С.Мөнхбаатар: Мастеруудын зурахыг нүдээр харна гэдэг хэдэн жилийн сургалттай тэнцэх зүйл

2023 оны 12 сарын 07

Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач, Олон Улсын Усан Будгийн Мастеруудын Холбооны гишүүн, Усан будгийн мастер зураач Сүрэнцэцэгийн  Мөнхбаатарын "Өглөөний зочин"-оор урьсан юм. Тэрбээр Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Дизайны тэнхимийн ахлах багшаар ажилладаг бөгөөд МУБИС-ийн төгсөгч. “Арван жилийн сургуульд байхад минь Зургийн дугуйлангийн Дондовдорж багш маань намайг сайн чиглүүлж өгсний ачаар би өдий зэрэгтэй явж байна” хэмээн даруухан өгүүлэх тэрбээр Олон Улсын Усан Будгийн Мастеруудын Холбооны гишүүн хэмээх хүндэтгэлтэй алдрыг хүртэж, шалгуур өндөртэй давааг нь давж чадсан анхны монгол зураач билээ.


-Монголд ер нь усан будгийн зураачдыг дагнан бэлтгэдэг багш хэр олон байдаг вэ? Эсвэл график тал руу нь илүү бэлддэг юм болов уу?

-Багшийн дээд сургууль бол суурь нь тэр чигээрээ Ардын зураач Г.Одон, О.Цэвэгжав гуай нарын школоор усан будгийн зургийг дагнан заадаг уламжлалтай явж ирсэн. Одоо усан будгийн зургаар овоо гайгүй явж байгаа хүмүүс ер нь л Багшийн дээдийг төгссөн байдаг. Тийм учраас суурьтай. Дүрслэх урлагийн сургуульд болохоор усан будаг руу тэр бүр ордоггүй.

Одооноос л чөлөөтэй материалаар ажиллуулаад байх шиг байгаа юм. Багшийн дээд сургуульд яагаад усан будгаар ажиллуулдаг вэ гэхээр, уг сургуулийн хувьд багш бэлтгэх л гол зорилго нь болохоос зураач биш. Тийм учраас заах арга барилд болоод ер нь хүүхдүүдэд хамгийн олдоцтой материал нь усан будаг гэж ойлгодог. Усан будгаар хэлд орно гэдэг шиг л усан будгаар зурж үзээгүй хүүхэд гэж байхгүй. Тэгээд л хүмүүс арван жилийн сургуулийн гэх тэр түвшинд нь хүлээгээд авчихсан, бүүр гарын доорх материал гээд ойлгочихсон байдаг юм билээ.

-Гэтэл усан будаг гэдэг бол...?

-Уул нь усан будаг бол хамгийн нандин, дээд зэргийн тансаг эд шүү дээ. Би сүүлийн хэдэн жил энэ чиглэл рүүгээ ажиллаад, ганц хоёр юм судлаад харж байхад их тийм нандин тансаг юмыг л усан будгаар хийдэг байсан байна. Азид бол Хятад, Европт бол Англи, Герман гээд бүр Рояль академи хүртэл байгуулагдаж байж. Хятадад бүүр өндөр түвшинд хөгжчихсөн, одоо бараг л усан будгийн үүсэл тэндээс эхтэй гэж үзэх гээд байна. Гэхдээ тэдний усан будаг нь бид нарын хэрэглэж байгаа усан будгаас арай өөр, бэхэн зургаас эхлэлтэй. Гэтэл бид нарын хэрэглэдэг акварель чинь пигмент, тунгалаг шинжээсээ шалтгаалаад янз бүр байна л даа.

-Манайд ч бас шороон будаг, гуашь гээд усаар найруулдаг будгаар хийсэн бүтээлүүд, ялангуяа XIX-XX зууны үеийн зураачдын зургууд их байдаг шүү дээ?

-Шороон будгийг одоо усан будгийн нэг төрөл гэж үзэж байгаа. Усаар найруулж л байвал усан будаг гэж үзэх магадлалтай. Гэхдээ дотор нь орж байгаа пигмент, будгийн гэрэлтэх чадвараасаа хамаараад яг акварель усан будаг гэх үү, аль эсвэл шороон будаг гээд нэрлэчихээд байгаа тэр ангиллаараа явах уу гэсэн эргэлзээ байдаг. Ер нь чернилийг хүртэл бараг л усан будаг гэж үзэх гээд байгаа юм. Усаар найрдаг учраас гуашийг усан будаг гэж хүлээн зөвшөөрч, олон улсын биеннальд гуашиар хийсэн бүтээлүүдийг хүлээж авдаг болсон. Бас акрилик хүртэл усан суурьтай учир усан будаг гэж үзэх гээд байгаа гэхчилэн яг акварель гэж салгаж болохгүй л болчихоод байгаа юм.

