Дэлхийн стандарт хангасан махыг Сүхбаатар аймгаас экспортод гаргана

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 11 сарын 21

-Монголын анхны байгальд ээлтэй махны үйлдвэр “Хийморь Сүхбаатар” үүдээ нээлээ-

Монгол Улс, тэр дундаа Сүхбаатар аймаг дэлхийн стандартыг хангасан мах, махан бүтээгдэхүүнийг олон улсад гаргах үүдийг “Хийморь Сүхбаатар” үйлдвэр нээлээ. Мал, мах бэлтгэх, боловсруулах, ангилах, савлах дөрвөн дамжлага бүхий тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2020 оноос эхэлж, ковидын жилүүдэд зогсолтгүй ажилласаар ашиглалтад орж, энэ сарын 18-нд нээлтээ хийсэн юм.

Монгол Улсын хэмжээнд  махны чиглэлийн 400 аж ахуй нэгж байдаг. Түүнээс 200 нь нядалгаа хийдэг ч гуравхан газар л  цэвэрлэх байгууламжтай. Тэгвэл шинэ үйлдвэрийн хувьд мах бэлтгэхэд тавигддаг бүхий л шалгуурыг хангасан, дэлхийн стандартад нийцсэн гээд тус үйлдвэрт давуу тал олон байгааг мэргэжилтнүүд  хэлж байна. Тухайлбал, мах болоод дайвар бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй.

Мах сэврээх, гүн хөлдөөх, хадгалах зориулалтын хөргөлтийн системтэй. Салбартаа анхдагч гаалийн баталгаат агуулах, зоорь нь 1000 тн мах хадгалах хүчин чадалтай. Бүгд Найрамдах Чех улсын “Khaanzaa” /Хаанзаа/ ХХК-ийн технологиор хийгдсэн 95 хувийн саарал ус, бордоо ялган авдаг иж бүрэн цэвэрлэх байгууламжтай Монголын анхны байгальд ээлтэй үйлдвэр болсноороо анхдагч юм. Ингэхдээ мал төхөөрөх, мах боловсруулах технологийн бүх дамжлагад эрүүл ахуйн зохистой дадлууд /GMP GHP/ болон хүнсний чанар, аюулгүй байдлын HACCP ISO9001 стандартыг нэвтрүүлсэн, ажлын байр нь мэргэжлийн боловсон хүчин /малын эмч, технологич, инженер, эрүүл ахуйч/-аар бүрэн хангагдсан, нэг ээлжид 100-150 ажилчин ажилладаг. Цаашид үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад орон нутагт 150-250 хүний ажлын байрыг бүрдүүлэхээр зорьж байгаа аж.

Үүнээс гадна хувийн хэвшил  анх удаа хөдөө орон нутагт томоохон бүтээн байгуулалтыг өөрсдийн хөрөнгөөр байгуулсан. Эрүүл орчинд эрүүл хүнс бэлтгэхийг гол зорилгоо болгосон. Дээр нь Сүхбаатар аймгийн малын мах амт чанар сайтай гэгддэг. Энэ нь ам дамжсан яриа биш хэрэглэгчдийн үнэлэмж, бэлчээр нутгийн өгөгдөл өгөөж, таван хошуу малаа таван гар болон маллаж ирсэн малчин удмынхны бий болгосон өв гээд олон хүчин зүйл “Хийморь Сүхбаатар мах импекс” үйлдвэрийн давуу талуудыг бий болгож байна гэвэл хэтрүүлсэн болохгүй биз ээ. Эндээс Монгол Улс, орон нутгийн малчид төлийгүй зүүн бүс нутгийнхан мах, махан бүтээгдэхүүнээ дэлхий рүү гаргана. Тодруулбал, ОХУ, Чех, Хятад, Вьетнам, Иран, Ирак руу экспорт хийх боломж нээлттэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Вьетнам улсад хийсэн саяхны айлчлалаар хонь, ямааны мах экспортлох гэрээ хэлцэл байгуулсан. Энэ ажил шинэ үйлдвэрээс эхлэн хэрэгжиж болох юм. Цаашлаад  мөнхийн хоёр хөршөөс гадна  Иран, Ирак, Газар дундын тэнгис рүү мах, махан бүтээгдэхүүн гаргах талаар түншүүдийн зүгээс сонирхож эхэлснийг нээлтийн үеэр ирсэн зочид, төлөөлөгчид хэлж байлаа.

