ОПЕК-ийн томоохон тоглогчид болон тус эвсэлд ордоггүй улс орнууд буюу ОПЕК+ энэ оныг дуустал газрын тосны олборлолтоо хязгаарлахаар болжээ. Гэвч газрын тосны үнэ өснө гэсэн хүлээлт биеллээ олсонгүй. Өрнөдийн зарим шинжээчид Орос газрын тосны экспортоо буруулаагүй нь дээр эсрэгээр нэмэгдүүлсэн гэж хардаж байна.
“Forbes” сэтгүүлд бичсэнээр, ОХУ энэ оныг дуустал газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний экспортоо хоногт 300 мянган баррелиар үргэлжлүүлэн бууруулах шийдвэр гаргасан тухай тус улсын шадар сайд Александр Новак мэдэгдсэн.
Хоёрдугаар сард А.Новак олборлолтоо хоногт 500 мянган баррелиар бууруулна хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэхдээ энэ үзүүлэлтэд дөнгөж тавдугаар сард хүрсэн. Наймдугаар сараас эхлэн тус улс экспортоо хоногт 500 мянган баррелиар бууруулна хэмээн мэдэгдсэн ч есдүгээр сард шийдвэрээсээ буцаж, хоногт 300 мянган баррель болгож бууруулсан. Экспортын хязгаарлалтад зөвхөн түүхий нефть төдийгүй газрын тосны бүтээгдэхүүн багтаж буй талаар А.Новак аравдугаар сард тодруулж байсан билээ.
Саудын Араб үүнтэй зэрэгцэн энэ оныг дуустал газрын тосны олборлолтоо хоногт нэг сая баррелиар бууруулахаа нотолсон юм. Эдгээр мэдэгдлүүдийн дараа газрын тосны үнэ өсөөгүй төдийгүй харин ч эсрэгээр буурсан. Энэ сарын 8-ны ICE бирж дээр ирэх нэгдүгээр сарын фьючерс үнэ нэг баррель нь 81 ам.доллар болж буурсан. Арваннэгдүгээр сарын 6-нд фьючерс үнэ 85 ам.долларт хүрч байв.
Үнэ яагаад өсөөгүй вэ?
Орос экспортоо хоногт 300 мянган баррелиар бууруулсан нь зах зээлд нөлөөлөх их хэмжээ биш. Экспортын хязгаарлалт нь Орос, Саудын Араб болон бүхэлдээ ОПЕК+ эвслийн зах зээлд өгч буй дохио. Газрын тосны зах зээлд бусад хүчин зүйлс нөлөөлдөг. Тухайлбал, ОПЕК-т ордоггүй улс орнууд дахь олборлолтын өсөлт. Энэ онд АНУ, Канад, Бразил, Норвег, Хятад болон Иран газрын тосны олборлолтоо нэмэгдүүлсэн. Бразилын олборлолтын хэмжээ Оросын хязгаарлалтын хэмжээтэй дүйцэж байна. Бразилын газрын тосны олборлолтын хэмжээ хоногт 3,672 сая баррельд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 16.7 хувиар өссөн үзүүлэлт юм. АНУ-д мөн энэ жил газрын тосны олборлолт дээд хэмжээнд хүрэхээр байна. Энэ онд тус улс хоногт 12.9 сая баррель газрын тос олборлохоор төлөвлөжээ.
Газрын тосны олборлолтын хязгаарлалтын гол зорилго нь газрын тосны үнэ унахаас сэргийлэх явдал байсан. Үнийг өсөхийн тулд асар их хэмжээний хязгаарлалт хийх шаардлагатай. Ойрх Дорнодын хямрал одоогоор хүрээгээ тэлээгүй байгаагаас гадна АНУ-д олборлолт нэмэгдэж байгаа тул газрын тосны үнэ өсөх нөхцөл бүрдээгүй.
Ойрх Дорнодод мөргөлдөөн эхлэхэд үнэ бага зэрэг өссөн ч Иран Ормузын хоолойг хаахгүй хэмээн томоохон тоглогчид тооцоолсон. Тиймээс үнэ өсөөгүй гэж шинжээчид дүгнэж байна.
Одоогоор дэлхийн газрын тосны зах зээл дээр хоногт нэг сая гаруй баррелийн хомстол үүсээд байна. Гэхдээ энэ үзүүлэлт энэ оны дөрөвдүгээр улиралд буурчээ.
Оросын экспорт бурсан уу?
Оросын газрын тосны олборлолт, экспорттой холбоотой мэдээллийг шалгах боломжгүй. Учир нь өнгөрсөн оноос эхлэн экспортын талаарх албан ёсны статистик мэдээлэл нийтлэгдэхээ больсон. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн тус улс олборлолтын статистик мэдээллээ мөн нийтлэхээ больсон билээ.
Өрнөдийн зарим шинжээчид тус улс газрын тосны экспортоо буруулаагүй төдийгүй эсрэгээр нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа. Блүмберг агентлагийн мэдээллээр, сүүлийн дөрвөн сар Оросын экспорт хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Орос хоногт 1.1 сая баррель түүхий нефть Хятад руу нийлүүлсэн гэж тус агентлаг тооцоолжээ. Энэ сарын 5-ны байдлаар, нийт 21 сая баррель түүхий нефть ачигдсан ба хаашаа нийлүүлэгдэх нь тодорхойгүй байна. Хятадын далайгаар импортолдог газрын тосны хэмжээ хоногт 800 мянган баррелиар нэмэгдэж байна. Газрын тосыг Оросоос хоолойгоор дамжуулан нийлүүлж байна гэж тус агентлаг үзэж байна.
