Цэрэг армийн бодлого хэмээх “ҮЛГЭР зохиохоо больж, армиа шинэчилье!

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 11 сарын 24

Цэргийн зарлан ирэх нь идэр залуусын бахархал, ээж аавуудын баяр хөөр байсан цаг саяхан. “Эх орон дуудлаа, миний хүү албаа нэр төртэй сайн хаагаад ирээрэй” гээд үнсээд мордуулдаг. Хүүхэд зангаа гээж амжаагүй нялх танхил хүү нь бадриун чийрэг эр болж, төлөвшиж томоожоод, дээр нь мэргэжлийн үнэмлэхтэй болоод  цэргээс халагдаж ирдэг байсан үе бий. Хугацаат цэргийн алба гурван жил байхад ийм байлаа. Цаг хугацааны хувьд социализмын их бүтээн байгуулалтын  он жилүүд  байсан учир цэргийн алба хаагчид түүнд дайчлагдаж, өрлөгчин, гагнуурчин,жолооч, барилгын дотоод засалч, мужаанчин  гээд төрөл бүрийн мэргэжил эзэмшиж ирдэг. Тэр нь нэг, хоёр, гурав гэхчлэн зэрэг дэвтэй, халагдаад ирэхэд ажлын байр  бэлэн байхаас гадна амархан ч олддог байв. Тэгвэл хугацаат цэргийн алба хоёр жил болсноо удалгүй нэг жил болсноор “хүүхэд саатуулах газар биш дээ” гэх шүүмжлэл өрнөж байгаад тэгсхийгээд мартагдсан.

Сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн алба хаагч, цэргийн сургуульд сурч байсан сонсогч нас барсан, гэмтэж бэртсэн, удирдах албан тушаалтнууд нь дэглэснээс болж амь эрсэдсэн гэх мэдээллүүд нийгмийг түгшүүрт автуулж, эцэг эхчүүдийн элгийг эмтлэх болов. Шүүхээр орсон хэрэг бараг байхгүй. Харин өөрөө юм мөргөөд уначихсан, мориноос унасан, зэвсэгтэй буруу харьцсан гэх тайлбарууд хөвөрч, огт өөр оноштой өвчтөнг  СЭМҮТ-д  хүргэсэн гэх гомдол дуулдаж байна. Өндөр настай, харж хандах хүнгүй эмээгээ асардаг тул жилийн чөлөө гуйхад хүчээр цэрэгт татаж, алба хаах хугацаанд зодож гэмтээж, эрэмдэг зэрэмдэг болгосон гэх баримтууд “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлгийн үеэр дэлгэгдлээ. Өмнө нь ийм мэдээлэл гарахад Батлан хамгаалахын сайдыг огцруулаад өнгөрдөг байсан. Одоо бол олон нийт нөхцөл байдал энэ хэвээр байвал хүүхдүүдээ цэргийн албанд явуулахаас айж байгаагаа илэрхийлж байна. Мөн армиас шинэчлэл нэхэж, шаардаж эхэллээ. Дайн тулаангүй энхийн цагт эр цэргийн амь эрсэднэ гэдэг өөрөө итгэхэд бэрх, зүрх өвтгөм мэдээ.

Өнөөдөр зарим нь “Армиараа оролдож болохгүй” гэсэн бол “Хүүгээ цэрэгт явуулахгүй” хэмээн туйлширч байна. Дэлхийн геополитикийн асуудал хурцадсан, хэдийгээр манай орноос хол ч нэг л цэнхэр гараг дээр оршин буй учир шинэ дайн, цэргийн ажиллагаа гэх мэт үйл явдлууд болгоомжлох, сэрэмжлэх дохио өгч байгаа нь үнэн. Гэвч 1960, 70, 80-аад онд армид байсан дэглэлтийн “үр хөврөл” одоо ч цэргийн байгууллагад байсаар ард түмэн тэсэхээ байгаад тэсэрлээ.