 

А.ОТГОНЖАРГАЛ: МАХЫГ ТЕХНОЛОГИЙН ДАГУУ БЭЛТГЭСНЭЭР ЭРҮҮЛ ХҮНСИЙГ БИЙ БОЛГОНО

/“Хийморь Сүхбаатар Мах импекс ХХК-ийн захирал/

-Махны үйлдвэрийг хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар ямар хугацаанд барив?

-Үйлдвэр барих ажил 2020 оноос эхэлж, өнөөдрийг хүртэлх гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалт хийлээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 14.5 тэрбум төгрөг зарцуулаад байна.

-Үйлдвэр дөрвөн дамжлагатай, энд техник, технологийн давуу тал нь юу вэ?

-Махыг технологийн дагуу бэлтгэж байж бид эрүүл хүнсийг бий болгоно. Мах бохироос цэврийн шугам руу орж, цааш ангилан савлах гурав дахь цех рүү орно. Тэндээс эргэж гаргаад экспортын бараа бүтээгдэхүүнй хайрцаглах, савлах, вакумдах гэсэн дөрвөн шаттайгаар үйлдвэрлэл явагдана.

-Мах үйлдвэрийн хамгийн гол шалгуур ариутгал, халдваргүйжүүлэлт. Үүнийг танай үйлдвэр хэрхэн шийдэв?

-Энэ чиглэлээр Чех улсын хамгийн сүүлийн үеийн технологийг оруулж ирсэн. Мэргэжилтнүүд, судлаачид махны хамгийн их бохирдол түүнийг угааж байгаа уснаас их шалтгаалж байна гэдгийг лабораторийн шинжилгээгээр байнга гаргадаг. Тиймээс усны асуудлыг шийдэхийн тулд ямар технологи ашиглах вэ, яавал бэлтгэж буй мах, махан бүтэгдэхүүн маань уснаас бохирдохгүй байх вэ гэдэгт эрэл хайгуул хийж, судалгаа явуулсны үндсэнд Чехийн тоног төхөөрөмж хамгийн сайн нь юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, түүнийгээ хэрэгжүүлж байна. Бид ХААХҮЯ, Мал эмнэлгийн Ерөнхий газар, Хорио цээрийн алба, ГЕГ, БОАЖЯ гээд холбогдох бүх газар, салбараас зөвлөмж авч, Монголынхаа урдаа барьдаг мэргэжилтэн, судлаачидтай хамтран ажиллаж үйлдвэрээ босгож, үйл ажиллагаагаа эхэлж байна.

 

М.ГАНТӨМӨР: ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ТАВИГДАЖ БАЙГАА СТАНДАРТУУДЫГ САЙТАР СУДАЛЖ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

/“Хийморь Сүхбаатар” махны  үйлдвэрийн малын эмч М.Гантөмөр/

-Танай үйлдвэрийн гол онцлог, давуу тал юу вэ?

-Гол онцлог гэвэл бид үйлдвэрээс  гарч буй хог хаягдалд  экологийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр анхаарсан цэвэрлэх байгууламжтай махны анхны үйлдвэр боллоо. Цэвэрлэх байгууламж нь 95 хувийн агууламжтай саарал ус гаргаж байгаа нь давуу тал юм. Малаас гарч байгаа сэвс, цус бусад хаягдлыг дахин боловсруулах төсөл хэрэгжүүлж байна. Махны чанар, аюулгүй байдлыг хангах үүднээс бог, бод малыг хүлээж авах хашаа нь тусдаа. Бод, богийн махыг хөргөх, гүн хөлдөөх, хадгалах камерууд нь  мөн тусдаа. Махыг хадгалах явцад ч гэсэн төрлөөр нь ангилж хадгална.

