Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалт боллоо

2023 оны 11 сарын 09

Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын Х  хуралдаан өнөөдөр /2023.11.09/ Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдлаа.

Энэхүү  уулзалтаар хоёр талын улс төр, худалдаа хөрөнгө оруулалт болон бусад хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, Канадын Засгийн газраас хэрэгжүүлдэг Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар хөндөж ярилцлаа.

Мөн Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар Канад Улсын талд танилцуулж, тус улсын хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбарт нэмэгдүүлэх боломжуудын  талаар санал солилцов.

Тус уулзалтыг манай талаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Канадын  талаас тус улсын Гадаад  хэргийн Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах дэд сайд Уэлдон Эпп нар даргалж оролцсон бөгөөд уулзалтад холбогдох яамд, байгууллагын төлөөлөл оролцож, талууд салбар хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Өнгөрсөн онд Монгол Улс, Канад Улс хоорондын худалдааны эргэлт 23.3 сая ам.доллар байсан бөгөөд энэ оны эхний 9 сарын байдлаар 26,8 сая ам.долларт хүрч өсөв.

Канад Улсаас Монгол Улсад 1990 оноос хойш нийт 10.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, худалдаа, нийтийн хоол, банк санхүүгийн үйл ажиллагаа болон бусад салбарт хийсэн байна.

Канад Улс нь Хойд Америкийн орнуудаас Монгол Улстай хамгийн анх дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top