-Акрилик чинь хатахаараа тосон зураг шиг л харагдаад байдаг шүү дээ?

-Тийм учраас яг усан будгийн өөрийнх нь шинж чанар дээр тулгуурлаж л тэрийг тодорхойлох болж байгаа юм. Усан будаг бол тунгалаг шинжтэй, гэрэлтэх чадвартай. Усан будгийн зураг бол ерөөсөө усаар зурж, усны тэр гоё тунгалаг гэрэлтэх чадварыг нь гаргасан зураг байдаг.

-Таны сүүлийн үеийн бүтээлүүдийг харахад хөрөг зураг их давамгай юм билээ?

-Хөрөг, байгалийн судалбар, хотын байгаль зурдаг байсан. Сүүлийн үед хөрөг рүү нэлээн давамгайлж гүнзгий ороод байгаа. Анх бол хотын байгаль их зурж байлаа. Хотын амьдралыг, тэр дундаа энгийн амьдралын агшныг бүтээлдээ буулгахыг илүүд үздэг байсан. Ер нь бүр анхнаасаа, оюутан байхын л хөрөгт дуртай байсан. Багш нар бас их нөлөөлдөг юм шиг байгаа юм. Багш ямар гоё юм хийж байна, хүүхэд тэрийг л дуурайдаг.

-Зураач нар тэр багшийн урланд сурсан гээд л ярьдаг шүү дээ. Танай урлангийн багш хэн байв?

-Тэр багшийн урлан гэдэг чинь академик сургалт л даа. Багшийн дээдэд урлан энэ тэр гэж байхгүй. Зүгээр л бүх багш нар нь бидэнд хичээл орж байгаа шүү дээ.

-Урлагийн сургууль шиг биш, дээд боловсрол олгодог ердийн сургуулийн зарчмаар л явчихдаг юм уу? Тэгэхээр уран бүтээл хийх урам зориг, хүсэл тэмүүллийг хэрхэн яаж олж авч байв?

-Тийм ээ, бүх багш нараар л заалгаж байлаа. Таны хэлсэн шиг тэгж гоё өдөөгдөж өгсөн гэх юм бол Д.Булгантуяа багш байдаг юм. Д.Булгантуяа багшийн ажлууд өөрөө их гоё усархаг чанартай л даа. Маш гоё тийм хүчтэй өнгөтэй, тунгалаг өнгөтэй зурдаг. Үнэхээр гайхамшигтай. Багшийн ажлуудад их татагдаад, зургийг нь дуурайж зурдаг байлаа. Багш бас хөрөг их зурна, натур зурна. Багшийн нөлөө үнэхээр их байсан.

-Усан будгаар зурахад танд яг юу мэдрэгддэг вэ? Тэр гоё тунгалаг чанарыг мэдэрч, удирдаж, тэгээд түүнийг зураад сууж байхад…

-Их сонин шүү дээ, нэг тийм ид шидийн юм шиг… Цаасан дээр усан будаг нүүгээд, яг тэр миний хүссэн газар очиж тогтож, яг миний хүссэн тоноор /өнгө/ хатаж, яг миний хүссэн формыг гаргаж ус ингээд өөрөө тогтоно гэдэг бол үнэхээрийн гайхамшиг. Нэг тийм ид шидийн юм шиг. Усан будгийн техник маш олон төрөл байна л даа. Нойтон техник бол үнэхээр тийм гайхалтай, ид шидийн юм шиг санагддаг.

-Будгийг шүршээд янз бүрийн эффект гаргаж байгааг хараад ямар гоё юм бэ гээд гайхдаг шиг л үү?