Мөн Энэтхэгт хоногт дунджаар 1.12 сая баррель Оросын газрын тос нийлүүлэгдэж байна. Үүнээс 655 мянган баррель газрын тосыг далайгаар тээвэрлэжээ. Ингэхдээ газрын тос тээвэрлэсэн хөлгүүдийн эцсийн зогсоол нь Египетийн Порт Саид эсвэл Сэуц гэж заажээ. Гэхдээ эл газрын тосыг Өмнөд Солонгосын Йосу боомтод өөр тээвэрлэгч хөлөгт ачин, Энэтхэг, Хятадын боомтод хүргэсэн байх талтай гэж Блүмберг үзэж байна.
Энэ сарын 5-аас өмнөх дөрвөн долоо хоногт хоногт 103 мянган баррель газрын тосыг эцсийн зогсоол нь тодорхойгүй хөлгүүдээр тээвэрлэжээ. Эл газрын тосны ихэнх хэсэг нь Оросын баруун боомтуудаас гарч, Суэцийн сувгаар дамжиж байна гэж Блүмберг тодруулжээ. Эл газрын тосны зарим хэсэг нь Туркт очсон байх талтай. Туркт нийлүүлсэн газрын тосны экспорт хоногт 443 мянган баррельд хүрсэн аж. 104 мянган баррель газрын тос Болгарыг чиглэжээ. Тус улс далайгаар нийлүүлэгдэж буй Оросын газрын тосны Европ дахь цорын ганц зах зээл болоод байгаа гэж Блүмберг тодруулсан байна.
Норвегийн “Rystad Energy” компанийн мэдээллээр, далайгаар нийлүүлэгдэх Оросын газрын тосны экспорт хоногт 3.54 сая баррельд хүрч, есдүгээр сартай харьцуулахад 320 мянган баррелиар нэмэгджээ. Харин газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт нь хоногт 2.1 сая баррель байгаа нь 2022 оны тавдугаар сараас хойш гарч буй хамгийн доогуур үзүүлэлт гэж “Rystad Energy” тооцоолжээ. Аравдугаар сард Оросын газрын тосны экспорт зорилтот үзүүлэлтээс ялимгүй давсан гэж “Rystad Energy” компанийн дэд ерөнхийлөгч Хорхе Леон тодруулсан байна. Тус улс газрын тосны экспортоо бууруулах зорилтдоо хүрч чадаагүй гэж үзэж байна.
Албан ёсны статистик мэдээлэл гарахгүй байгаа нь шинжээчдийг төөрөгдүүлж байна. Аравдугаар сарын хоёрдугаар хагас болон арваннэгдүгээр сарын эхний байдлаар, Блүмберг агентлаг болон судалгааны “Eikon Refinitiv” компанийн гаргасан Оросын газрын тосны экспортын үнэлгээнд ихээхэн ялгаа ажиглагджээ. “Eikon Refinitiv” компани далайгаар тээвэрлэх Оросын газрын тосны хэмжээ хоногт 2.8 сая баррель болж буурсан гэж үзэж байна. Оросын газрын тосны экспорт нэмэгдэх магадлал өндөр гэж тус судалгааны төв үзэж байна.
Оросын газрын тосны экспортын хязгаарлалтад газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн хамаарч байгаа.
Есдүгээр сарын 21-ээс бензин болон дизель түлшний экспортыг хориглосон нь газрын тосны экспортыг нэмэгдүүлэх боломжийг нээж байна гэж шинжээчид үзэж байна.
Орост олборлосон газрын тос нь эсвэл экспортод гарч байгаа, эсвэл газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлэгдэж байна. Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хүчин чадал тийм ч их биш. Тиймээс газрын тос нөөцөд явж байна гэдэгт шинжээчид эргэлзэж буй.
Тогтвортой олборлолтын үед боловсруулалт багасаж, түүхий нефтийн экспорт нэмэгддэг. Намар яг ийм үйл явц өрнөдөг. Учир нь энэ үеэр газрын тос боловсруулах үйлдвэрүүд завсарт ордог.
Орос ОПЕК+-тэй зөвшилцсөн хэмжээнээсээ илүүг нийлүүлж байгаа ба экспортоо хязгаарлах шийдвэрээ хэрэгжүүлэхгүй байна гэж Блүмберг онцолжээ. Харин Оросын Эрчим хүчний яам үүнийг үгүйсгэж байна. Албан ёсны статистик мэдээлэл хаалттай байгаа энэ үед зөвхөн үгэнд итгэх эсэх л үлдэж байна.
ОХУ нь ОПЕК+ эвслээс эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах чиглэлээр авч буй арга хэмжээнд идэвхтэй оролцсоор байна. Одоогоор ОПЕК+ улс орнууд газрын тосны олборлолтоо бууруулах үүргээ биелүүлсээр байна гэж Оросын Эрчим хүчний яам мэдэгджээ. Тус яам 2023 оны арваннэгдүгээр сард газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний экспорт хоногт 300 мянган баррелиар буурна гэж таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )