Таван толгойд горьдлого тасарсан Япончууд “Жайка” зэрэг тусламжийн төслөө зогсоох уу

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

 Монгол баялгаараа гайхуулж, хол ойрын олон түншүүдээ баярлуулахыг нь баярлууж, гомдоохыг гомдоох шиг л болж байна. Өмнөд Солонгосчууд Таван толгойн ордыг ашиглахад оролцох санал тавьсан ч манайхан шалих шалихгүй шалтаг тоочин болиулж буй бололтой. Үүнээс нь болоод тэр үү, тэд МИАТ-ын Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нэмэлт нислэгийг хаачихсан. Зөвшөөрлийг нь Солонгосын тал өгдөг болохоор давуу эрхээ эдэлж байгаа бололтой. Уг нь Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээр нэгэнт тохирчихсон юман дээр ч Солонгос түнш маань ийнхүү гацаачихлаа. Оросууд бензин шатахуунаар боож хаасаар Таван толгойн төсөлд оролцохоор болов. Тэд төмөр замын байгууламжийг манайд нэлээд ашигтайгаар шийдэж өгөхөөр амлаж байгаа. Мөн ураны орд ашиглах Дорнод уран, хамтарсан төмөр замын гэрээг шинэчлэх зэрэг Оросуудад барьцаалах зүйл зөндөө бий. Дахиад яаж шахаанд оруулахыг бүү мэд. Тэгтэл бас Япончуудаас гомдлын үгтэй захидал төрийн гурван өндөрлөгт иржээ. Монгол улс анх зах зээл рүү дөнгөж хөл тавьж байх жилүүдэд Японы Засгийн газар хамгийн их хандив тусламж өгч байв. Монголчууд картын бараандаа оочерлоод хэцүүхэн байсан цаг шүү дээ. Харин тэдний буцалтгүй тусламжийг чамгүй ихээр авч хүрчихээд сүүлд нь Таван толгой дээрээ мурьж орхив бололтой. Японы тусламж дэмжлэг одоо ч үргэлжилсээр байна. “Жайка” олон улсын байгууллага гэж бий. Сүүлийн арваад жилд манай олон сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж өгсөн. Ойрын хоёр гурван жилд нийслэлд дөрөв, таван шинэ сургуулийн барилга барих юм гэсэн. Энэ мэтээр тоочоод байвал барагдахгүй их жагсаалт гарна. Япончууд техник, технологи сайтай. Зах зээлийн зарчим нь хатуу бөгөөд хариуцлагатай. Ямартаа л манай зарим компаниудтай хамтарч ажиллах гээд Монголчуудын увайгүй, бүдүүлэг, хулгайч, худалч зангаас залхаж, сүүлдээ хөрөнгө оруулалтаа арга буюу татаж байхав. Ер нь соёлын асар их ялгаатай л даа. Ялгааг манай улс төрчид, бизнесийнхэн ихэнхдээ олж харж чаддаггүй нь гачлантай. Ямар ялгаа байгааг мэдэхийг хүсэхгүй ч байж болох юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн өвөл Японд айлчилж, эзэн хааны ордонд нь анх удаа хөл тавьсан. Япончууд хэр баргийн түншдээ ийм их хүндлэл үзүүлдэггүй. Японы эзэн хааны таалалд нийцэх нь өндөр шалгуур гэж ойлгож болно. Харин энэхүү айлчлалынхаа үеэр манай Ерөнхийлөгч Японы талд “Манай Таван толгой зэрэг стратегийн ордууд дээр та бүхэн хамтарч ажиллаж болно. Танай өндөр технологийг Монголд нэвтрүүлнэ” гэжээ. Аливаа төрийн тэргүүний үг бол том хариуцлага дагуулдаг. Монголын Засгийн газар төрийн тэргүүнийхээ гадаад бодлогын асуудлыг үл ойшоох эрх байхгүй. Гэвч Сү.Батболдын Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа стратегийн түнш япончуудаа Таван толгойн төсөлд оруулахгүй байхаар шийдвэрлэсэн гэнэ. Тиймээс Японы Элчин сайдын яамнаас дээрх “гомдлын бичиг” илгээсэн бололтой. Хэрвээ Япон түншээ ийнхүү үл тоосоор байвал Орос, Солонгосоос үзүүлсэн шахалтууд шиг юм ирж мэдэх юм шүү. Аягүй бол “Жайка” төслөө зогсооно гэвэл яах вэ. Мөн уул уурхай, үйлдвэрлэлийн технологио манайд өгөхгүйд хүрвэл монголчууд юугаа хийж, хуйхаа маажих бол оо. Дэлхий нийтээрээ өнөөдөр бие биетэйгээ хамтарч, айлсаж нөхөрлөн аж төрөх болсон шүү дээ. Мулгуу монголчууд шиг хар амиа хоохойлох гээд юугаа ч хийж чадахгүй амлайрч, арай ядан хөдөлвөл буруу эргэж, будлиад байдаг улс гэж  хаана ч байхгүй.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top