Дотор мах буюу малын дотор эрхтнүүдийг нэр төрлөөр нь ангилж хадгалах боломжтой. Технологийн урсгалууд зөв зохицсон, сүүлийн үед олон улсын хэмжээнд тавигдаж байгаа стандартуудыг маш сайн судалж хэрэгжүүлсэн. Махны холбооноос өгсүүлээд олон салбарын эрдэмтэн, судлаачдын зөвлөгөө тусламжийг авсан. Махны үйлддвэрийн стандартыг төгс хэрэгжүүлэх шийдлээр шийдсэн үйлдвэр гэж ойлгож болно.

-Махны үйлдвэрийн үйл ажиллагаа махны чанарт анхаарах байдаг. 50 хувь нь мал эмнэлгийн ажил байдаг. 20 хувь нь бизнес санхүүгийн, 30 хувь нь техонолгийнх байдаг гэж сонссон. Энэ дагуу бүх шат  дамжлагууд ажиллах уу? 

-Үйлдвэрийн хувьд мал хүлээж авахаас эхлээд малын толгой, дотор эрхтний үзлэг, махны үзлэг гээд дөрвөн чиглэлд мал эмнэлгийн үзлэг шинжилгээг хийнэ. Махыг сэврээх, хөлдөөх, хадгалах технологийн болон температурын горимыг маш сайн баримтална. Ингэснээр мах, махан бүтээдэгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах нэг нөхцөл болдог. Мал эмнэлгийн байгууллагын бас нэг гол зорилт нь эрүүл мал авах, дотор эрхтэнд нэг бүрчлэн үзлэг хийх, үүнээс гадна мах үйлдвэрлэж байгаа орчны ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын асуудлыг хариуцна. Энэ их чухал. Ариутгал, халдваргүйжилтэд Монгол Улсын хэмжээнд тэргүүлэгч  “Монхимо” компанийн үйлдвэрлэсэн бодисуудыг хэрэглэдэг. Монголын нэртэй том мэс заслын эмч нар, эмнэлгүүд үүнийг хэрэглэдэг. Бид үнэ өртгөөс айхгүй, хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангаж, зах зээлээ хүндэлсэн. Энэ чиглэлд харамгүй их мөнгө зарж байна.

М.ИДЭРБАТ: ЖИЖИГ ҮЙЛДВЭРҮҮД ХӨГЖИХ НОЁН НУРУУ УЧИР ДЭМЖИЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАНА 

/Сүхбаатар аймгийн Засаг дарга/

-Махны том үйлдвэр ашиглалтад орсноор түүнийг дагасан жижиг үйлдвэрүүд бий болох боломж харагдаж байна. Цаашилбал, гаднаас худалдаж авдаг консервыг эндээ хийх боломжтой. Гадагшаа экспорт хийх гэж байгаа учраас стандартууд нь нарийн байдаг юм байна. Жишээ нь, хааш хаашаа 300 м-т өөр юм байхгүй байх жишээтэй. Энд газрын маргаантай асуудал байгааг захирлууд нь нээлтийн үеэр ярьж байсан. Түүнийг нь шийдэж өгөх талаар орон нутаг анхаарал тавья. Нэмэлт дагавар үйлдвэрүүд бий болгоход дэмжлэг үзүүлье. Мөн Баруун-Урт хотын нэг томоохон асуудал бол мах бэлтгэдэг бусад газрууд малын гэдэс дотрыг ил задгай хаяж байгаа нь байгаль орчин, агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа. Иймд “Хийморь Сүхбаатар” үйлдвэртэй хамтран малын сэвс, баасыг дахин боловсруулж, түлш хийх төсөлд хамтран ажиллая, дэмжье. Энэ районы дэд бүтцийг шийдүүлэхээр улсын төсөвт 3.5 тэрбум төгрөг тусгуулахаар дэмжиж оруулсан. Энэ үйлдвэр зөвхөн өөр дээрээ цэвэрлэх байгууламжтай байгаа. Тэр нь цааш том цэвэрлэх байгууламжтай нийлдэг байх зохицуулалтыг хийж төр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, харилцан бие биеэ дэмжиж хамтарч ажиллая гэж ярилцлаа. Монгол Улсын хэмжээнд жишиг махны үйлдвэр учраас бид ЖДҮ хөгжүүлэх, дагасан жижиг үйлдвэрүүд бий болох ноён нуруу гэж харж байна.

