Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдон ажиллаж буй Шэнь Миньжюаньд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Көчян таалал төгссөнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс болон хувиасаа эмгэнэл илэрхийлэв.
Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж, өргөжин тэлж буйг онцлоод, цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа илүү батжуулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.
2024 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохионо.
Цаашид гадаад худалдааны эргэлтийг сайжруулах, БНХАУ-аас манай улсад хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Хятадын тал хамтран ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )