Улаан автобус “эзэд”-дээ 8.5 тэрбум төгрөгийн зөрүү гаргаж өгсөн үү

2023 оны 11 сарын 21

Энэ намар нийтийн тээвэр шинэчлэлийн хүрээнд ногоон автобуснууд авчирсан. Гэтэл энэхүү автобус нь шинэ биш, мөнхүү үнийн зөрүү гарч шуугиан дэгдээн, холбогдох албан тушаалтнуудыг баривчлан хорьсон. Ийнхүү автобусны дуулиан шуугиан дундуур Хотын даргаар Х.Нямбаатар томилогдож, тэр даруй “2009 оноос хойшхи нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил дандаа тендер шалгаруулалтгүй, шууд худалдан авалтын хэлбэрээр хийгдэж ирсэн. Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх ажил 2009 оноос хойш хэд, хэд хийгдсэн байна. Тухайн үед БНСУ-ын Daewoo компанийн 400 автобусаар парк шинэчилсэн. Захиалагч байгууллага нь ЗТХЯ. Гэвч нээлттэй тендер, сонгон шалгаруулалт хийхгүйгээр шууд гэрээний аргаар хийсэн байна. Улсын төсвийн хөрөнгөөр дээрх 400 автобусыг худалдаж авсан ч улсын эсвэл нийслэлийн өмчид бүртгэхгүйгээр 10 ААН-д шууд шилжүүлсэн” хэмээгээд үүгийг шалгуулна гэдгээ дурдсан. Үүгээр ч зогсохгүй уг асуудлыг АТГ-т шалгуулахаар болсноо хэлж уг асуудлаа өгсөн байгаа аж. Ингэхээр энэ намар орж ирсэн ногоон автобуснаас гадна улаан автобусны хэрэг ч мандав бололтой.

Тодотговол, 2022 онд гэрээлэн оруулж ирсэн 224 ширхэг улаан өнгийн автобусанд гэхэд нэг бүрийн үнэд нь 39.7 сая төгрөгийн зөрүү үүсээд байгааг эх сурвалж хэлж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан, Хотын дарга буруу ташаа зүйл ярихгүй. Тэгэхээр чухамд юунд үндэслэн үүгийг шалгуулахаар болов гэхээр маш амархан.

Юуны өмнө нийслэл дэх Төрийн аудитын газрын дүгнэлтэд нийслэлийн 2022 оны төсвийн гүйцэтгэлт хийсэн аудитын тайлан бий. Үүнийг үзэхээр 224 автобусын нэг бүрийн үнийг 305 сая төгрөг гэж бичсэн байдаг. Мөн тухайн автобусыг худалдан авсан гэрээнд 305 сая төгрөг биш 265.3 сая төгрөгөөр худалдан авсан гэх баримт бий. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ч энэ оны нэгдүгээр сард улаан автобусны үнийн саналын талаарх мэдээллийг энэ үнийн дүнгээр танилцуулж байсан нь мэдээллийн архивт ч бий, бусад баримтад ч байгаа.

Үүнээс харахад улаан автобусыг аудитын дүгнэлтэд бичсэнчлэн 305 саяар авсан уу, эсвэл гэрээ болон нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэдээлснээр 265.3 сая төгрөгөөр авсан уу гэдэг асуудал үүсээд байгаа юм. Энэ зөрүүг л хаана нь ямар гараар хаашаа гаргав гэдэг асуудал үүсэж байна. Одоо бидэнд байгаа мэдээллийн зөрүүнээс харахад 39.7 сая төгрөгийг 224 ширхэг автобусаар үржвэл, энэ худалдан авалтаар нийт 8.5 тэрбум төгрөгийн зөрүү үүсэж байна.

Одоогийн байдлаар нийслэлийн төсвөөс хэдэн төгрөг гарсан юм. Бусад нь хаанаас гарав. Зөрүү ямар мөнгө үүсчихээд хаашаа алга болов гэдгийг шуудхан нягтлах нь хүндрэлтэй байна. Ямартай ч АТГ-т асуудлыг шалгуулахаар хандсан учраас тэндээс нэг хариу гаргаж өгнө. Энэхүү хэл аман дундуур зээлийн нөхцлөөс үүдэж, улаан автобусны үнийг буулгасан, дахин гэрээг шинэчилсэн гэх зэрэг мэдээлэл бий. Гэвч энэ нь асуудал босохоор арьсаа хамгаалсан мэдээлэл цацуулаад байгаа юм биш биз гэх хардлага төрүүлж байна. Тус 224 автобусыг БНХАУ-ын “Golden Dragon Bus” компаниас худалдаж авсан бөгөөд нийслэл тухайн компанитай 2022 оны аравдугаар сарын 11-нд гэрээлсэн. Дараа нь арваннэгдүгээр сард гэрээг шинэчлэн байгуулсан гэх мэдээлэл бий.

