"Нүүрсний сонсгол"-ыг ХОЁР ҮЕ ШАТТАЙ зохион байгуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 27

Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулахаар болжээ. Эхний шатны сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-ны хооронд зохион байгуулна. Ингэхдээ дөрвөн асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Тухайлбал, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; “Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа; 2011-2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж, сонсголын эхний шатанд танилцах аж.

Хоёр дахь шатны сонсголоор арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд төлөвлөжээ. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд; “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ; Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг зургаан асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судалж, нээлттэй сонсгол үргэлжлэх талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top