Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2023 оны 11 сарын 09

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр (2023.11.08) болж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, уг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцууллаа. Улсын Их Хурлын байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо тус тусын эрхлэх асуудлын хүрээнд төсвийн төслийг хэлэлцэж, санал хураан, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн, зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна. Тэдгээрийг Ажлын хэсэг нэгтгэн боловсруулж, Төсвийн байнгын хорооны хуралдаанд оруулсныг санал нэг бүрээр хэлэлцсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдав. Байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явуулж, мөн олонхын дэмжлэг авсан, аваагүйээр нь бүлэглэн зарчмын зөрөөтэй 19 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Ажлын хэсэг болон Төсвийн байнгын хорооноос Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд зарим өөрчлөлт оруулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Тухайлбал, төсвийн тэнцлийг сайжруулах үүднээс төсвийн орлогыг 590,8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, ДНБ-д эзлэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 0,8 хувиар сайжруулах, тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцын Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 140.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгөөр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай зарим хөрөнгө оруулалтыг нэмж, 2024 онд гүйцээн ашиглалтад оруулах шаардлагыг үндэслэн зарим төсөл арга хэмжээний санхүүжих дүнг нэмэгдүүлэх, зайлшгүй шаардлагыг үндэслэн төсвийн захирагч нарын багц дотор болон багц хооронд зохицуулалт хийх зэрэг саналыг гаргасан байна.

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараа хэлэлцэж буй асуудлаарх Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн байр суурийг, тус бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Тэрбээр, 2023 онд улсын төсвийг өмнөх оныхоос 34 хувь, 2024 онд дахин 31 хувиар тэлж, төсвийн зарлагыг гуравхан сарын өмнө баталсан Төсвийн хүрээний мэдэгдлээс даруй 5.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснийг шүүмжлээд, төсвийн хүрээний бодлогын баримт бичгээ 2021 онд гурван удаа, 2022 онд хоёр удаа, энэ онд хоёр удаа өөрчилж байгаа нь Засгийн газар тооцоо судалгаагүй, асуудлаа олж харахгүй байгааг харуулж байна гэсэн юм. Төсвийн зарлага гурван жилийн дотор хоёр дахин нэмэгдэж, ирэх онд 27 их наяд төгрөгт хүрэхээр байгаа нь улсын төсвийг бүхэлд нь сонгууль руу чиглүүлж буй явдал хэмээ үзэж буйгаа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга онцлоод, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг хэт өөдрөгөөр төсөөлж, уул уурхайн салбарын орлогын боломжийг ихээхэн хөөсрүүлсэн гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн, ядуурлын түвшин нэмэгдэж байгааг тэрбээр дурдаад, гэвч халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхийд байхгүй гэдгийг онцлон, хувийн хэвшлийн орон зайг төр төсвөөр дамжуулан булааж байгааг, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 80 хувь нь цаашид төсвийн урсгал зардлыг байнга нэмэгдүүлэхээр байгааг анхааруулав.

Дараа нь, Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналууд хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүн шинжилгээний дүгнэлтийг танилцуулсан юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр төсвийн орлого нэмэгдүүлэх талаарх хоёр, урсгал зардлыг нэмэгдүүлэх 13, урсгал зардлыг бууруулах хоёр, хөрөнгийн зардлыг өөрчлөх долоон багц санал болон зарчмын бусад саналууд гарсан байна. Эдгээр саналаар төсвийн орлого 565.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25.85 их наяд, төсвийн зарлага 27.36 их наяд төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар өөрчлөгдөх юм. Энэ өөрчлөлтийг хийхэд төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөрийн хэмжээг өөрчлөх нөхцөл үүсээгүйг газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцуулж, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, нэмэгдүүлэх болон нийт зарлагыг нэмэгдүүлэхгүй байх, мөн хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний талаарх саналууд холбогдох хуулийн шаардлагуудыг хангаж байгааг дурдав. Харин 227.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 86 төсөл арга хэмжээний хэмжээ нь Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.5-д заасны дагуу шинээр эхлэх барилга байгууламж, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцоолох гэсэн зарчимд нийцээгүй байгааг, мөн есөн төсөл арга хэмжээний бүртгэлийг бүрэн хангуулах шаардлагатай нь тогтоогдсон байна.

