Төсвийн байнгын хороо УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 11 сарын 10

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2023.11.10/ дахин хуралдаж, Нийтийн өргөдлийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан “Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журам"-ын дагуу ирүулсэн PN-202310-70621 дугаартай нийтийн өргөдөл, PN-202310-96904 дугаартай нийтийн өргөдлийн үр дүнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нэмэгдсэн өртгийн албан татвар болон татварын орчинд үнэлэлт, дүн шинжилгээ хийж, шударга ёсны зарчимд нийцүүлэн татварын орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлтээ Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд даалгахаар тусгасан байна. Мөн тогтоолын 1 дэх заалтад заасан асуудлаар шаардлагатай мэдээ, мэдээллээр шуурхай хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд , Монгол Улсын Сангийн сайд нарт тус тус даалгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Монгол Улсын 2024 төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо өмнөх хуралдаанаараа хийсэн бөгөөд зарчмын зөрүүтэй зайлшгүй хэлэлцэх санал байгаа учир Байнгын хороо анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай болсныг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Ттэрбээр “төслийн нэг дэх заалтын нэг дэх дэд заалтын шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах ажлыг” гэснийг “төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчим болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн санхүүгийн түрээс хэлбэрээр” гэж өөрчлөх саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Л.Энхамгалан, Ч.Хүрэлбаатар нар гаргасныг уншиж танилцуулав. Дээрх зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top