин хүн амьдардаг тэр дундаа 2007 оноос хойш Газыг удирдаж буй Хамас бүлэглэлийнхэн бий.

Үүнээс хойш Израил бараг хоёр долоо хоногийн турш Газын зурваст агаараас цохилт тасралтгүй өгч байгаа ба үүний улмаас таван мянган хүн амиа алдаад байна. НҮБ галаа даруй зогсоохыг шаардаж байгаа билээ.

Харин Израил Хамас бүлэглэлийг газрын хөрснөөс арчина гэж мэдэгдсэн. Тиймээс хоёр эвлэршгүй дайсанд зуучлагч хэрэгтэй нь ойлгомжтой.

Барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээ хэрхэн өрнөж байна вэ

2012 оноос хойш Катарын нийслэл Доха хотод Хамас хөдөлгөөний улс төрийн жигүүрийн төв үйл ажиллагаа явуулж байгаа. Төвийг Исмаил Ханиа удирдаж буй.

Шил, бетонон тэнгэр баганадсан барилга бүхий супер орчин үеийн Доха хотод Хамас-ын төлөөлөгчид Катарын дипломатуудын хамтаар барьцааны хүмүүсийг суллах талаар хүндхэн хэлэлцээ хийж буй.

Катарын зуучлагчид энэ тал дээр туршлагатай. Тэд Катарын Засгийн газрын тусгай газарт ажилладаг ба тус газар нь Хамас-тай харилцах харилцааны асуудлыг хариуцдаг. Ингэснээр Катар зурвасын дэд бүтэц болон нийтийн албаны үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор жилд олон сая ам.доллар зарцуулдаг. Эдгээр зуучлагчдын ихэнх нь Газын зурваст очиж байсан ба Хамас хөдөлгөөний удирдлагуудтай сайн танил.

Хөрш болох Бахрейн, Арабын Нэгдсэн Эмирт Улсаас ялгаатай нь Катар Израилтай дипломат харилцаа албан ёсоор тогтоогоогүй. Гэхдээ 1990-ээд оны үеэр Катарт Израилын төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байсан удаатай.

Гэсэн хэдий ч нүднээс далд харилцаа холбоо байсаар байгаа ба шаардлагатай үед Катарын албан тушаалтнууд Израилын талтай утсаар ярих боломжтой.

Хэлэлцээний явцад нөлөөлж буй хүчин зүйлс

Өнгөц харахад Хамас нь барьцааны хүмүүсийг сулласнаар юу ч хожихгүй байгаа мэт. Тус хөдөлгөөнийг хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалсан гэж хатуу шүүмжилж буй. Энэ нь Саудын Арабын ханхүү Турки аль-Фейсалын хэлснээр, исламын хуультай харшилж байна.

Зарим шинжээчдийн үзэж буйгаар, Хамас хөдөлгөөн хүүхэд, эмэгтэйчүүд болон гаднын иргэдээс аль болох хурдан ангижрахыг хүсэж байгаа. Барьцааны хүмүүс Хамас-ын хувьд зөвхөн том төвөг. Тэднийг дайны үед Израилаас нууц газарт байлгах, хооллох нь ложистикийн хувьд асар том асуудал гэж эрсдэлийн үнэлгээний “Sibylline” компанийн шинжээч Жастин Крамп үзэж байна.

Харин Катарын албан тушаалтнууд барьцааны хүмүүсийн тусламжтай Хамас бүлэглэлд өөртөө цаг авч байна гэж ярив.

Өөрсдийнхөө ойр дотнын хүмүүсээ эрүүл, энх суллах гэж олон гэр бүл цөхрөлтгүй тэмцэж байгаа энэ үед Газын зурваст хуурай газраар дайралт хийх шийдвэрийг нь хойшлуулахын тулд Израилд дарамт үзүүлсээр байна. Хэрэв энэ ажиллагаа эхэлбэл барьцааны хүмүүсийг суллах яриа хэлэлцээ зогсоно.

Барьцааны хүмүүсийн суллахад бас нэг асуудал бий

Хамас бүлэглэл барьцааны хүмүүсийг газар доорх хонгилдоо хорьж байгаа гэж үзэж буй. Суллагдсан цөөн хэдэн хүнийг Олон улсын улаан загалмай нийгэмлэгт шилжүүлэн өгсөн. Гэвч 50 болон түүнээс дээш тооны барьцааны хүнийг суллах ажиллагаа явуулахын тулд тасралтгүй үргэлжилж буй агаарын цохилтыг түр хугацаанд зогсоох шаардлага гарна. Харин Хамас эл завсарлагыг байнгын болгохыг хүсэж байгаа.

Гэвч Беньямин Нетаньяхугийн засгийн газар энэ дайныг Хамас-ыг бүрэн устгах хүртэл үргэлжлүүлнэ гэж тангарагласан. Тиймээс Хамаст амьсгал авах зай өгөхийг хүсэхгүй байна.

Катар мөргөлдөгч талуудын хооронд зуучлагчийн үүргийг анх удаа гүйцэтгэж байгаа бус. Афганистаны төрийн эрхэнд талибууд дахин гарч ирэхээс өмнө олон жилийн турш Катарт тус улсын элчин сайдын яам нь байсан. Хэдийгээр АНУ, холбоотнуудын хамтаар талибуудын эсрэг дайны байдалд орж байсан ч тэдэнтэй хэлэлцээ хийх боломжийг Вашингтон хадгалсаар байсан. Үр дүнд нь 2020 онд энхийн гэрээ байгуулж, нэг жилийн дараа өрнөдийнхөн өөрийн цэргээ Афганистанаас гаргаж байсан билээ.

Доха хотын оршин суугчид тухайн үед талибуудын хээрийн цэргийн дарга нар эхнэрүүдээ дагуулан, өрнөдийн загварын хувцас авч өгөхөөр агааржуулагч бүхий худалдааны төвөөр явж байсныг нүдээ бүлтийлгэн харж зогсож байсан түүх бий.

Катарчуудад Сири болон Иракийн тусгай албадад байдаг харилцаа холбоогоо ашиглан, Исламын улс бүлэглэлийн барьцаанаас хүмүүсийг амжилттай суллаж байсан туршлага ч бас бий.

Энэ онд л гэхэд Катар Оросын талын хулгайлсан гэх Украины дөрвөн хүүхдийг гэр бүлд нь буцааж өгөхөд амжилттай зуучилж байсан. Тухайн үед Украины тал энэ асуудлаар Москватай хэлэлцээ хийж, зуучлах хүсэлт тавьж байсан билээ.

Энэ бүгд Катар улсыг Газын зурвасаас иргэдээ суллахын хүсэж буй олон улсын өмнө чухал түнш болгон харагдуулж байна. Үүнээс ч өмнө Катарт улс дипломатын нарийн тоглоомд оролцох хэрэг гарч байсан. Түүний нэр хүнд дипломатчид нь Газын зурвас дахь нөхцөл байдлыг хамжааж, аль болох тооны тооны барьцааны хүмүүсийг суллаж чадах эсэхээс ихээхэн шалтгаалж байна. Эх сурвалж: ВВС

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.218.139) 2023 оны 10 сарын 30

SEXSDN80955877

0  |  0
Top