Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ бараалхлаа

2023 оны 11 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ-г хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн босгон дээр Вьетнам Улсад төрийн айлчлал хийж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс Вьетнам Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг бөгөөд хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг дотно харилцаатай орнууд гэдгийг онцлов.

Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосноос хойш тууштай өргөжин гүнзгийрч ирсэн бөгөөд хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн бие биеэ харилцан дэмжиж, найрсгаар хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтайг тэмдэглэв. 

Хоёр орны үе үеийн удирдагчдын тавьсан харилцааны хөрс суурь нь цаг хугацааны бүхий л сорилт, шалгуурыг давж, хөгжин бэхжиж ирсэн бөгөөд цаашид энэхүү бат бэх харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх түүхэн цаг үе ирснийг талууд санал нэгтэй тэмдэглэв.

Талууд хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэдгийг онцолж, цаашид парламент хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, Парламентын Найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top