Энгэр мянгатын хийдийн номын санг балгас болгочихгүй юмсан, Соёлын сайд аа!

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 11 сарын 30

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд Егүзэр хутагтын үүсгэн байгуулсан Өнө өглөгт хийдийн зүүн талд лам нарын номын өргөө байсан гэх эх биеийг хөх тоосгоор босгосон шавар байшин эвдэрхий балгас болоход  тун ойртжээ. Хэн ч харсан хийц маягаас авахуулаад эртнийх, хийдийн  өмч хөрөнгө байсан нь харагдах ч хувь хүний эзэмшил болж, дотор нь айл амьдарч, эд бараа хадгалж, эцэст нь эвдэрч нурж эхэлжээ.

“Биднийг хүүхэд байхад гар дээр үү, үлд, яр шарх гарахаар настайчууд тийшээ гүйгээд хөх тоосгоны буланд үрчих гэдэг сэн. Нээрээ гүйж очоод тэрхүү шавар байшингийн буланд цухуйж буй хөх тоосгонд үрчихээр тэгсхийгээд алга болчихдог. Ямар ч эм тангаас илүү илбэ шидтэй санагддаг” хэмээн нутгийн иргэд хуучлах аж. Үүнээс болж  хол ойрын хүмүүс байшингийн тоосгыг  сугалж авах  болсон уу, олон жилийн нар, хур, салхинд идэгдсэн үү, ямартай ч ар талаасаа эхлэн нурж эхэлжээ. Одоо л санаа тавьж, эзэмшлийнх нь асуудлыг эргэн харж, хамгаалалтад  авч сэргээн засварлахгүй бол соёлын биет өв бидний нүдэн дээр устаж үгүй болоход ойрхон байна.

Дээрх байшин бол хийдийн ном судрууд хадгалдаг номын сан байж. Ном, соёлоо дээдлэхгүй улс мөхөл рүүгээ замаа засдаг жамтай. 1990-ээд онд хөдөө орон нутаг дахь сүм хийдүүд нурж, ном судрууд хэрхэн устаж буй талаар цогт эх оронч О.Дашбалбар агсан “Номон дээр гишгэсэн алдас” хэмээх нийтлэл бичиж байв. Иймд Соёлын сайд Ч.Номин, дөнгөж саяхан Гандантэгчинлэн хийдийн тэргүүн болсон Д.Жавзандорж хамба, түүнчлэн V Егүзэр хутагт нар анхааралдаа авна гэж найдна. Нутгийн удирдлагууд, иргэд, энэ нутгаас төрөн гарсан номын мэргэд, Соёлын гавьяат зүтгэлтнүүд сэтгэл талбиж зүтгэлээ өргөж, сумынхаа 100 жилийн ойн хүрээнд номын өргөөг сэргээн засварлаж, хийдийн музей ч болтугай болгоосой. Ийм л ажлыг хийхгүй бол 100 жилийн ой утга төгөлдөр болохгүй гэдгийг ойлгоосой.

Егүзэрийн хийдийн түүхийг сөхвөл 1780 онд Сэцэн хан аймгийн тайж Ренчиндоржийн хошуунд Манжийн хааны зарлигаар анх байгуулагдсан. Тэр нь одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Чоно голын хойд дэнж бөгөөд Цагаан-Овоо, Хуран, Алтан-Овоо, Чандмань зэрэг тахилгат дөрвөн уулын дунд байрлажээ. Тухайн үед оточ нарын мамба, философийн чойр, харь зүгийн жүдэв, лүүжин тавигчдын хажид, цагийн хүрдний онол зурхайн дүйнхор гэсэн дацангуудаас гадна цогчин дуган, сэрүүн лаврин, баруун зүүн сэрдэн, суварга, зуугийн сүм зэргийг байгуулсан байна. Анхны Егүзэр лам нь Лувсанбалдан хэмээх хүн байсан. Егүзэрийн хийд нь Оросын II Екатрина хааны тосгоны бүтэц бүхий загвараар баригдсан бөгөөд орд маягийн 20 гаруй байшинтай, хятад, япон, түвд, монгол загварын барилгуудтай.Өдөр бүр байнга хурал ном хурж, бүрээ бишгүүр, хэнгэрэг цангийн дуу нижигнэсэн, маш хөл хөдөлгөөнтэй хийд байсан.

Егүзэрийн хийд урд нь Халхын сэцэн хан аймгийн “Өнө өглөгт” буюу “Энгэр мянгат” хийд хэмээн нэрлэгддэг байгаад  1900 оны эхээр тус хийдийн тэргүүн нь Егүзэр хутагт Ж.Галсандаш болсон. Тэрээр 1929 он хүртэл хийдэд эзэн сууж 30 насандаа Халхын 13 тамгатай хутагтын нэг болж, зүүн нутгийн ард түмний төлөө маш их зүйлийг хийж бүтээсэн байдаг. 1927 он гэхэд 1325 лам хуврагтай байсан. 1923 онд Егүзэрийн хийд дээр Монгол ардын намын үүр байгуулах хурал болсон. Түүний дараагаар Егүзэрийн хийд дээр 1923 онд Гаалийн хороо, 1924 онд цэргийн 19 дүгээр хороо, Эвлэлийн 26 дугаар үүр, Харилцан туслалцах 25 дугаар хоршоо, 1925 онд Бага сургууль, 1926 онд банкны 66 дугаар салбар, 1928 онд Үйлдвэрчний эвлэлийн түр хороог тус тус байгуулж байсан түүхтэй ажээ.

Тэгэхээр дээрх байшин хийдийн түүхэнд чухам хэдий үед хамаарах вэ. Эрт цгт байгуулагдсан Энгэр мянгатын хийд гэж байх үеийнх үү. Хожим 1900-гаад оны эхээр Егүзэр хутагт Ж.Гадсандаш  нутгийн иргэдээр хөх тоосго цохиулж сүм хийдийг сэргээн засварлаж, шинэчилж байснаас үлдсэн үү гэдгийг шинжлэн судлах шаардлага бас байгааг хойчийн залуус, судлаачдад бас дуулгая.

Номын мэргэд олноороо төрөн гарсан, ирэх онд 100 жилийн ойгоо хийх гэж буй  Эрдэнэцагаан нутаг, Егүзэрийн өндөр довон дээр ном, соёлын өргөө  устаж үгүй болох ёсгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top