Монголын цэрэг, армийнхан дотор эцэг эх нь, ах эгч нь цэргийн байгууллагад насаараа ажиллаж, хурандаа, генерал гэхчлэн том цол, эрх мэдэлд хүрсэн, өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн үр хүүхдүүд дөрөв, таван үеэрээ ажиллаж, амьдарч ирсэн. Батлан хамгаалахын их сургуульд оюутан элсүүлэхдээ хүний тоо харгалзахгүй, сургалтын төлбөр авч инээж оруулчихаад, гуравдугаар курст ороход нь “цэргийн ангид орох бол дахин шалгалт өг” гэж нугалаа завхрал гаргадаг явдал ч байсан. Авлигажсан, танил тал харсан  энэ мэт үйлдлүүд, дээрх сургуулийг төгслөө гэхэд ажлын байртай болох хүртэл “хурандаа нарын бизнес”, “генералуудын шахаа” гэж олон даваатай. Дээрээс нь энэ сургууль дотор ч оны ялгаа, дэглэлт, зодуур байсаар ирсэн. Гэмтэж бэртсэн, амиа алдсан сонсогч цөөнгүй. Офицер бэлтгэж байгаа  их сургууль нь  ийм байхад гаргасан  бүтээгдэхүүн, төгсгөсөн офицерууд цэргийн анги, нэгтгэлүүдэд очоод  хэрхэн ажиллах нь ойлгомжтой.

“Эр хүн ганц шанаа өнгөрүүлж сур”, зодуур даадаг байх хэрэгтэй, цэрэгт диктатур байх ёстой гэдэг явдал одоо үеэ элээжээ. Тэгэхдээ цэрэг, армигүйгээр улс орон тусгаар тогтнох учиргүй. Тиймээс  арми  шинэчлэгдэх ёстой. Шинэ үеийнхэнтэй бид  шинэлэг арга барилаар хандаж, харилцах учиртай. Тэд бол Z үеийнхэн. Биднээс өөр үе. Техник, технологи хөгжсөн, хүний эрх, эрх чөлөөг өндөрт тавьж буй ардчилсан Монгол Улсын иргэд. Манай улс Үндсэн хуульдаа  Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, сурч боловсрох эрхтэй гээд олон эрхийг хуульчилсан. Харин иргэнийхээ амьд явахыг эрхийг баталгаажуулах, сурч боловсрох эрхийг хангах үүргээ мартчихсан. Тэгэхээр цэргийн алба хаах үүрэгтэй атлаа амь нас нь баталгаагүй, цэргийн алба хаах ёстой болохоос сурч боловсрох албагүй мэт хуулийн зөрчил гарч байна.

Нөгөө талд монголчууд хөвгүүддээ анхаардаггүй. Тэдний боловсролд ч бага анхаардаг. Охиноо л сургуульд оруулъя, мэргэжилтэй болгоё. Охин өвдлөө эмнэлэгт үзүүлье, эмэгтэй юм, ирээдүйн эх хүн болох юм чинь  гэх атлаа хүү юм чинь хар бор ажил хийчихнэ биз яах вэ. Эсвэл эр юм байж өвдлөө, даарлаа, өлслөө гэхдээ яадаг юм бэ гэх мэтээр ханддаг. Одоо ч зарим нь ийм. Цэрэг татлагын дараахан “Одооний хүүхдүүд цэрэгт ирээд модон жорлонд бие засаж чадахгүй байна. Шөнө гэрэлгүй харанхуйд айгаад уйлж байна” гэсэн шүүмжлэл гэх үү, хошигнол гэх үү яриа гарсан. Үнэн бол хүүхдүүдээ багаас нь  амьдралд дадуулаагүй, дасан зохицох чадвар суулгаагүй эцэг эхчүүдийн буруу ч  бас байх.

