Технологийн дэвшил таныг аль ч цаг хугацаагаар аялуулах боломжтойг AI буюу хиймэл оюун ухааны хийж чадах бүхнээс харж болно. Өнгөрсөнд олдоогүй боломжийг өнөөдөр бэлэглэж байгаа мэт хайртай хүмүүсийн тань хамт гэрэл зурганд мөнхлөхөөс эхлээд харь орны аль ч хэлээр хэнийг ч яриулж чадахаа саяхан Ерөнхийлөгчийн хятадаар ярьсан бичлэгээр харуулаад амжсан.
Үнэндээ AI Voice-cloning буюу Хиймэл оюун ухаанаар дуу хоолой, амны хайрцаг, нүүрний хувирлыг ч дууриах программ нь бусад орнуудад ихэвчлэн улс төрчдийг “онилдог” болоод удаж байна. Өчигдөр гэхэд л твиттер орчинд УИХ-ын дарга Г.Занданшатарыг хиймэл оюун ухаан ашиглан испани хэлээр яриулсан бичлэг тархжээ.
Сошиал медиа хяналтаас хэдийнэ гарсан өнөө үед ингэж бүтсэн хуурамч дүрст мэдээнүүд олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх хор хөнөөлтэйг дижитал криминалистууд хэлдэг. Бүр таны өөдөөс харж байгаад харилцан ярилцдаг хиймэл оюун ухаан ч бий.
Компьютерийн цаанаас хэдхэн товч товшоод л хэнийг ч юуг ч яриулж мэдэх энэхүү хуурамч мэдээний технологи нь цаашид сошиал хэрэглэгчид, олон нийтээс илүү хэрсүү, сэрэмжтэй байхыг шаардах бололтой. Цахим орчинд “тролл”-уудаа дийлдэггүй бидний ард түмэн сошиал мэдээг соргогоор ялгаж сурах л үлдлээ дээ, сонгууль дөхсөнийг ч хэлэх үү.
Сэтгэгдэл ( 0 )