-Яг тийм. Гэхдээ түүгээрээ бодит зургийг илэрхийлнэ гэдэг бол үнэхээр хүнийг өөрийг нь татах тийм увдис байна. Яагаад гэхээр ус чинь өөрөө амьдлаг зүйл. Усгүйгээр хүн амьдарч чадахгүй гээд бодоод байвал бас их сонин. Би ингээд зураг үзэж байгаа хүмүүсийг ажиглаж байхад, гоё усан будгаар нойтон тунгалаг хийсэн ажлыг хүн бол тосон ажлаас илүү л хараад байх шиг санагддаг.

-Усан будгийн зураг үнэхээр тансаг л даа…

-Тунгалаг ажлууд бол бүр гоё. Тэгээд ус шүү дээ гээд бодохоор, хүн тэрийг чинь бүр “Юу вэ, усан будаг юм уу?” гээд л гайхдаг юм. Үнэхээр гайхамшигтай. Тос бол арилгана, дарна эсвэл бүр давхарлаад шал өөр зураг болгочихож болно. Усыг бол хэзээ ч тэгж болохгүй. Ахиж давтагдахгүй, ахиж засвар хийх боломжгүй. Тэгэхээр маш нарийн тооцоо төлөвлөгөөн дээр л ажил явагдана гэсэн үг.

-Зургийнхаа сэдвийг юунаас санаа авч зурдаг вэ? Жишээ нь, хөрөг зурлаа гэхэд…

-Би бол нэг тийм энгийн л юманд дуртай. Гудамжинд ажил хийж байгаа хүмүүс, ТҮК-ийн ажилчид гэдэг юм уу. Аль эсвэл бүр хөдөөний гоё фактуртай, өөрийнх нь нэг тийм энгийн хэрнээ характертай дүр бүхий тийм хүмүүсийг олж зурах дуртай. Эсвэл энгийн хөөрхөн бор охид ч юм уу, энгийн хүмүүсийн хөргийг зурах илүү дуртай л даа. Энгийн зураг зурахаар хүмүүст шууд хүрдэг юм. Яагаад гэвэл тэд өөрсдөө тэр энгийн хүмүүсийн дунд амьдардаг учраас тэр байх. Амьдрал дээр байхгүй юмыг зурахад хүн яахав сонирхох л байх. Гэхдээ хүн ер нь энгийн юманд илүү их татагддаг гэж боддог шүү.

-Эхлээд судалбар зурдаг уу?

-Эхлээд хар зураг гаргана. Тэгээд фото бас авна. Авахаас өөр арга байхгүй. Урьд нь бол харж байгаад зурдаг байлаа. Одоо бол хүссэн хүсээгүй дэлхий нийтээрээ тийм болсон. Фото дээр тулгуурлаад компьютер графикийн ажлууд ч маш их болж байна. Хятадын том том усан будгийн мастерууд бол ерөөсөө дан том фото аппараттай явж байдаг. Бүр мэргэжлийн аппаратууд. Хүний нүд харж суугаад зурах зураг байдаг ч харж амжихгүй зүйлээ зайлшгүй л буулгаж таарч байгаа юм.

-“Бүргэдийн шивнээн” гээд их гоё зураг байна лээ?

-Бүргэдийн баяраар л хөгшчүүдийн фото зургийг авч байснаасаа сэдэвлэж зурсан зураг. 2018 онд. Сая мастеруудын үзэсгэлэнд бас л бүргэдээрээ оролцож шагнал авч байна шүү дээ.

-Бүргэдийг сэдвээ болгосон гэсэн үг үү?

-Жишээ нь, Хятадад гэхэд л хэдэн сая зураач байна. Тэндээс яаж гарч ирэх вэ гэхээр, ерөөсөө л өөрийн гэсэн сэдэвтэй, өөрийн гэсэн арга барил, техниктэй нь л гарч ирнэ. Тэгэхээр шалгаруулахад хамгийн эхлээд л сэдвийг сонгодог юм байна л даа. Би бол анх санамсаргүй казах өвгөн зураад Ираны онлайн биеннальд ороод, зурагтаа “Бүргэд” гэж нэр өгөөд түрүүлчихсэн. Дараа нь бас өөр биенналиудад орсон юм. Хотын байгаль энэ тэр зураад явуулсан чинь ерөөсөө сонгогдоогүй. Тэгээд бас нэг биеннальд бүргэдээ тэвэрсэн зураг явуулсан. Үүн дээрээс бодоход сэдэв байх ёстой юм билээ.