Ингээд Төсвийн байнгын хорооноос чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураах болоход Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл горимын санал гаргаж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд төсвийн бодлогод ухралт болохуйд олон зүйл, заалт туссан байгааг нягтлан хэлэлцэх үүднээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт тавив. Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь тусгай дэгтэй, нарийвчилсан хугацаатай асуудал тул Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт хоёр цагийн завсарлага өгөв.

Завсарлагын хугацаа дуусаж, чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэхэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, энэ сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсын ихэнх нутгийг хамарсан цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болсны улмаас хөдөөгийн малчдын амь нас, амьжиргаанд ихээхэн хохирол учирсан харамсалтай явдал тохиолдсоныг мэдээлээд, 20 метр/секунд хурдтай цасан шуурга 12-15 цаг үргэлжилснээс нийт 12 аймгийн 24 суманд 30 тохиолдлоор нийт 46 хүн сураггүй алга болж, зургаан эмэгтэй, нэг хүүхэд, нэг эрэгтэй хүн амь насаа алдсан золгүй явдал тохиолдсонд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас ирүүлж байгаа мэдээгээр өнөөдрөөс эхлээд энэ сарын 11-нийг хүртэлх хугацаанд нийт нутгаар дахин цас орж, зарим нутгаар салхины эрч 15-17 метр/секунд хүрч, цасан болон шороон шуурга шуурахын зэрэгцээ хүйтний эрч чангаран, шөнөдөө 19-24 хэм хүрэх төлөвтэй байгааг дурдаад, иймд Улсын Их Хурлын гишүүд та бүхэн болон нутгийн захиргааны байгууллагууд, үүрэг хүлээсэн албан хаагчид энэ болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг шуурхай, оновчтой авч хэрэгжүүлэх, иргэд, малчдад анхааруулах сэрэмжлүүлгийг цаг алдалгүй хүргэх, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн бэлэн байдлыг сайтар хангаж ажиллахыг анхааруулав.

Ингээд Төсвийн байнгын хороо, Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар явуулах үед Монгол Улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудтай уялдуулан, эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тусгагдсан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2024 онд 25289.8 гэсний 25855.1 гэж, дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-д эзлэх хувь 2024 онд 34.2 гэсний 34.9 гэж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2024 онд -2070.8 гэснийг -1505,4 гэж, ДНБ-д эзлэх хувь 2024 онд -2.8 гэснийг -2.0 гэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2024 онд 6170.4 гэснийг 6273.3 гэж, ДНБ-д эзлэх хувь 2024 онд 8.3 гэснийг 8.5 гэж, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2024 онд 2389.6 гэснийг 2351.9 гэж тус тус өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Б.Баттөмөр нар асуулт асууж, үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдийн тэтгэврийг таван жилийн цалингийн дунджаар тогтоохоор болж буйтай холбогдуулан 2018-2023 онд долоон жилийн цалингийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон иргэдэд нөхөн олговор олгох, үүнд шаардагдах санхүүжилтийг төсвийн төсөлд тусгах асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн ложистикийг бүрдүүлэх, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгө, “Үдийн цай” хөтөлбөрийн зардлыг нэмэгдүүлэх асуудлыг төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн төсөлд хэрхэн тусгаж буй талаар асуулт асууж хариулт авсан юм. Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн түүний асуултад хариулахдаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын бодлого хэвээр үргэлжилнэ гээд, харин цэцэрлэг, сургуулийн суралцагчдын хоолны зардлыг эцэг, эхийн оролцоотойгоор шийдвэрлэх чиглэл рүү явна гэсэн юм. Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих бодлогод тодорхой хэмжээний зардал улсын төсөвт сууж байгааг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Монгол улсын хөгжлийн потенциал асар өндөр болохыг дурдаж, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн төслийг гутранги байдлаар төлөвлөж буй нь буруу гэсэн юм. Тэрбээр, анхнаасаа боломж, нөөцөө зөв тооцож, илүү үр ашигтай төсөл батлах нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Хуулийн төсөлд өөрчлөлт оруулах талаар Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтэд дурдсан саналын томьёоллоор санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.9 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.188.206) 2023 оны 11 сарын 09

хулгайч нар төсөв хэлэлцэж байна шүү

0  |  0
Top