Тэгэхээр шинэ үеийн арми мэдээж спортоор хичээллэх, бие бялдрыг хөгжүүлэх сургалт байх нь зүйн хэрэг ч мэргэжлийн боксын тамирчин, эсвэл гардан тулаанчдыг  бэлтгэж байгаа биш /XXI зууныхан дайтлаа гэхэд гардан тулаан хийхгүй техник, технологи, зэр зэвсгийн хөгжлөөр хүч үзэх биз/, зодуур, цохилт даадаг байж цэрэг болдог гэх буруу үзлээсээ салах ёстой. Дэлхийд өрсөлдөх марфон гүйлтийн тамирчдыг бэлтгэж байгаа биш “марш тактикийн тэмцээнд түрүүлж ирэхгүй бол ална” гэж дарамталж бахардаж унатал нь гүйлгэдэг байдалдаа дүгнэлт хийх шаардлагатай. Ер нь бол шинэ цагийн арми зөв төлөвшилтэй, хаана ч биеэ зөв аваад явчих чадвартай, эрүүл, эрдэм боловсролтой, ухаалаг, манлайлагч монгол залуусыг бэлтгэхэд  анхаарах ёстой. Түүнээс том төсөв мөнгө авчихаад дарга нар нь хувааж иддэг биш, алба хаагчдынхаа боловсролд зарцуулдаг байгаасай. Цэргээсээ  архины мөнгө нэхдэг офицертой байх бус, офицер ахлагч нарынхаа нийгмийн асуудлыг  бүрэн шийдээсэй. Хамгийн гол нь офицер, ахлагч нарынхаа ёс зүйн боловсролд, хүн байх ухаан, зөв төлөвшил, хүмүүжилд анхаарч байж арми шинэчлэгдэж, шинэ үеийнхэн жинхэнэ монгол цэрэг болж төлөвшинө. Эцэг эхчүүд айдасгүй болно. Армид ийм шинэчлэл үгүйлэгдэж  байна. “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” гэсэн эрэн сурвалжилсан нийтлэл Монголын хэвлэлд гарсанаас хойш 30 жил өнгөрчээ. Одоо цэрэг эрсийг дэглэсэн, амь насаар нь тоглосон алуурчдад дэг хэрэгтэй гэвэл улигласан, цааз нэхэгдэж байна гэвэл ухарсан хэрэг болох байх.

Гагцхүү бид цэрэг армийнхаа бодлогыг цоо шинэ түвшинд гаргах хэрэгтэй гэдгийг л жил болгон сануулж буй хэрэг. Гэтэл Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Төрийн цэргийн бодлогын үндэс зэрэг бодлого өнгөрсөн 30 жилд цаасан дээр хангалттай гаргасан. Үндсэн хуулиар Монгол Улс зэвсэгтэй хүчинтэй байна гээд маш тодорхой зарлачихсан байгаа. Мөн 1998 онд “Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс”-ийг анх баталж, 1994 онд Батлан хамгаалахын хуулиудыг шинэчилсэн. Бүр сүүлд 2010 онд “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг УИХ-аар шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Батлан хамгаалах багц хуулийг шинэчилсэн. Төрийн цэргийн бодлогын үндэс бодлогын баримт бичгийг Батлан хамгаалах бодлогын үндэс болгож өөрчилсөн. Харин энэ бүгд бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Цаасан дээр үлдэж, бид 30 гаруй жилийн өмнө байсан цэрэг армийнхаа нөхцөл байдалтай байсаар байна. Салбарын мэргэжилтнүүд ахмадуудтай уулзахаар “Нэг сайд ирээд бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй “үлгэр” зохиочихоод явдаг. Дараагийн сайд ирээд өнөөх “үлгэр”-ээ нэмчихээд явдаг. Дараагийнх нь сайд ирээд илүү гоё “үлгэр” зохиож өгөөд явдаг нь ийм байдалд хүргэж байгаа юм” хэмээсэн. Тэгэхээр бид цэрэг армийнхаа бодлогыг уг үндсээр нь өөрчлөх шаардлагатай. “Үлгэр” зохиохоо л больчих хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.182) 2023 оны 11 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(129.205.113.182) 2023 оны 11 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
зочин(103.212.119.154) 2023 оны 11 сарын 25

Одоо ерөнхйилөгч зориг гаргаад хөдлөөсэй. тэр тэнэг найзыгаа огцруулах хэрэгтэй. Өнөрөөгийн тэмцлийн АН ашиглах байлгүй. Шал дэмий юм

1  |  0
диктатур(202.9.40.107) 2023 оны 11 сарын 25

диктатур гээд буруу ярих юм, ер нь аль ч үед цэрэг бол захирах, захирагдах үүрэгтэй юм шүү дээ, хэдэн ахлагч нар чааваас 700 мянгын цалинтай гэсэн, гэр бүлтэй залуус шүү дээ, ахлагч нарыг болдог бол оросын сибирийн цэргийн хүрээд шинэ дайны бэлтгэл тактикт тэтгэмжтэй суралцуулах юм сан, одоогийн сэтгэл зүйгээр бол израил цэрэгүүд шиг эмнэлэг бөмбөгдөх байхаа

1  |  1
Top