Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын дарга М.Молорчимэгээс малын вакцинжуулалт, цагдаагийн байгууллагатай хамтарсан мал, мах арга хэмжээний талаар тодрууллаа.
-Малын хулгайгаас сэргийлэх аянд мал эмнэлгийн газар хэрхэн хамтарч байна вэ?
-Бид аймгийн цадаагийн газартай хамтран малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мал, мах гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мал эмнэлгийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас бидэнд чиглэл өгсөн. Энэ дагуу бүх сумдын мал эмнэлгийн албад, тасгуудад хэрхэн ажиллах талаар мэдээлэл, зөвлөмж өгсөн. Хамгийн гол асуудал бол малын эмч нар тухайн малын цахим гэрчилгээг нүдээр үзэж бичих шаардлага тавьж байна. Ингэж байж малын гарал үүслийн гэрчилгээг өгнө. Хариуцсан малын эмч нар баталгаажуулах чиглэл өгч байна. Иргэдэд энэ талаарх мэдээллийг цахим хуудсаараа болон орон нутгийн телевиз, сумдын мал эмнэлгийн салбар нэгжүүдээр дамжуулан хүргэж байна. Сая хэд хоног малын эмч нар шүлхийн вакцинжуулалтад явж, сүлжээгүй газар ажиллах үе таарсан тул мэдээлэл хүргэхэд хүндрэлтэй, саатсан тал бий.
-Мал эмнэлгийн газрын төсөв зорилтот ажил, арга хэмжээ явуулахад хүрдэг үү?
-Аймгийн мал эмнэлгийн газар 2019 оноос агентлаг болсонтой холбоотой малын урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалтын ажилд явахад шатахуунаа өөрсдөө гаргах, төсөв зардлаа тооцож гаргахад амар болсон. Үүний хүчинд манай хамт олон өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 2004 оноос хойш хадгалагдаж байсан химийн хортой бодисыг аймгийнхаа Онцгой комиссоор 123 сая төгрөг шийдүүлэн мэргэжлийн компанид хандан устгалд оруулсан.
Дээр нь 1963 оноос хойш буюу аймгийн химийн лаборатори бий болсноор хуримлагдсан маш их хог хаягдал бугшиж байсныг цэвэрлэж, тухайн газрын хөрсийг ариутгаж эрүүлжүүлсэн. Энэ бол хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, химийн болон биологийн аюулгүй байдлыг хангах чиглэлд маш том арга хэмжээ боллоо. Энэ ажлыг аймаг, орон нутгийн удирдлагууд сайн дэмжсэн. Одоо бид төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байна. Үүний дүнд өнгөрсөн онд дөрвөн гоц халдварт өвчин гараад байсан бол энэ жил хоёр гоц халдварт өвчин гарч, өнөөдрийн байдлаар шүлхий өвчин гараагүй тайван байдалд байна. Ерөнхийдөө мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх бүх тарилгууд технологийн дагуу хийгдээд дуусаж байна.
-Хэчнээн толгой мал вакцинжуулалтад хамрагдсан бэ?
-Өнөөдрийн байдлаар урьдчилан сэргийлэх орон нутгийн есөн нэр төрлийн вакцинд 1.1 сая мал хамрагдсан. Дээр нь 384 мянган үхрийг хаврын вакцинд хамруулсан. Намрын вакцинд давхардсан тоогоор 600 гаруй үхрийг хамруулсан. Бруцеллёз өвчний вакциныг охин малд бүгдэд нь хийлээ. Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийгээд явж байна. Одоогоор мал эмнэлгийн ажил үйлчилгээний жилийн эцсийн тайлан мэдээгээ нэгтгэн энэ сарын 30-ны байдлаар ерөнхий газар руу явуулахаар бэлтгэж байна.
-Энэ жил танай аймагт хэчнээн тоо толгой мал өвөлжих вэ?
-Малын тоог хөдөө аж ахуйн газар гаргадаг. Өнгөрсөн жил манай аймаг 3.8 сая толгой мал тоолуулсан. Энэ жил 4.2 сая мал өвөлжих болов уу гэсэн урьдчилсан дүнтэй байна. Гэхдээ өнгөрсөн хаврын аюулт үзэгдэл, саяын байгалийн гамшгаас үүдэн мал нэлээд эндсэн. Өвөл хатуу байж магадгүй гээд малчид малаа нядалж, хүнсэнд өгч байна. Нэг айл гэхэд 2.2 мянган богоос мянгыг нь нядалж хүнсэнд өгч байна гэдгийг вакцинд явж байгаа эмч нар мэдээлж байна. Тэгэхээр энэ жил мал нэг их өсөхгүй байх. Уг нь жилдээ 500-600 мянган тоо толгойгоор нэмэгддэг.
-Сүхбаатар аймаг малын гоц халдварт өвчлөл их гардаг голомттой нутаг. Үүнийг хэрхэн шийдэж байна?
-Малын гоц халдарт өвчнөөр эрсдэлтэй бүсэд ордог. 2001 оноос хойш жил дараалан ийм байдалтай явж ирсэн. Иймд манай эмч нар малын ариутгал халдваргүйтлийн функттэй болох хүсэлт тавьж ирсэн. 2018 онд ХААХҮЯ үүнийг дэмжиж нэг тэрбум төгрөгийн функт бариулсан. Байр нь 2022 онд ашиглалтад орсон, доторх тоног төхөөрөмжийг тойргоос сонгогдсон Ж.Батсуурь гишүүн хөөцөлдөж 2024 оны төсөвт суулгаад байна. Энэ жил манай аймагт дэлхийн стандарт нэвтрүүлсэн махны үйлдвэр ашиглалтад орж байна, дээр нь энэ үйлдвэрээс гарч байгаа мал, мах олон улсад гарахад манай ариутгал халдваргүйтлийн функт ашиглалтад орсноор бид малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дээр нь эрүүл тайван бүс нутгаа хамгаалах боломжтой болж байна.
2024 онд тоног төхөөрмж суурилагдаж, 2025 оноос үйл ажиллагаа эхлэх гэж байгаа. Дээр нь аймгийн удирдлагууд мал эмнэлгийг дэмжиж, 68 сая төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж авсан. Тэгэхээр манай аймаг малын гоц халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болж байна.
Ч.ОЛДОХ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )