Байнгын хорооны дарга нарыг сонголоо

2023 оны 11 сарын 23

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.11.23) нэгдсэн хуралдаанаар зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн П.Анужинг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгохоор тогтжээ.

Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандар-Очир, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ  нар тус тус танилцуулав.

Байнгын хороод хуралдаанаараа Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 26 дугаар зүйлийн 26.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Ингээд дээрх санал, дүгнэлтүүдтэй холбогдуулан, Байнгын хорооны даргад нэр дэвшигчдээс нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй гэж үзсэн тул санал хураалт явууллаа.

Байнгын хороодын саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулахад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон 40 гишүүний 60 хувь нь, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн П.Анужинг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь, Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагийг улируулан сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь тус тус дэмжсэн юм.

Иймд Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төсөл батлагдаж, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар эцсийн найруулгыг нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top