Элчин сайд Х.Кобаяши бүр мөсөн нутаг буцах болсонтой холбогдуулан үдэлтийн хүлээн авалт болов 

2023 оны 11 сарын 23

“Шангри-ла” зочид буудлын их танхимд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Элчин сайд Х.Кобаяши бүр мөсөн нутаг буцах болсонтой холбогдуулан хүлээн авалт зохион байгуулагдав. 

Хүлээн авалтад УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй Монголын улс төр, бизнес, соёл урлагийн зүтгэлтнүүд, Монгол дахь Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл зэрэг 260 орчим хүн оролцов.

Төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам (2022 оны хаврын Гадаадын иргэнд олгодог одонг хүртсэн) болон “Увертюра” хамтлагийн залуучууд хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлсний дараа Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүллээ. 

Элчин сайд Х.Кобаяши хэлэхдээ, Монголд ажиллаж байх хугацаандаа шинэ төрлийн коронавирус тахлын эсрэг монголчуудтай хамтдаа тэмцсэн, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нээлтэд оролцсон, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг монголчуудын хамт өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын Япон Улсад хийсэн айлчлал амжилттай болж өнгөрснийг дурсаж, “Монгол Улс, Монголын ард түмэн эх нутгийнхаа байгалийн баялаг, өв соёлоо дээдлэн хүндэлж, бие биедээ найр тавин хүндэтгэлтэй хандаж, Их эзэн Чингис хааны аугаа их үйл хэргээс хавь илүү дэлхий дахиныг шагшин гайхуулсан түүхэн хөгжилд хүрээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Цаашид Та бүхэнтэй Монголд бас Японд дахин уулзахдаа баяртай байх болно” хэмээв. 

  Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлж, БХБ-ын сайд бөгөөд Монгол, Японы Парламентын бүлгийн дарга Ц.Даваасүрэн хундаганы үг хэлсний дараа ирсэн зочид дотно яриа өрнүүлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top