Тодотговол, эхний гэрээ зээлийн нөхцөлтэй. Тэр дундаа урьдчилгаа төлбөртэй, хоёр жилийн хугацаатай зээлээр авахаар гэрээлж байсан бололтой. Ингэхдээ нэг тус бүрийн үнийг 305 сая төгрөгөөр тохирчээ. Харин уг зээлийг дараа дараагийн жилд санхүүжүүлэхэд хүндрэлтэй учир “бэлэн мөнгөөр” худалдан авахаар шийдэж, улмаар гэрээг шинэчилсэн талаар албаны эх сурвалж хэлсэн.

Зээлийн нөхцөлгүй, төлбөрийг шууд шилжүүлэх тул 305 гэдэг эхний үнэ 265.3 төгрөг рүү буусан гэдэг тайлбарыг өгсөн байдаг. Тэгвэл энэхүү маргааныг тасалж учрыг олох ёстой газар нь нийслэл дэх Төрийн аудитын газар байж таарна. Гэтэл Төрийн аудитын газар тайландаа хоёр дахь гэрээн дэх үнийн дүнг бус, эхний буюу зээлийн  нөхцөлтэй байх үеийн дүнг оруулж, дурдсан байх талтай. Ямартай ч тухайн тайланг эх хувиар нь онлайн хуудастаа байршуулаагүй нь хардлага дагуулж байна. Уг нь бол өнгөрөгч оны нийслэлтэй холбоотой бүх аудитын тайлан цахим орчинд байршсан байгаа юм.

Харин төсвийн гүйцэтгэлийн тайлан байхгүй байгааг дурджээ. Энэ мэт зүйлээс харж байхад улаан автобусыг 305 сая төгрөгөөр авсан байж таарах гээд байна. Гэтэл “Golden Dragon Bus” компанийн гэрээнээс харахад улаан автобусыг 305 сая төгрөг биш 265.3 сая төгрөгөөр авсан нь харагдана. Нөгөө талаас нийслэлээс гэрээг шинэчлэн байгуулснаар, 224 автобус нэг бүрийг 265.3 саяар, шууд худалдан авсан гэдэг тайлбар өгч байгаа. Тэгэхээр улаан автобус нь оруулж ирсэн “эзэд”-дээ 8.5 тэрбум төгрөгийн зөрүү гаргаж өгсөн байх магадлал өндөр байна.

Үүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээнд асуудал дагуулсан ногоон автобусыг явуулж эхэллээ гэдэг мэдээлэл цахим орчинд цацагдах болсон. Харин уг мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үгүйсгэлээ. Тэрбээр “Дуулиан дагуулсан ногоон автобуснаас нийслэл нэгийг ч авахгүй. Үүнтэй холбоотой тендерийг цуцалсан. Сүүлийн үед цахим орчинд нийтийн тээвэрт ногоон автобус явж байна гэдэг мэдээлэл явуулаад байна. Тийм зүйл байхгүй. Нийтийн тээвэрт нийт 55 ширхэг Skywell цахилгаан ногоон автобус явж байгаа” гэдэг тайлбар хийгээд байна.

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх хүрээнд төсвөөс хөрөнгө гаргасан ч "Тэнүүн огоо" компанийн Вьетнам улсаас оруулж ирсэн ногоон автобус шаардлага хангахгүй болох нь тогтоогдсоноор холбогдох хүмүүсийг Авлигатай тэмцэх газраас шалгаж буй. Эл хэрэгт холбогдуулан Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар нараас АТГ мэдүүлэг авсан бол "Тэнүүн огоо" компанийн захирал А.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийг цагдан хорьсон юм. Нийтдээ 100 ширхэг ногоон автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нийлүүлэх гэрээг нийслэлийн Тээврийн газартай хийсэн байсан ч асуудал дагуулснаар буцаах шийдвэр гарсан юм байна. Гэхдээ энэ асуудлыг шалгасан нэр хэмээн орхихгүй байх гэж найдаж байна. Яагаад гэхээр манайхан нэг асуудлыг шалгаж байна гээд орхидог талтай.

Х.ӨЛЗИЙТ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
059(64.119.29.144) 2023 оны 11 сарын 21

Audit khiisen baiguullagiin neriig zarlaachee...nuun daragduulj hahuuli avsanuu esvel ajlaa muu khiisen uu

0  |  0
Top