-Уран зураг ирээдүйд яах бол? Бийрээр зурсан хэвээр байх болов уу, аль эсвэл график тал руугаа бүрмөсөн орох болов уу?

-Миний өөртөө баримталдаг чиг шугамаар бол, бийрээр зурсан натур ийм амьдлаг шинжийг агуулсан зураг, уран бүтээлүүд хэзээ ч хоцрогдохгүй. Ялангуяа сонгодог урлаг хэзээ ч орхигдохгүй. Орхигдлоо ч гэсэн буцаж гарч ирэх нь бол тодорхой гэж үздэг. Яахав, энэ орчин үеийн янз бүрийн материал, технологи ашиглаж байгаа урлаг бол нийгмээ дагаад байх ёстой зүйл л дээ. Залуучуудын үзэж харж байгаа бүхэн болоод сэтгэлгээ нь өөр байгаа учраас зайлшгүй байна. Гэхдээ яг л тэр унаган мөн чанар, амьдлаг, сүнслэг юм бол хэзээ ч орхигдохгүй л гэж боддог.

-Байгалийн зураг зурахад юу нь хамгийн их сэтгэл хөдөлгөж, зурах сэдлийг өгдөг вэ?

-Ерөөсөө л байгалийн араншин. Байгалийн өөрийнх нь араншин гайхалтай шүү дээ. Байгальд очиход өөрийн эрхгүй “Ямар гоё юм бэ” гээд уулга алддаг даа. Яг тиймэрхүү мэдрэмжийг авна, тэрийгээ л буулгахыг хүснэ, буух нь өөрөө бүр илүү гоё мэдрэмж өгдөг. Яг л тэр цаг хугацаа, тэр үед нь л зурах байсан тэр мэдрэмж. Байгаль дээр зурах бол тэс өөр амьдлаг чанартай байдаг. Гэрт ирээд зурахад бас ялгаатай. Байгаль дээр зурсан зургуудаа нэлээд хэсэг хугацааны дараа гаргаад харахад мөн чанар нь байж л байдаг юм. Яг тэр үе буучихсан байна шүү дээ гэмээр… Гэтэл фото зургаас харсан зураг гоё ч гэсэн нэг тийм амьд шинж байхгүй.

-Гадаад орнуудад очоод усан будгийн зураачдын бүтээлүүдийг харж байхад ямар ялгаа ажиглагдаж байсан бол? Эсвэл усан будгийн зургууд гэхээр л бүгд төстэй байх уу?

-Үгүй, өөр. Европынх бол илүү орчин үеийн маягтай, илүү чөлөөтэй, нэг тийм гоё задгай. Азиуд болохоор маш нямбай гүй­цэт­гэлтэй, төгс юм хийсэн байдаг.

-Уран бүтээлд нь онцгой нөлөө үзүүлсэн гадны ямар зураач байдаг вэ?

-Гадны зураач гэвэл Алверо Кастогнет (Alvero Castagnet) гээд хотын байгаль зурдаг зураач, мөн Жозеф Исбүквик (Joseph Zbukvic) гээд Австралийн зураач байсан. Одоо бол тийм нэг нарийн зураг, ази тал руу нь илүү сонирхоод байна. Яг одоо Лю И (Liu Yi), Рик Хуанг (Rick Huang) гээд хятад зураачдын тэр нарийн гүйцэтгэлтэй хийж байгаа арга барилууд л миний тархийг гашилгаж байна. Биеннальд явж байхдаа тэд нарын зурж байхыг нь нүдээрээ харсан юм. Нүдээрээ харна гэдэг чинь ерөөсөө хэдэн жилийн сургалттай тэнцэх зүйл. Тэр мастеруудын зурж байгааг нүдээрээ харсны дараа бол хэдэн жилийн сургалтад суусан юм шиг л түвшин ахиж байгаа юм.

-Усан будгийн зураг сонирхон зурж байгаа залуус манайд хэр олон байна вэ?

Одоо харин хүүхдүүд нэлээн хийдэг болсон байна. Усан будаг бол зүгээр нэг юм биш гэдгийг бас харьцангуй ойлгосон нь харагдаж байгаа. Тэгж ойлгоно гэдэг чинь л нэг алхам урагшилж байгаагийн шинж. Ядаж л усан будгаа хайрлаад эхэлнэ гэдэг бол маш том дэвшил юм даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top