 

Н.ГАНИБАЛ: МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УРСГАЛЫГ ЗОГСООХГҮЙ БАЙВАЛ ЭКСПОРТ ЗӨВ ЯВНА

/УИХ-ын гишүүн/

-Төрийн бодлогоос болж махны экспорт савладаг тохиолдол гардаг. Тэгвэл хувийн хэвшил өөрсдийн боломжоор хөдөө орон нутагт махны үйлдвэр бариад явж байна.Энэ чиглэлд тууштай бодлого гаргахгүй бол үндэсний үйлдвэрлэгчид хохирч мэдэх юм?

-Төрийн оролцоо Монголын махны экспортод хоёр удаа хүчтэй нөлөөлсөн. Нэг нь Засгийн газрын экспортоос болсон, хоёр дахь нь Эмээлт дээр гарсан шуугиан. Хэвлэлийнхэн очиж ямар алдаа дутагдал байгааг дэлхий нийтэд харуулсан. Энэ хоёр үйл ажиллагаа махны экспортод хүчтэй нөлөөлж, худалдан авагч талуудыг үргээсэн. Төр оролцохгүй байх нь хамгийн чухал гэдэг үг бол бид махны урсгалыг ямар нэгэн байдлаар зогсоохгүй байж л экспорт нь зөв явна. Хэрэв зогсвол цаана нь хэрэглэгч, худалдан авагч талууд өөр улс орнуудаас авчих боломжтой. Тэгэхээр Монгол Улс найдвартай түнш байхын тулд төрийн оролцоог багасгаж, хилээр түргэн шуурхай гаргах боломжийг нь нээж өгөх ёстой. Харамсалтай нь өмнөх хоёр удаагийн цохилтоос болж, махны үйлдвэрүүдэд нэлээд доголдол гарсан. Мөн махны томоохон  нийлүүлэгч малчдын маань мал, махны үнэ буурах шалтгаан болсон. Иймд Монголын төр зайлшгүй экспортоо дэмжих шаардлагатай. Энэ үг улстөрч болгоны амнаас гардаг ч өмнөх хоёр удаагийн үйлдлийг өөрсдөө зохион байгуулсан нь харамсалтай. Сүхбаатар аймгаас сонгогдсон Ж.Батсуурь гишүүн бид хоёрын хувьд махны экспортыг хэзээ ч битгий зогсоо гэдэг шаардлагуудыг Засгийн газарт тавьж, үүнийгээ манаж яваа.

 

Б.БОЛДБААТАР: МАХНЫ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНД МӨРДӨГДӨХ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ҮНДСЭН ШААРДЛАГЫГ ХАНГАЖЭЭ

/Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга/

-Энэ үйлдвэр нь Засгийн газрын 2022 оны 2024 дүгээр тогтоолоор батлагдсан Махны үйлдвэр, худалдаанд мөрдөгдөх техникийн зохицуулалтын үндсэн шаардлагыг хангасан байна. Тэр техникийн зохицуулалт нь үндсэндээ олон улсын шаардлагад нийцүүлэхэд чиглэсэн. Өөрөөр хэлбэл, тэнд технологийн урсгал, нэг чигийн байх, огтлолцохгүй байх, бохироосоо цэвэр рүүгээ ордоггүй байх гээд бүхий зүйлийг зохицуулсан байдаг. Энэ үндсэн шаардлагуудыг нэгдүгээрт хангасан. Хоёрдугаарт, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа мах боловсруулах үйлдвэрүүдэд мөрдөх техникийн зохицуулалтаар бол цэвэрлэх байгууламжтай байх шаардлага тавьсан байдаг. Тэгэхээр энэ  шаардлагыг  хамгийн анх хэрэгжүүлж байгаа үйлдвэр юм. Гуравдугаарт, махны үйлдвэрт гулуузыг угаах, мах, махан бүтээгдхүүнийг угаахдаа  ариутгасан буюу ионжуулсан усаар угаах гэсэн ийм шаардлага олон улсад тавигддаг. Хлоржуулсан усаар угаахаас аль болох татгалздаг. Хэрэв хлортой усаар угааж байгаа бол хлорынхоо хэмжээг тогтмол хянаж байх ёстой гэж үздэг. Тэгвэл энэ үйлдвэр гүний худаг дээрээсээ цахилгаан ионжуулагч тавьсан байна. Өөрөөр хэлбэл, хлор хэрэглээгүй ариутгасан цэвэр усаар мах угаах технологийг нэвтрүүлжээ. Энэ бол сайн тал. Мөн техникийн зохицуулалтын нэг том шаардлага бол мах боловсруулах үйлдвэрийн гадна талын хашаа нь ариун цэврийн бүсээс хамаарсан дөрвөөс доошгүй гарцтай байх гэж заасан. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний гарц, малын гарц, хүний гарц, хог хаягдлын гарц гэсэн гарцууд байх ёстой. Энэ хоорондоо огтлолцохгүй байх гэсэн шаардлага тавигддаг. Яг энэ шаардлагыг хангасан таван гарцтай юм байна. Тиймээс энэ бол ариун цэвэр, эрүүл ахуйн, зохистой дадлын шаардлагуудыг хангасан үйлдвэр болжээ.

 

ЯРОСЛАВ СВОБОДА: МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ АНХ УДАА ХАМТАРЛАА

/Чех улсын Хаанзаа компанийн захирал/  

-Манай Хаанзаа ХХК нь Монгол Улсад ахуйн, нийтийн болон аж үйлдвэрлэлийн системд зориулсан ус, бохир ус цэвэрлэх байгууламжийн загварлачлал гаргах, барих, нийлүүлэх, угсрах ажлыг удирдан зохион байгуулдаг 20 гаруй жилийн түүхтэй тэргүүлэгч компани. Бохир ус цэвэршүүлэх салбарт хуримтлуулсан туршлагадаа үндэслэн Монголын төрөл бүрийн аж үйлдвэрийн салбартай хамтран ажиллаж ирсэн. Өмнө нь Хөшигийн хөндийн нисэх буудал, Оюу Толгой, Тавантолгойн цэвэрлэх байгууламжийг нийлүүлж хамтарч ажилласан. Мах махан бүтээгдэхүүн бэлтгэх үйлдвэртэй анх удаа хамтарч ажиллалаа.

 

НИКОЛОЙ ЛАЗАРЕВ: ОХУ-ААС ГАДНА АЗИЙН ЗАРИМ ОРОН РУУ ЭКСПОРТ ХИЙХЭД ХАМТАРНА

/ОХУ-ын экспортын бүтээгдэхүүн харицсан мэргэжилтэн/

-Бид мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр Хийморь Сүхбаатар мах импекс компанитай цаашид хамтран ажиллана. Үүний зэрэгцээ ОХУ-аас гадна  Узбекистан, Казахстан, Ази тивийн бусад орнууд руу мах, махан бүтээгдэхүүн гаргахад дэмжиж, хамтарч ажиллана. Энэ ташрамд хэлэхэд, хоёр орны харилцаанд өмнөх үеийн  дулаан сайхан үе эргэн ирж байна. “Хийморь Сүхбаатар мах импекс ХХК-ийн хамт олонд, бүтээн байгуулалтад нь амжилт хүсье.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(122.201.23.219) 2023 оны 11 сарын 21

Бид Монголдоо дэлхийн стандарт хангасан мах идмээр байна аа Зах дээр зарж байгаа махны боловсруулалт нь шаардлага хангахгүй хатуу, бохир, амт муу байна.

0  |  0
Top